Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2025 оны 4 сарын 23
⏲ 14:00 минут
📍 Цахим хурал
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нээв.
Сайн байцгаана уу? АПУ ХК (APU)-ийн ТУЗ-ийн 3 сарын 14-ний өдрийн шийдвэрээр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн өнөөдрийн хурлыг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн хурлаар бид дараах асуудлыг хэлэлцэх болно.
Хэлэлцэх асуудлууд
Хурлын тооллогын комиссын үүргийг БиДиСек ҮЦК (BDS) гүйцэтгэж байгаа. Тооллогын комиссын даргаар БиДиСек ҮЦК ХК-ийн Хөрөнгө оруулалтын албаны захирал С.Дөлгөөн, гишүүнээр Харилцагчийн албаны аналист Г.Энхжин нар ажиллаж байна. Комиссын дарга С.Дөлгөөнийг хурлын ирцийг танилцуулахыг урьж байна.
АПУ ХК-ийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа нийт хувьцаа эзэмшигчид болон хурал зохион байгуулах комисс, АПУ компанийн удирдлагуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Тооллогын комиссын зүгээс АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн тогтоолыг танилцуулахад бэлэн болсон байна. АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын ирцийн тогтоол, 2025 оны 4 сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот:
Тооллогын комиссын зүгээс хурлыг хүчин төгөлдөрт тооцсон тул дэгийн дагуу цааш хурлаа үргэлжлүүлэх эрхийг хурлын даргад шилжүүлье.
Тооллогын комисст баярлалаа. Хурлын ирц бүрдэж, хурал хүчинтэйд тооцогдож байгаа учраас 2024 оны компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулна уу хэмээн хурлын дарга, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг урьж байна.
Нийт хувьцаа эзэмшигч та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг эрэн мэндчилье. 2024 он бол АПУ-чууд бидний хувьд томоохон ололт амжилттай, үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж, дараагийн зууны хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлсон, зөвхөн АПУ компани гэхгүй Монгол Улсад шингэн хүнсний энэ салбар үүсэн байгуулагдсаны 100 жил байлаа. Ингээд 2024 оны үйл ажиллагааны тайланг товчхон танилцуулъя. Үүнийг танилцуулахаас өмнө бид хуулийн дагуу, цаг хугацаандаа АПУ ХК-ийн аудитлагдсан тайланг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) болон өөрийн вэбсайт дээр албан ёсоор байршуулсан байгаа. Та бүхэн уншиж, танилцсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Бид энэ зууны босгон дээр өнгөрсөн зууны ололт амжилт, алдаа оноог цэгнэж, ирж яваа цаг маань туйлын амаргүй өрсөлдөөнтэй, хурдан өөрчлөлтийг шаардсан цаг үе тул “Үргэлж Өөдөө” гэдэг уриа үгээр өөрсдийн ажлын 4 үнэт зүйлс, зарчмыг тодорхойлон, энэ зарчмаа бизнес, ажил, амьдралдаа дадал хэвшил болгохоор гарган ажиллаж байна.
2024 онд компани чамлахааргүй ололт амжилтууд гаргасан. Цэвэр борлуулалтын орлого өнгөрсөн жилээсээ 20% өсөж, ₮1.3 их наядад хүрсэн түүхэн борлуулалтын орлоготой жил байлаа. Мөн өнгөрсөн жилтэй ойролцоо биет хэлбэрийн борлуулалтынхаа хэмжээг хадгалж чадсан байна. Компанийн цэвэр ашиг нэлээдгүй өсөн өнгөрсөн оноосоо 65% гаруй өсөж, нийт ₮193 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь мөн өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь ТОП ололт, амжилт байлаа. Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээсэн томоохон үүрэг бол Монгол Улсын төсөвт төлсөн татвараар дүгнэж, цэгнэгддэг.
Цаашлаад, бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ онцгойлон анхаарч ажилласан. Мөн ажилчдынхаа тоо, нийгмийн халамж, бодит амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, 2,400 гаруй ажилчинтайгаар өнөөдөр бид 2024 оныхоо ажлын тайланг танилцуулж байна. 2024 оны санхүүгийн жилийг амжилттай, үр дүнтэй үдлээ. Үүнийг та бидний хамтын үнэ цэн, бас ажлын амжилт гэж бодож байна.
