Лимончууд нь өөрсдийн энэ онд хийж бүтээсэн зүйлс, сонирхолтой фактуудыг тоймлон хүргэе. Гүйлгээд харахад 3 минут болох ч, 2022 онд бид үнэхээр чармайн ажилласан билээ.
LEMON PRESS NEWSLETTER
250 дугаар 📧

Бид 2022 онд дотоод, гадаадын бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдийг багтаасан 250 товхимлыг хүргэжээ. Түүнчлэн ухаалаг шийдвэрт хөтлөх 8 тусгай дугаар эрхлэн гаргав. Товхимолтой холбоотой баримтуудыг тоогоор илэрхийлбэл:
- 1.8 дахин их: Энэ хугацаанд бид уншигчдынхаа тоог 6,656-аар нэмж 31,768 буюу Говьсүмбэр аймгийн хүн амаас 1.8 дахин их уншигчтай боллоо.
- 300 мянган үг: Манай 1 товхимол дунджаар 1,200 үгнээс бүрддэг. Тэгэхээр 2022 оны бүх дугаарыг уншсан уншигч нийт 300,000 үг уншсан нь Жорж Орвеллын Амьтны фирм номын үгээс 10 дахин их гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид 10 ширхэг Амьтны фирм номтой дүйцэхүйц урттай товхимол хүргэжээ.
- 33 цаг: Харин та манай 250 товхимлыг бүгдийг нь уншихад 33 цаг шаардана. Өөрөөр хэлбэл, яг одоогоос буюу 12 сарын 30-ны 07:00 цагаас 12 сарын 31-ны 16:00 цаг хүртэл унтахгүй, идэхгүй, ариун цэврийн өрөө орохгүй байх шаардлагатай. Бид тэгж л их хөдөлмөрлөж ээ.
Харин 2022 онд шинээр…
- Opinions: Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилгоор Lemon Press Opinions-г санаачилж, салбар салбарын мэргэжилтний үзэл бодлыг хуваалцсан 13 дугаар нийтлэв. Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөхөд хангалттай шүү.
- Interviews: Түүнчлэн уншигчдаа ухаалаг шийдвэрт хөтлөхийн тулд Lemon Press Interviews-г санаачилж, санхүү, хөрөнгийн ЗЗ-ийн 10 эрхмийг оролцуулан 4 дугаар гаргалаа.
LEMON PRESS CONTENT
1,300,000 үзэлт

Энэ жил бид 8 төрлийн видео контент бүтээж, 1.3 сая удаа YouTube дээр үзжээ. Тодруулбал,
- Lunch Hour: Санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн шилдэг тоглогчидтой халуухан яриа өрнүүлдэг Lunch Hour подкастын 34 дугаар,
- Stories: Танин мэдэхүйн Stories цувралын 13 дугаар,
- Lemonade: Цувралын 5 дугаар,
- Lemon Press Talk: 8 дугаар,
- New Content: Түүнчлэн энэ онд анх удаа англи хэл дээр ярилцлага хийж Lemon Press Special-г, богино хэмжээний цуврал Lemon Pedia-г өлгийдөн авлаа. Хэрэв та үзэж амжаагүй бол манай YouTube хаягаар зочлохоо мартав аа.
Бяцхан сорилт
Бүх зүйл гэрэл гэгээтэй байна ч гэж юу байх вэ. 10 сарын 20-ны харанхуй, бүрэнхий өдөр бид YouTube сувгаа хакердуулсан юм. Бидний бүх бичлэг private тохиргоонд шилжиж, манай сувгийн нэр Kanye West болж сандаргав. Гэхдээ 1 шөнө нойргүй суусны эцэст сувгаа буцаан авч чадсан. Бас видео багийнхан маань үүрийн 3 цаг хүртэл суух үе ч бишгүй тохиолдлоо. Ер нь л бидний видео контент нөр их хичээл зүтгэл дээр бий болдог юм шүү.
LEMON PRESS SOCIAL
25.6 сая хандалт

