
Саяхан УИХ Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсантай холбоотойгоор Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбаттай Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, санхүүгийн салбарын орчин, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
УИХ-ын хаврын чуулган хаагдахын өмнөхөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг амжиж баталсан. Уг хууль өргөн баригдаад маш хурдан буюу ердөө сарын дотор батлагдлаа. Хуулийн ач холбогдол болон үр нөлөөг хэрхэн харж байна?
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, санхүүгийн салбарын оролцогчдын хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ хууль батлагдсанаар эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх эрх чөлөөг баталгаажуулах, бизнесийн орчныг илүү таатай болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалт болж байна.
Ялангуяа төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийг тэлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодитой нөлөө үзүүлнэ гэж харж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний хууль батлагдсантай холбогдуулан санхүүгийн салбарт ямар өөрчлөлт гарах хүлээлттэй байгаа вэ?
Санхүүгийн салбарт хэд хэдэн чухал өөрчлөлт гарах төлөвтэй байгаа. Тухайлбал, үнэт цаас борлуулсны ашгаас авах татварын таатай зохицуулалтыг 2040 он хүртэл сунгаад буй. Мөн өмнө нь зөвхөн банкнуудад үйлчилж байсан гадаад эх үүсвэрээс авсан хүүгийн төлбөрт ногдох 5%-ийн суутган төлөгчийн татварын зохицуулалт бусад санхүүгийн байгууллагуудад мөн ижил 5% үйлчлэхээр боллоо. Өмнө нь банкнаас бусад салбар 20% байсан нь шударга биш байсан гэхэд болно.
Энэ 2 зохицуулалтын гол ач холбогдол нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээл цаашлаад санхүүгийн зах зээлд татах, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад дотоодын эдийн засгийг тэлэх томоохон хөшүүрэг болно гэж үзэж байна.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны зүгээс зохицуулалтын орчин өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ямар чиглэлд, юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
Манай холбоо 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Бид мэргэжлийн түвшинд, мэргэжлийн холбоодын жишиг болсон үйл ажиллагаа явуулахыг зорьж ажилладаг.
2013 оноос хойш төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээл дээр тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хүний нөөцөд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх, сертификат олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн 2021 оноос хойш биржийн бус зах зээлийг хөгжүүлж байна.
Биржийн бус зах зээл эхэлсэн цагаасаа хойш нийт ₮9 их наядын дүн бүхий үнэт цаас бүртгээд буй. Одоогийн байдлаар зах зээл маань тогтвортой өсөж буй.
Зохицуулалтын орчин өөрчлөгдөж байгаа энэ үед манай холбоо гишүүн байгууллагуудын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх, шинэ зохицуулалтыг зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулах, мөн мэргэжлийн оролцогчдын бэлтгэл, хариуцлага, дотоод чадавхыг сайжруулахад анхаарч ажиллана.
Товчоор хэлбэл, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй байлгаж болдог, мэргэжлийн түвшинд хувийн хэвшил ажиллаж чаддаг гэдгийг харуулж буй сайн жишээ гэж бодож байна.
Мэргэжлийн холбооны хувьд зах зээлд оруулж буй хувь нэмэр, хувийн хэвшлийг хамгаалах, төр болон хувийн хэвшлийн хооронд гүүр болж ажиллах үүрэг ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?
Манай холбооны үйл ажиллагаа бол төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны маш сайн жишээнүүдийн нэг гэж бодож байна. Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт татварын таатай нөхцөлүүдийг оруулж чадсан нь үүний нэг илрэл юм.
Бид зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, бодлого боловсруулагч Сангийн яам болон бусад оролцогч талуудтай нэг ойлголцолд хүрч, дотоод зах зээлд хөрөнгө оруулагч нар урт хугацаанд шийдвэр гаргах хөшүүргийг бий болголоо. Энэ өөрчлөлтийн үр дүнг зөвхөн хөрөнгийн зах зээлийн оролцогч, хөрөнгө оруулагчид эдлэхгүй бөгөөд үнэт цаасны компани, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбар зэрэг санхүүгийн салбарт ажиллаж буй бүх л компани бүгд хүртэнэ.
Тиймээс энэ хууль батлагдсан явдал нь мэргэжлийн холбоод манлайлал үзүүлж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнд хүрч болдгийг харуулсан чухал жишээ боллоо гэж харж байна.
Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн орчныг таатай болгохын тулд бодитоор ямар ажил, ямар шинэчлэл хийх шаардлагатай байгаа вэ?
Манай холбоо өнгөрсөн жил Азийн Үнэт Цаасны Форумыг /ASF/ Улаанбаатар хотноо нэр төртэй, амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр бүс нутгийн ирэх 30 жилийн бодлого, стратегийг тунхагласан Улаанбаатарын тунхаг бичгийг Зүүн Өмнөд Азийн 20 гаруй орны төлөөлөгчидтэй хамтран баталсан нь хамтдаа урагшлах чухал шийдвэр болсон.
Улаанбаатарын тунхаг бичиг нь Монголын хөрөнгийн зах зээлийг бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцуулах, олон улсын байгууллагуудтай бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг нээсэн баримт бичиг.
Мөн биржийн бус зах зээл дээр блокчэйн технологийг бүрэн нэвтрүүлж, үүний үр дүнг хөрөнгө оруулагчид хүртэх болсон.
Энэ үйл явдал өнгөрсөн намар Сингапурын финтек арга хэмжээн дээр дурдагдаж, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд блокчэйн технологид суурилсан зах зээлийн сайн жишээ болсон гэж үзэж байгаа. Энэ нь мөн л зохицуулагч, төрийн төлөөлөл болон хувийн хэвшил хамтдаа хийж чадсан амжилттай ажил юм.
Цаашид бид технологийн дэвшил ашигласан, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, тогтвортой санхүүжилтийг дэмжих, чадварлаг хүний нөөц болон хөрөнгө оруулалт шингээх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлнэ. Дараагийн хөгжүүлэх ёстой зах зээл бол мөнгөний зах зээл, мөн үүсмэл санхүүгийн хэрэгслүүд гэж харж байна. Монгол Улс Зүүн Өмнөд Ази болон Төв Азийг холбосон чухал санхүүгийн зах зээл болж чадна гэсэн потенциал бий.
Эцэст нь хэлэхэд, санхүүгийн салбарын өсөлт нь дотоодын эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хуримтлалыг дэмжих чухал ач холбогдолтой салбар гэдгийг онцолмоор байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.