Өрхийн сарын дундаж орлого III улирлын байдлаар 3 жилийн өмнөхөөсөө 48.5% өсөж ₮2.2 сая болжээ. Гэхдээ танд орлого нэмэгдсэн юм шиг мэдрэгдэхгүй байна уу?
Яагаад гэвэл…
2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал дундаж орлого ердөө 7.8% өсөж ₮1.3 сая л болсон байгаа юм.
Мөнгөний үнэ цэн = Чибуха: Сүүлийн 3 жилд үхрийн цул мах л гэхэд 47.6%, ургамлын тосных л гэхэд 75%
өслөө шүү дээ. Инфляц дунджаар 10.2% байсан хойно арга ч үгүй биз. Өөрөөр бол инфляц дарагдахгүй өндөр байгаад байгаа болохоор л өрхийн нэрлэсэн орлого хөөрөгдөөд байгаа хэрэг. Инфляцын нөлөөг хасаад харахаар нэг их өсөж гавьсан юмгүй.
Алсран алсарсаар: 2020 оны III улиралд өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү ₮295.7 мянга байсан бол энэ онд ₮934.5 мянга болж холджээ. Энэ нь инфляц болон нэрлэсэн орлогын өсөлтийн уралдаанд инфляц түрүүлээд байгаа гэсэн үг.
Юу болох юм? Мэдээж энэ зөрүү холдох тусам өрхийн амьжиргааны түвшин буурах, өрхүүдэд санхүүгийн дарамт нэмэгдэх, цаашлаад эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг үр дагаварт хүргэнэ.
-56.8% VS +84.4%
Цаашлаад өрхүүдийг орлогын бүлгээр нь задалж харвал бас нэг сонирхолтой түүх өгүүлнэ. Сүүлийн 1 жилийн хугацаанд ₮500 мянга хүртэлх орлоготой өрхийн тоо 56.8% буурсан бол эсрэгээрээ ₮3 саяас дээш орлоготой өрхийн тоо 84.4% нэмэгдсэн аж. Түүнчлэн,
Халамж^2: Сард ₮500-₮900 мянгын орлоготой өрхийн дундаж орлогын 66.6%-ийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.7 нэгж хувиар өсжээ. Хамаарал нь улам нэмэгдсэн гэсэн үг.
Зээлээс зээлийн хооронд: Өрхийн сарын дундаж нэрлэсэн зардал орлогоосоо ₮80.5 мянгаар их буюу ₮2.3 сая байна. Тэгэхээр өрх орлогоос давсан зардлаа зээлээр санхүүжүүлж байгаа хэрэг.
Эцэст нь… Өрхийн орлого жил ирэх тусам суга, суга нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа ч бодит утгаар нэг их өсөөд байгаа юм байхгүй л байна даа. Инфляц буурч, ханш тогтворжсон үед л бодит орлогын асалт мэдрэгдэх биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.