Бид энэ жил Facebook, Instagram, Twitter, YouTube хаягууд дээрээ нийт 144 мянган дагагчтай болж, 25.6 сая хандалт авчээ. Түүнчлэн энэ жилийн турш Facebook дээр 1,178, Instagram дээр 1,225 пост оруулж та бүхний social-г дүүргэжээ. Social хаягуудын хамгийн, хамгийн…
- Оны шилдэг мийм: Түлх гэдэг нь “түлх” гэсэн үг. Харин ХЛҮТ гэдэг нь “тат” гэсэн үг. Энэхүү мийм 77.7 мянган хүнд хүрсэн юм. Монголчууд ч шогч ард түмэн шүү.
- Редакторт гологдсон ч хол нисэв: Бид “Миллениалуудын ажлын байран дээрээ хэрэглэдэг хэд хэдэн эможи нь GEN Z үеийнхний хувьд тохиромжгүй байдаг гэнэ” гээд пост бэлдсэн юм. Гэтэл манай ерөнхий редактор, миллениалуудын төлөөлөл Э.Золбаяр “Ээ дээ, наадах чинь хол явахгүй нь дээ” гэж билээ. Гэтэл харин ч эсрэгээрээ 93.7 мянган хандалт авч оны шилдэг пост боллоо.
- Бараан мэдээ барианд түрүүлэв: Энэ оны 10-р сард Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа баян ходоод болж, дэлхийн 63 орноос 62-т жагссан тухай мэдээ хүргэсэн нь эрчийг авч 135 мянган хүнд хүрчээ. Дижитал үндэстэн гээд улсаараа попорсон ч үр дүн гараагүйд иргэд дургүйцэж, зарим нь шоолж байв. Тус мэдээний сэтгэгдлүүд дунд “Цахим үндэстэн болоогүй бол Венесуэлд ялагдах байж шүү бурхан минь” гэжээ. Нээрээ л тийм дээ.
Гэснээс Lemon Press-н цахим сувгуудыг дагадаг уншигчид хамгийн cool шүү.
LEMON PRESS PARTNERSHIP
95 компани

2022 онд бид нийт 95 компанитай хамтарч ажиллажээ. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж Монголын бизнесийн зах зээлийг хараат бус хэлбэрээр тоймлож, санхүүгийн боловсролыг олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэхэд хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархъя.
Шинээр…
Энэ онд бид хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн зүйлс шинээр нэвтрүүлэв.
- Startup Package: Бид стартапуудыг дэмжих зорилгоор “Startups Package” гаргав. Хэрэв танай гарааны бизнесийн жилийн орлого ₮500 сая хүртэлх бол Lemon Press, Inside Mongolia-н бүтээгдэхүүн үйлчилгээг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болсон билээ. Сонирхохыг хүсвэл ЭНД дараарай.
- Events: Бид энэ жил Export Mongolia, Tech Invest, Young Spikes Competition, Web 3.0: What’s Next, Procraft, Fantasia Concerts, Erxes, MCS HR Day зэрэг 12 эвент, арга хэмжээний медиа хамтрагчаар ажиллалаа.
- Lemon Press-г сэтгүүлээс: 2022 оны 11-р сараас эхлэн бидний бэлтгэсэн мэдээ Business.mn-н сэтгүүл дээр нийтлэгдэж эхлэв. Уншаарай!
INSIDE MONGOLIA
2.7 мянган уншигч

Монголын зах зээлийг сонирхож буй ОУ-ын уншигчид руу чиглэсэн, хөрөнгө оруулалт, бизнес, санхүүгийн мэдээллийг англи хэл дээр хүргэгч Inside Mongolia товхимлын эхний дугаар 2022 оны 1-р сард нийтлэгдсэнээс хойш нийт 49 дугаарыг хүргэжээ.
- Уншигч: Энэ хугацаанд 2,727 уншигчтай болж амжсанаас гадна Facebook, Instagram, Twitter зэрэг платформууд дээрээ 8,516 дагагчтай боллоо.
- Хамтрагч: Түүнчлэн Inside Mongolia товхимлын мэдээ, мэдээллүүд Newstex, World Economic Forum, Factiva зэрэг платформууд дээр байршиж дэлхийн өнцөг булан бүрд хүрч байна.
SPLICE BETA 2022
Уолл Стрит хүртэл…


Бидний энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг бол “Splice Beta 2022”-т оролцсон явдал байлаа. Энэ нь хэвлэл мэдээллийн экосистемийг нэгтгэсэн Ази дахь цорын ганц арга хэмжээ бөгөөд үүнд манай Lemon Press компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр зочин илтгэгчээр уригдаж, Meta, Google, The Daily Maverick, PumaPodcast, The Kyiv Independent, Indonesia Business Post тэргүүтэй дэлхийн медиа компаниудтай туршлагаа хуваалцсан юм.
Эцэст нь… Энд хүрээд Lemon Press-н 2022 оны тойм өндөрлөж байна. 2022 онд бидэнтэй хамт байсан уншигч, сонсогч, үзэгч, дагагч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ирэх ондоо илүү чанартай, хараат бус контентуудаар уулзацгаая. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.