Бид 2024 онд Монгол Улсын ууган шингэн хүнсний манлайлагч АПУ компани 100 жилийн түүхэн баяраа тэмдэглэж байна гэхээсээ илүүтэйгээр өнгөрсөн ололт амжилтаа баталгаажуулж, дараагийн зуундаа ямар хөгжлийн бодлогоор, ямар бүтээгдэхүүн хөгжүүлэлттэйгээр, ямар үнэт зүйлстэй, зарчимтай ажиллах вэ, гэдэг асуудалд анхаарч 100 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. АПУ-чууд та бид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Бидний 2024 онд нийгэм рүү, харилцагчид руугаа, хамт олон руугаа хандаж хийсэн ажлууд компанийн имидж, борлуулалтаа тасралтгүй өсгөх, мөн зөвхөн өнөөдөр биш ирээдүйн үнэ цэн рүү чиглэсэн томоохон арга хэмжээнүүд байсан. Зөвхөн компани дотроо биш Монгол Улсдаа зохион байгуулагдаж байгаа урлаг соёлын арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллав. 100 жилийнхээ хүрээнд мөн дэлхийн од болсон дуурийн дуучдыг Монгол Улсад анх удаа урьж, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсныг та бүгд санаж байгаа байх. Бид харилцагчдаа үргэлж хүндэтгэж, тэдний бизнесийн үр өгөөжийг дээшлүүлэхэд бүхий л талаар дэмжин туслах үүрэгтэй ажилладаг.
Цаашлаад, хамт олон руугаа чиглэсэн томоохон ажлуудыг хийж, жилийн туршид бидний ажлыг үнэлж, цэгнэдэг салбар салбарын хүндлэл, урамшууллуудыг хүртэж чадсан гэж бодож байна. Ялангуяа АПУ ХК маань гаалийн итгэмжлэгдсэн цөөн хэдэн ААН-ийн нэгээр шалгарсан нь компанийн тунгалаг засаглал, нийгэм, төр, харилцагчийнхаа өмнө хүлээсэн өндөр хариуцлагыг урамшуулсан явдал болсон.
Бид өнгөрсөн жил анх удаа дэлхийн шилдэг брэнд болох Хайнекен шар айргийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бол зөвхөн ганц брэндийн асуудал биш юм. Энэ бол шингэн хүнс үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа АПУ компанийн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн процесс, стандартууд дэлхийн шилдэг гэсэн ангилалд орж байгаа хэрэг.
Бид зөвхөн шар айраг, архи гэхгүй илүү хүнсний шингэн хүнс, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна. Тухайлбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран $40 саяын санхүүжилтийн гэрээ байгуулж, өнөөдөр манай сүүний үйлдвэр томоохон хөрөнгө оруулалттай, ид бүтээн байгуулалтынхаа шатанд явж байна. Энэ бүтээн байгуулалт дууссанаар АПУ Дейри ХХК-ийн сүүний үйлдвэрийн хүчин чадал 2-2.5 дахин өсөж, маш олон төрлийн шинэ болон шинэчилсэн сав баглаа, боодолтой бүтээгдэхүүнүүд зах зээлд гарч монголчуудын сүүний хэрэглээг өсгөнө гэдэгт итгэлтэй байна.
Мөн бид хаягдал ус боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж буй. Энэ онд үйлдвэрийн усыг дахин боловсруулж, цэвэр ус үйлдвэрлэх томоохон төслийг эхлүүлж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь бидний нийгмийн хариуцлагын чухал ач холбогдолтой төсөл болж байгаа. Хоногтоо 800 тн буюу 1,300 гаруй метр куб саарал усыг дахин ашиглаж буцаан үйлдвэр, ахуйн зориулалтаар ашиглах уг төсөл нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа гэдгийн онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Түүнчлэн бид экспортдоо онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Компани Казахстан, Орос, Польш, Өмнөд Солонгос, Хятад гэхчлэн чухал зах зээлүүдэд амаргүй хэдий ч идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байгаа. Үр дүн маань гэнэтийн биш боловч бага багаар гарна гэж харж байна. Ялангуяа “Чингис Хаан” брэнд маань илүү олон улсын чанартай брэнд гэх утгаараа Монгол Улсыг дэлхийн түвшинд таниулах зорилттой ажиллаж буйг танилцуулахад таатай байна. Бидний онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байгаа өөр нэгэн ажил нь бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийг өндөр түвшинд хөгжүүлж, харилцагч, хэрэглэгчийн хүлээлтийг судалгаан дээр үндэслэж хөгжүүлж буй. АПУ компани градус багатай, илүү эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт болон судалгаануудыг хийж байгаа. Та бүхний харж байгаачлан бид градус багатай бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил олон нэр төрлөөр гаргасан.
