
Урт амралтын дараа ажил төрөл эхэллээ, жинхэнэ амьдралтайгаа нүүр тулъя даа. Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагаст ямар өнгөтэй байв аа, юу болов?
🐎 1-р үзэгдэл: Халалт ба Тэлэлт
2026 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад Монголын эдийн засаг гаднаа гяланцаг, дотроо паланцаг буюу сонгодог халалтын шатандаа оржээ. Эдийн засаг 7.3% өссөн нь өмнөх оны мөн үеийн 5.6%-иас мэдэгдэхүйц хурдассаныг харууллаа.
🥶 2-р үзэгдэл: Том алдагдал ба Том тоо
Гэвч еэвэнгийн нөгөө тал хөгцтэй. Гаднаас орж ирж буй мөнгөний урсгал болон дотоодын хэт тэлэлтээс шалтгаалж инфляц 12%-д хүрч, Төв банкны зорилтот түвшнээс холдов. Үүний гол буруутан нь ЗГ-ын хумигдахгүй байгаа төсвийн бодлого юм. Төсвийн алдагдал өмнөх оноос бараг 2 дахин томорч ₮1.4 их наяд болоодхож. Төсвийн энэхүү өндөр алдагдал нь эдийн засаг руу их хэмжээний бэлэн мөнгө шахаж, инфляцыг хөөрөгдөх гол түлш болж байна.
🫸 Одоогийн нөхцөл байдлыг дүгнэвэл, Монгол Улс экспортоос олж буй валютын давуу талаа төсвийн үрэлгэн байдлаар унтрааж байна даа. Хэрэв төсвийн алдагдлыг хумихгүй бол ирэх хагас жилд инфляц улам гаарч, иргэдийн бодит орлогыг залгих эрсдэлтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.