Намуудын мөрийн хөтөлбөрт тусгах ХЗЗ-ийг хөгжүүлэх бодлогын саналууд

CMM болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (MASD) хамтран үнэт цаасны зах зээл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намуудын мөрийн хөтөлбөрт тусгах бодлогын саналыг боловсрууллаа.
2021 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээл болсон. Сүүлийн 3 жилд л гэхэд топ-5 банкны IPO хийгдэж ₮443 тэрбумыг зах зээлээс босгож, биржийн бус зах зээл үүсэж компаниуд зах зээлээс 2 жилийн дотор ₮1.7 их наядын санхүүжилтийг бондоор татан төвлөрүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнүүд хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдаж байна. Улмаар, МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд 2023 оны ашгаасаа ₮799 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаа зарлаад буй.
Монголын ХЗЗ-ийн нийт үнэлгээ 2023 оны байдлаар ₮11.6 их наяд хүрсэн бол ДНБ ₮68.9 их наяд хүрч улмаар ХЗЗ-н ДНБ-д харьцуулсан харьцаа 16.8% болсон. Тэгвэл дэлхийн дундаж нь ХЗЗ-ийн хэмжээ ДНБ-тэйгээ тэнцүү хэмжээнд байдаг. Үүнээс харахад Монголын ХЗЗ дөнгөж хөгжлийнхөө гараан дээр байна.
Нөгөө талаас, ХЗЗ нь баялгийн тэгш хуваарилалтын механизмыг бий болгож дундаж давхаргыг дэмжиж байдгаас гадна компанийн зохистой засаглал, авлигын эсрэг ил тод байдлыг үүсгэдэг чухал салбар юм.
Тийм учраас Монголын ХЗЗ-г хөгжүүлж дараагийн шатанд гаргах боломж, хэрэгцээ шаардлага үүсээд байна. Харин ХЗЗ-г олон улсын стандартын дагуу жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө салбарын мэргэжлийн оролцогчид улс төрийн намуудад мөрийн хөтөлбөртөө тусгах бодлогын дараах саналуудыг уриалга болгон хүргэж байна.
Төрийн өмчөөс олон нийтийн өмч рүү
Төрөөс хамааралтай компаниуд, сангуудыг үе шаттайгаар ХЗЗ-д гаргаж ил тод байдал, зохистой засаглалыг бий болгоё.
- Төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар бэлдэж олон нийтийн компани болгох: Төрийн өмчит компаниуд шууд хувьцаат компани болоход санхүүгийн болон засаглалын хувьд бэлэн биш байна. Иймд, төрийн өмчит компаниудыг IPO хийхэд үе шаттайгаар бэлдэх замаар IPO хийлгэж олон нийтийн компани болгох.
- Уул уурхайн компаниудыг ХЗЗ-д гаргах: Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай хэр нь ХЗЗ дээр ердөө ганц л уул уурхайн компанийн IPO хийгдсэн байна. Энэ нь маш хангалтгүй тоо юм. Уул уурхайн компаниудыг ХЗЗ дээр гаргах замаар ил тод байдал, баялгийн тэгш хуваарилалтыг дэмжих.
- Төрийн сангуудыг ХЗЗ-тэй холбох: Тэтгэврийн санг төрийн 100% мэдлээс гаргаж олон улсын жишгийн дагуу хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэх хэрэгцээ мөн боломж үүсээд байна. Мөн үүнтэй зэрэгцээд хөндлөнгийн, зохистой хөрөнгийн удирдлагатай баялгийн санг үүсгэж Монголын ХЗЗ-г дараагийн шатанд гарахад зайлшгүй шаардлагатай байгаа институцинал хөрөнгө оруулагчдыг бий болгох.
Зохицуулалтаас бодлогын дэмжлэг рүү
Хөрөнгийн зах зээл нь хамгийн нарийн зохицуулалттай салбаруудын нэг бөгөөд ил тод тайлагнал нь эргээд том зохицуулалт болдог. Тэгвэл нөгөө талаас аливаа зах зээлд өргөжин тэлэхийн тулд оролцогчид талуудыг хөшүүрэгдэх том шаардлага үүсдэг.
- Бизнесүүдэд хувьцаат компани болох бодит хөшүүргийг бий болгох: IPO хийж хувьцаат компани болох нь ХХК байхаас юугаар давуу талтай вэ? Тухайлбал, татварын олон төрлийн хөшүүрэг байх боломжтой. ХЗЗ-н хөгжлийн эхэн үед үүн дээр тодорхой хөшүүрэг байх зайлшгүй шаардлагатай байдаг.
- Хувьцаа, бонд эзэмших хөшүүргийг бий болгох: Зах зээл нь хөрөнгийн урсгал, шилжилт байдаг бөгөөд хөрөнгө хамгийн өгөөжтэй, эрсдэл багатай салбарыг эрэлхийлж байдаг. Иргэд, бизнесүүдийг ХЗЗ-д оролцох оролцоог нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй бодлогын хөшүүргүүдийг бий болгох хэрэгтэй.
- ХЗЗ-ийн дэд бүтцийг сайжруулах: Төрийн гол чиг үүрэг нь эмнэлэг, зам, гүүр зэрэг дэд бүтцийг бий болгох байдагтай адил ХЗЗ-д ч гэсэн төрөөс ХЗЗ-ийн дэд бүтцийг дараагийн шатанд гаргахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж дэмжих цаг нь болжээ.
- Зохицуулалтын давхардлыг арилгах: Татварын болон компанийн олон төрлийн хууль, зохицуулалтууд давхардаж улмаар энэ нь эргээд хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдлыг үүсгэж байна.
- Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангуулах: Жижиг хувьцаа эзэмшигчид саналын эрх цөөн тул компанийн шийдвэрт нөлөөлөх боломж тэдэнд бага. Шийдвэрийг том хувьцаа эзэмшигчид л гаргадаг. Иймд жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл авах эрх, гомдол гаргах эрхийг өргөн хүрээнд хуульчилж, бодитоор хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэхүү уриалгыг бид Монголын бүх улс төрийн намуудад нээлттэй хүргүүлж ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалж байна.
Монгол Улсын хөгжил дэвшилд ХЗЗ чухал үүрэгтэй гэдэгтэй санал нэгдэж ХЗЗ-ийг хөгжүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлнэ гэдэгт бид найдаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.