Бидний анхаарч буй дараагийн чухал асуудал нь хүн төвтэй засаглалыг илүү сайн хөгжүүлэх. Компани бодлогын түвшинд ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллаж, цаашлаад ажлын байран дээрээ аз жаргалтай, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон хөтөлбөрүүдийг өнгөрсөн онд хийж амжууллаа. Засаглалын хамгийн чухал хэсэг болох дунд, анхан шатны удирдлагын бизнесийн ёс зүй болон ажлын байр дээр тавигдах үүрэг хариуцлага, ур чадварын матрицыг гаргаж, өнөөдөр бид 360 градусын үнэлгээгээр бүх ажилтандаа урамшуулал болон бусад ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэснээр бидний хувьд ажилчдын маань тогтвор суурьшил сэтгэл ханамж үлэмж хэмжээгээр өсөж буй. Гүйцэтгэх удирдлагын багийн хувьд илүү чанартай цөөхөн удирдлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж буй.
Одоо АПУ ХК-ийн өөрийн 100% эзэмшлийн компаниудыг танилцуулъя. Мөн бидний хөрөнгө оруулсан Дижитал Консепт компани АПУ ХК-ийн бүтцэд орж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт хувьцаа эзэмшигчдийн 56.6%-ийг нь Шунхлай Групп, 25%-ийг Хайнекен, үлдсэн хэсгийг санхүүгийн болон хувь хүмүүс эзэмшиж байна.
Хувьцааны хувьд өнгөрсөн онд хувьцааны үнийн дундаж өсөлт, бууралт нэг түвшинд хадгалагдсан. Компанийн хамгийн том зорилго нь хувьцаа эзэмшигч та бүхэндээ ногдол ашгийн бодлогыг маш тодорхой нээлттэй байлгах зорилгоор жилдээ 2 удаа, хагас жилийн тайлангийн үр дүнд үндэслэн хуваарилж байгаа. 2024 онд 100 жилийнхээ босгон дээр нэгж хувьцаанд ₮120-ийн ногдол ашиг хуваарилсан. Энэ нь мөнгөн дүнгээрээ ₮127.7 тэрбумд хүрч өнгөрсөн оноос 33% өссөн үзүүлэлт юм. Дараагаар нь СЗХ-ноос гаргадаг компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн үнэлгээгээр Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй компаниудаас 4-р байранд буюу 94.4%-ийн үнэлгээтэйгээр үнэлэгдсэн байна.
100 жилийн хүрээнд “Бахархалт Монгол 2030” тогтвортой хөгжлийнхөө стратегийг ул суурьтайгаар боловсруулж, ТУЗ-өөр батлуулан, та бүхэнд танилцуулсныг санаж байгаа байх аа. Бид Монгол гэрийн бүтцийг онцгойлон харж, Монгол гэрийн 5 ханатай зүйрлэсэн 5 багана бодлогын хүрээнд 2030 он хүртэл хийх ажлуудаа нэг бүрчлэн гаргаж, өнөөдөр хэрэгжилтийн шатандаа нэлээдгүй олон ажлууд явж байна. Та бүхэндээ 2024 онд хийгдсэн эдгээр ажлуудыг тайлангаараа хүргүүлсэн байгаа. За ингээд АПУ ХК-ийн 2024 оны санхүү үйл ажиллагааны тайланг товч танилцууллаа. Та бүхэн минь асуух асуултууд, шүүх шүүмжүүд, дэмжих дэмжлэг байвал асуулт хариултын цаг дээр асуухыг хүсэж байна. Мөн цахимаар асуултаа явуулах бүрэн бололцоотойг хурал зохион байгуулж буй хүмүүс маань мэдэгдсэн байх аа гэж найдаж байна.
