Lemon Press Opinions-н ээлжит дугаарт ХААН Банкны Кастодианы Үйлчилгээний Газрын Захирал Ч.Ариунжаргалын “Нээлттэй компанийн үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлдөг, яагаад чухал” талаарх нийтлэлийг хүргэж байна.
Corporate actions буюу компанийн үйл ажиллагаа гэдэгт тухайн компаний гаргасан үнэт цаасны ханш, тоо хэмжээ, цаашлаад үнэт цаасыг эзэмшиж буй хөрөнгө оруулагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц шийдвэрийн үр дүнд үүссэн аливаа үйл явдал, ажиллагаа гэж ойлгож болно. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хурал, ногдол ашиг тараах, хувьцаа хуваах, нэгтгэх, компани нэгдэх, нэгтгэх, нэмж хувьцаа гаргах, компани нэрээ солих зэрэг маш олон төрлийн компанийн үйл ажиллагаа байдаг.
Эдгээр компанийн үйл ажиллагаа хэрэгжих явцад үнэт цаас эзэмшигчдийн оролцоо, шийдвэр гаргалт шаардлагатай эсэхээс хамаараад заавал хэрэгжүүлэх (mandatory), сайн дурын (voluntary), холимог гэж ангилдаг. Дэлгэрүүлбэл,
Тэгвэл компанийн үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад ямар өгөөжийг бий болгож байна?
Компанийн үйл ажиллагаа нь үнэт цаас эзэмшигчдэд санхүүгийн болон санхүүгийн бус өгөөжийг бий болгодог. Ингэхдээ ногдол ашиг тараах, хүүгийн төлбөр төлөх, нэмэлт үнэт цаас тараах (bonus issue) зэрэг өгөөж хуваарилах үйл ажиллагаа нь үнэт цаас эзэмшигчдийн хөрөнгийг бодитоор нэмэгдүүлэх санхүүгийн өгөөж болдог байна.
Харин үнэт цаас гаргагчийн зүгээс шинээр санхүүжилт татах зорилготой компанийн үйл ажиллагааны төрлүүд нь үнэт цаас эзэмшигчдэд тухайн шинэ үнэт цааснаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийг олгох бол өрийг хувьцаагаар солих, шинэ үнэт цаасаар солих зэрэг санхүүжилтийн хэлбэрийг өөрчлөх компанийн үйл ажиллагаанууд нь үнэт цаас эзэмшигчдэд эзэмшиж байгаа үнэт цаасаа тухайн үеийн хөрөнгө оруулалтын нөхцөл тохирсон өөр нөхцөлтэй үнэт цаас руу шилжүүлэх эрх олгодог. Энэ мэтчилэн компанийн үйл ажиллагаа бүр үнэт цаас эзэмшигчдэд санхүүгийн өгөөж хүртэх, эсвэл хөрөнгө оруулалттай холбоотой чухал шийдвэр гаргалтын нөхцөлийг бий болгож байдаг.
Харин эдгээр үйл явдлууд нь сайн дурын компанийн үйл ажиллагаануудын хувьд сонголт хийх эрх нь хугацаатай байдаг тул эдгээр үйл явдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авдаг байх нь чухал. Мэдээллийг цаг тухайд нь аваагүйгээс сонголт хийх эрхээ хэрэгжүүлж, шийдвэр гаргалтаа цаг тухайд гаргаж чадахгүй хоцрох, мөн ногдол ашиг тараах шийдвэр гарсныг мэдэлгүй хувьцаагаа бүртгэлийн өдрөөс өмнө зарах гэх мэтээр үнэт цаас эзэмшигчид хүртэх боломжтой өгөөжөө хүртэж чадахгүй алдахад хүргэх эрсдэлтэй.
Иймд компанийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үнэт цаас гаргагч болон үнэт цаас эзэмшигчдийн хоорондох мэдээллийн урсгал нь нарийн стандартын дагуу явах шаардлагатай ба үүнд зах зээлд оролцогчдын үүрэг оролцоо, тэдгээрийн үйл ажиллагааны стандартчилал чухал байдаг.
Олон улсад мөрдөгдөж байгаа стандартууд
Олон улсын зах зээлд компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл явц нь стандартчилагдсан байдаг ба бүх мэдээллийн урсгал, агуулга нь SWIFT 15022, 20022 стандартыг хангасан байдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийн голлох оролцогчид болох үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага, кастодиан банкнууд болон олон улсын брокерын компаниуд, мөн зарим мэргэжлийн институт хөрөнгө оруулагчид SWIFT сүлжээнд холбогдсон байдаг. Ингэснээр оролцогч талууд компанийн үйл ажиллагаанд зориулсан MT56X мессежнүүдийг анх мэдэгдэл хүргэхээс компанийн үйл ажиллагаа хэрэгжиж дууссан тухай баталгаажуулалт хүргэх хүртэл хугацаанд солилцдог аж.
Компанийн үйл ажиллагааны зарлал, мэдэгдлийг хүргэх (MT564), үнэт цаас эзэмшигчид сонголтоо хэрхэн хэрэгжүүлэх шийдвэрийг хүлээн авах (MT565), компанийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөв, зааварчилгааг хүргэх (MT567), компанийн үйл ажиллагааг шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн баталгаажуулалтыг хүргэх (MT566) гэсэн мессежнүүд байдаг.
Харин Монголд
Монголын зах зээлийн хувьд компанийн үйл ажиллагааг Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын тогтоолоор 2014 оны 1 сарын 29-ний өдөр батлагдсан “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам”-д тодорхойлсон байдаг.
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих, ногдол ашиг тараах, компани гаргасан үнэт цаасаа эргүүлэн худалдаж авах, тендерийн санал гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах зэрэг компанийн үйл ажиллагааны хэрэгжилтийг “Компанийн тухай хууль” болон Хорооны нарийвчилсан журмаар тус тус зохицуулж байгаа. Монголын зах зээлд компанийн үйл ажиллагааг мэдээлэх, хэрэгжүүлэх ерөнхий зохицуулалт нь тодорхойлогдсон байдаг ч зохицуулалтын хүрээнд зах зээлд оролцогчид хэрхэн хэрэгжүүлэх процессын түвшний стандартчилал хангалттай биш байна.
Үргэлжлүүлээд компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар, ямар хүндрэлүүд учирч байна вэ гэхээр,
Эдгээр сул тал нь үнэт цаас эзэмшигчдэд мэдээллийг хоцорч хүргүүлэх, шийдвэр гаргахад хангалттай хугацаа олгохгүй байх, мэдээллийг орхигдуулах зэргээр алдаа гарах магадлалыг нэмэгдүүлдэг бөгөөд эргээд үнэт цаас эзэмшигчдийг санхүүгийн алдагдалд хүргэх томоохон эрсдэлийг дагуулдаг. Мөн компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх процесс хэр стандартчилагдсан байгаа нь гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд тухайн зах зээлд хөрөнгө оруулалт хийх эсэх шийдвэр гаргахад чухал нөлөөтэй үзүүлэлт болдог.
Иймд манай зах зээл дээр компанийн үйл ажиллагааг эхлэхээс дуусах хүртэл мэдээллийн урсгалыг тодорхойлж стандартжуулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.