ЛэндМН (LEND) олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч Lendable Asset Management байгууллагаас $20 саяын урт хугацаат санхүүжилт татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тогтвортой, урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой юм.
Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид нь Монголын эдийн засгийн томоохон төлөөлөл хэдий ч санхүүжилтийн хомсдолд хамгийн их өртдөг. Иймд ЛэндМН өнгөрсөн онд барьцаагүй, бүрэн дижитал бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх цогц үйлчилгээ болгоод буй. Одоогоор нийт 3,800 гаруй бизнес эрхлэгч ЛэндМН-ийн зээлийн үйлчилгээг ашиглаж, өдөрт дунджаар 630 орчим бизнес эрхлэгч апп-аар зээлийн эрхээ шалгаж байна.
Шинээр татсан энэхүү урт хугацаат санхүүжилт нь ЛэндМН-ийн бизнесийн зээлийн шугамыг өргөжүүлж, барьцаа хөрөнгөгүйгээс шалтгаалан зээл авч чаддаггүй бичил бизнес эрхлэгчдэд урт хугацааны, эргэлтийн хөрөнгийн зээлийн хэрэгцээг хангах тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бий болгох юм.
Ийнхүү ЛэндМН нь олон улсын хөрөнгийн зах зээлээс мэргэжлийн санхүүжилт татсан анхны Монгол финтек компани болж, салбарынхаа хөгжлийн шинэ үеийг нээж, Монголын финтек салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, цаашдын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эхлэл тавигдаж байна.
Мөн саяхан тус компани олон улсын “Харилцагчийг Хамгаалах Сертификат”-ын үнэлгээ хийлгэж, Мөнгөн түвшний (SILVER) стандарт хангасан ба Монгол, цаашлаад дэлхийд уг гэрчилгээг авсан анхны финтек компани болсон билээ.
Lendable Asset Management-ийн тухай
Lendable Asset Management нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжиж
буй зах зээлд үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч финтек компаниудад хөрөнгө
оруулан, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлага болон
тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын
санхүүгийн байгууллага юм. Тус байгууллага нь Африк, Латин Америк, Ази
болон Ойрх Дорнодын бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд уламжлалт
банкны үйлчилгээ хүрч чаддаггүй хувь хүн, бизнесүүдэд дэмжлэг үзүүлж буй финтек
компаниудад хөрөнгө оруулдгаараа онцлог.
Эх сурвалж: ЛэндМН
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.