Гагц 2024 он бус өнгөрсөн зууны хугацаанд бидний бүхий л жаргалтай, зовлонтой үед үргэлж дэмжиж, хамтран ажиллаж АПУ ХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, танилцуулж сурталчилж байдаг жинхэнэ АПУ-чууддаа, хувьцаа эзэмшигчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.
Хурлын дарга, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт баярлалаа. Одоо ТУЗ-ийн 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайланд гаргасан дүгнэлтийг ТУЗ-ийн хараат бус гишүүн О.Одбаяр танилцуулна.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ТУЗ-өөс АПУ ХК-ийн 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн зорилтыг хэлэлцэж, тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлж ажилласан хэмээн дүгнэсэн болно. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн АПУ ХК-ийн нийт ажилчид, удирдлагын багт талархаж буйгаа хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хэлэхийг хүсэж байна.
Одоогийн байдлаар өөр асуулт ирээгүй байгаа учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний 2 дахь асуудал болох ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын талаар ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны дарга хараат бус гишүүн Ё.Гэрэлчулуун танилцуулна.
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Эхлээд би ТУЗ-ийн ажлын тайланг товч танилцуулъя. ТУЗ-ийн ажлын тайлан хурлын товхимолд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс үзэж болно. АПУ ХК-ийн ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 6 ердийн, 3 хараат бус гишүүнтэй. Өнгөрсөн жил ТУЗ-ийн гишүүн Сергей Громов, Д.Миеэгомбо нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул ТУЗ-ийн шинэ гишүүнээр Б.Гантиг, Б.Гомбо-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 4 сарын 30-ны өдрийн ээлжит хурлаар одоогийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг 3 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байгааг мэдэгдэж байна. ТУЗ-ийн бас нэг өөрчлөлт нь ТУЗ-ийн нарийн бичгийн дарга өөрчлөгдсөн байгаа. 2024 оны 9 сарын 4-ний өдрийн тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Ариунсанг чөлөөлж, оронд нь Б.Сарантунгалагийг томилсон болно. ТУЗ нь Компанийн тухай хууль, компанийн дотоод дүрэм, журамд заасанчлан АПУ ХК-ийн ТУЗ болон түүний охин болон хараат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилласан.
ТУЗ дэргэдээ 3 дэд хороотой ажилладаг. Компанийн тухай хуулийн 81.2-т заасны дагуу Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд хороодын гишүүдийн 2/3-ноос доошгүй нь ТУЗ-ийн хараат бус гишүүн байж, ТУЗ-ийн хараат бус гишүүд 1 хороодоо ахалж ажилладаг. ТУЗ-ийн дэргэдэх хороод компанийн тухай хууль, компанийн дүрэм, хороодын дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа, Аудитын хороо өнгөрсөн жил 3 удаа, Нэр дэвшүүлэх болон Цалин урамшууллын хороо тус бүр 1 удаа хуралдаж чиг үүргийнхээ хүрээнд санал дүгнэлт шийдвэр гаргаж ажилласан байна. Товч танилцуулж дууслаа.
Тайлангийн асуудлын төлөвлөгөөний 2-р асуудал болох ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшуулалтыг хэлэлцэж, батлах талаар саналаа танилцуулъя. Гишүүдийн цалин урамшуулалтыг батлах асуудалд СЗХ-ны 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 145 тоот тогтоолоор батлагдсан Компанийн засаглалын кодексыг баримталж ажилладаг. Бид компанийн дүрмийнхээ 7.22, 8-р зүйлийг үндэслэн ТУЗ-өөс 2022 оны 5 сарын 6-ны өдрийн тогтоолоор ТУЗ-ийн гишүүдээс үндсэн цалинг тогтоосныг хувьцаа эзэмшигчдийн 2023, 2024 оны ээлжит хурлуудаар ямар нэг өөрчлөлтгүйгээр, батлан мөрдөж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн энэ оны хурлаар мөн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг дээр дурдсан тогтмол дүнгээр сар бүр мөнгөн хэлбэрээр олгон, гүйцэтгэлийн урамшуулал, аливаа нэмэгдэл хөлс олгохгүй байхаар шийдвэрлэх саналыг оруулж байна. Танилцуулж дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.
