Өрхийн сарын дундаж орлого III улирлын байдлаар 3 жилийн өмнөхөөсөө 48.5% өсөж ₮2.2 сая болжээ. Гэхдээ танд орлого нэмэгдсэн юм шиг мэдрэгдэхгүй байна уу?
Яагаад гэвэл…
2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал дундаж орлого ердөө 7.8% өсөж ₮1.3 сая л болсон байгаа юм.
- Мөнгөний үнэ цэн = Чибуха: Сүүлийн 3 жилд үхрийн цул мах л гэхэд 47.6%, ургамлын тосных л гэхэд 75% өслөө шүү дээ. Инфляц дунджаар 10.2% байсан хойно арга ч үгүй биз. Өөрөөр бол инфляц дарагдахгүй өндөр байгаад байгаа болохоор л өрхийн нэрлэсэн орлого хөөрөгдөөд байгаа хэрэг. Инфляцын нөлөөг хасаад харахаар нэг их өсөж гавьсан юмгүй.
- Алсран алсарсаар: 2020 оны III улиралд өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү ₮295.7 мянга байсан бол энэ онд ₮934.5 мянга болж холджээ. Энэ нь инфляц болон нэрлэсэн орлогын өсөлтийн уралдаанд инфляц түрүүлээд байгаа гэсэн үг.
- Юу болох юм? Мэдээж энэ зөрүү холдох тусам өрхийн амьжиргааны түвшин буурах, өрхүүдэд санхүүгийн дарамт нэмэгдэх, цаашлаад эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг үр дагаварт хүргэнэ.
-56.8% VS +84.4%
Цаашлаад өрхүүдийг орлогын бүлгээр нь задалж харвал бас нэг сонирхолтой түүх өгүүлнэ. Сүүлийн 1 жилийн хугацаанд ₮500 мянга хүртэлх орлоготой өрхийн тоо 56.8% буурсан бол эсрэгээрээ ₮3 саяас дээш орлоготой өрхийн тоо 84.4% нэмэгдсэн аж. Түүнчлэн,
- Халамж^2: Сард ₮500-₮900 мянгын орлоготой өрхийн дундаж орлогын 66.6%-ийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.7 нэгж хувиар өсжээ. Хамаарал нь улам нэмэгдсэн гэсэн үг.
- Зээлээс зээлийн хооронд: Өрхийн сарын дундаж нэрлэсэн зардал орлогоосоо ₮80.5 мянгаар их буюу ₮2.3 сая байна. Тэгэхээр өрх орлогоос давсан зардлаа зээлээр санхүүжүүлж байгаа хэрэг.
Эцэст нь… Өрхийн орлого жил ирэх тусам суга, суга нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа ч бодит утгаар нэг их өсөөд байгаа юм байхгүй л байна даа. Инфляц буурч, ханш тогтворжсон үед л бодит орлогын асалт мэдрэгдэх биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.