Асуулт-хариулалтын хэсэг
Асуулт хариултын хэсгийг Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг удирдаж, хариулж оролцов.
Асуулт 1. Евроазийн эдийн засгийн хэлцлийн талаарх компанийн бодлого, үзэл баримтлал ямар байгаа вэ?
Өнгөрсөн оны сүүлээс Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр байгуулж, гаалийн татварыг “О” болгох талаар ярилцах болсон. Өнгөрсөн оны сүүлээр би хувь хүнийхээ хувьд ч, компанийг төлөөлж энэ гэрээ арай ядан хөгжиж эхэлж буй дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх, цагаа олоогүй шийдвэр тул эсэргүүцэж байгаагаа маш олон талаар илэрхийлсэн. Хэдийгээр бидний хүсэл бүтээгдэхүүнээ экспортлох нь үнэн боловч, өнөөдөр бодит байдлаа үнэлж, дүгнэх цаг ирсэн гэж бодож байна. Бид хөгжихийг хүсэж байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тоног төхөөрөмж, технологи, засаглал гээд маш олон талаас нь хөрөнгө оруулалт хийж хөгжихийг хүсэж байна. Гэсэн хэдий ч 200 гаруй сая хүнтэй зах зээлд үйлдвэрлэл эрхлэх, мөн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг хоёрыг харьцуулах ямар ч боломжгүй. Бидний хийсэн судалгаагаар энэ 2 зах зээлд бүтээгдэхүүний өртөг 25%-30%-ийн ялгаа гарах нь харагдсан. Ийм том ялгаатай байхад дээрээс нь тарифыг “0” болговол үйлдвэрлэл эрхэлж буй Монгол компаниудад нэлээдгүй халтай, сорилттой нөхцөл байдал руу орно. Хөндлөнгийн талаас судалгаа хийлгэхэд ч харамсалтай нь судалгааны үр дүн Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд үр дүнгүй, алдагдалтай гэдэг үр дүн гарсан. Магадгүй цөөхөн хэдэн салбарт эерэг байхыг бид үгүйсгэхгүй. Гэхдээ шийдвэр гаргагчид маань нөхцөл байдлыг бодитой харж, Монгол Улсад үйлдвэрлэл явуулахад ямар их хүндрэл, сорилттой тулгардгийг ухаарна гэдэгт бид итгэлтэй байна. Одоо бид УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдын үнэн мөн чанарыг л харж сууна даа.
Асуулт 2. Экспортын борлуулалт нийт борлуулалтын орлогын хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
Бид олон жилийн туршид экспорт бол манай хоёрдогч, гуравдагч хөл, хөгжлийн багана гэж үзэн анхаарч ирсэн. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, түүхий эд, туслах материалын ихэнх нь импортоор орж ирдэг. Бид гадаад зах зээлд өрсөлдөх чадвар багатай байгаа. Зөвхөн супер премиум зах зээлд л өрсөлдөх боломж бид нарт байгаа. Үүнийгээ бид алдахгүйгээр ашиглах хүсэл мөрөөдөл, мөн үүрэг байна. Оросын зах зээлд өнгөрсөн жил биет хэмжээ мөн борлуулалтаараа 50% гаруй өсөлт үзүүлсэн. Мөн Хятадын зах зээлд шар айргийн борлуулалт өссөн. Гэхдээ нийт борлуулалтын том хувийг эзэлж чадахгүй байгаа. Бид цааш цаашдаа нийт борлуулалтынхаа 20%-ийг экспортын бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ төлөвлөгөө маань маш олон шалтгааны улмаас биелэгдэж чадахгүй байгаа нь компанийн өмнө тулгарч буй томоохон сорилтын нэг.
Асуулт 3. Хувьцааны ханшийн хэлбэлзэл сүүлийн жилүүдэд унасан. Ханшийг урт хугацаандаа өсөлттэй байхад ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Степ Бевриж хувьцаа эзэмшигчид хэвээрээ байх уу?
Степ Бевриж компанийн хувьцаа эзэмшигч хэвээр байх эсэхийг бид мэдэхгүй. Хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагдаж байгаа хувьцаа учраас тухайн хөрөнгө оруулагчийн өөрийн шийдвэр. Бид хувьцааныхаа үнэ цэнийг өндөр байлгах, компанийн үнэ цэнийг өндөр байлгахын тулд компанийнхаа засаглал, шийдвэр гаргалтууд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд, компанийнхаа тогтвортой хөгжлийг маш тодорхой болгож, түүнийгээ нээлттэй ярьж чаддаг соёл, хариуцлагыг дээшлүүлэхээр ажиллаж буй.
Энэ нь бидний ХК-ийн хувьд үнэ цэнтэй байх хамгийн том суурь ойлголт юм. Нөгөөтээгүүр ТУЗ ногдол ашгийн бодлогыг хамгийн өндөр, тэргүүн эрэмбэд авч үздэг. Бид ногдол ашгийнхаа бодлогыг жилд 2 удаа, мөн цэвэр ашгийнхаа 70%-80%-иас доошгүйгээр хуваарилж цаашдаа ч илүү хуваарилах бодлого барьж байгаа нь та бүгдэд үнэ цэнээ эргүүлээд өгч буй томоохон хөшүүрэг болох болов уу.
Асуулт 4. Ирэх 5 жилийн төлөвлөгөөгөөр юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
“Тогтвортой хөгжлийн стратеги 2030"-ийг боловсруулж, соёл, засаглал, түншлэл, хамт олон, хариуцлага гэсэн 5 чиглэлд төвлөрөн ажиллана. Бид түүхий эд нийлүүлэлт, хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн бизнесүүдийг оролцуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн ногоон хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ус, цахилгаан хэмнэх, бүтээмжийг өсгөх чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Дижитал өөрчлөлтөд ₮80 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийж, процессыг хурдан, илүү үр ашигтай болгоно. Тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлд мөн ₮160–₮170 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж, 2026 онд АПУ Дэйри ХХК-ийн өргөтгөл хийж, шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд гаргахаар ажиллаж байна.
Асуулт 5. 2024 оны борлуулалт өсөлтийн шалтгаан юу вэ?
Бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, ашигтай бүтээгдэхүүний багцын өөрчлөлт хийх бодлого үр дүнгээ өгч, ашигт ажиллагаа нэмэгдсэн.
Өөр асуулт байхгүй гэж үзэн Тооллогын комиссын дарга С.Дөлгөөн цахимаар санал авах зааврыг танилцуулна. Бид 1, 2 дугаар хэлэлцэх асуудлаа танилцуулж дууслаа.
Санал хураалтын дүн гарч дууссан байна. Тооллогын комиссын дарга С.Дөлгөөнийг санал хураалтын дүнг танилцуулахыг урьж байна.
АПУ ХК-ийн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын санал хураалтыг явуулж, үр дүнг нэгтгэн та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын шийдвэр №2, 2025 оны 4 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот. Саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналыг үндэслэн шийдвэрлэх нь:
Хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэв. Үүнд,
Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 4 сарын 24-ний өдрийн ээлжит хурлын шийдвэр Тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоох нь:
АПУ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Цахимаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, талархлаа илэрхийлье. 2025 он та бидний хувьд амаргүй жил болж байна. Тийм учраас АПУ компани, бид нарийвчилсан судалгаа тооцооллын үндсэн дээр үйлдвэрлэлийнхээ өртөг зардлыг бууруулах, борлуулалтаа өсгөж, өнгөрсөн жилийнхээ түвшинд хадгалах, цаашлаад ашиг орлогоо дээшлүүлэх гэсэн томоохон сорилттой тулгарч байгаа. Тиймд нийт хувьцаа эзэмшигчид минь биднийг дэмжиж АПУ-лаг сэтгэлгээтэй байж, компанийнхаа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, бидэнтэй хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ингээд хувьцаа эзэмшигчдийн маань ээлжит хурал үүгээр дуусгавар болж байна. Та бүхэндээ баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.