Аж үйлдвэрийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна ажилгүйдэл, ядуурал, технологийн дэвшил, ногоон эдийн засаг зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлуудтай уялддаг.
Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Монголбанкны эдийн засагч Б.Золзаяа, Д.Анударь нарын аж үйлдвэрийн бодлого ба ногоон эдийн засгийн талаарх судалгааг хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!
Аж үйлдвэрийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна ажилгүйдэл, ядуурал, технологийн дэвшил, ногоон эдийн засаг зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлуудтай уялддаг. Сүүлийн жилүүдэд улс орнууд аж үйлдвэрийн бодлогын баримт бичгийг боловсруулан албан ёсоор зарлах нь нэмэгдсэн. Тухайлбал, 2013-2018 онуудад 84 улс орон албан ёсоор тус тусын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн стратегийг баталсан байна.
Дэлхийн эдийн засгийн 46-р форумын голлох сэдвүүдийн нэгээр “Industry 4.0” буюу “Аж үйлдвэрийн IV хувьсал” сонгогдсон нь тус асуудалд улам их анхаарал хандуулахад түлхэц болсон.
Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжил ба бодлого
Уул уурхай, олборлох болон боловсруулах үйлдвэрүүд манай орны аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 90% орчмыг бүрдүүлдэг. 2021 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн дийлэнх буюу 56.7%-ийг уул уурхай, олборлолтын дэд салбар, 31.4%-ийг боловсруулах үйлдвэрлэл тус тус бүрдүүлж байв.
Монгол Улсын хувьд ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг баталснаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2030/”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Ногоон хөгжлийн бодлого батлах тухай” зэрэг УИХ-ын тогтоолуудыг хүчингүй болгосон. Улмаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, аж үйлдвэрийн бодлого зэрэг нь “Алсын хараа-2050”-аар тодорхойлогдож байна.
“Алсын хараа-2050”-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинд аж үйлдвэрлэл, ногоон хөгжилтэй шууд холбоо бүхий хэд хэдэн заалт тусгагдсан байдаг. Уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэлийг одоогийн түвшин буюу ДНБ-ий 25%-30%-д байлгаж, харин боловсруулах аж үйлдвэрийг өнөөгийн байгаа түвшнээс 4 дахин нэмэгдүүлэн ДНБ-ий 7%-27%-д хүргэх зорилт тавьсан байна.
Өөрөөр хэлбэл, бодлогын баримт бичгийн дагуу манай улс 2050 он гэхэд боловсруулах аж үйлдвэр болон уул уурхай, олборлолтын салбаруудын эдийн засаг дахь оролцоог ижил болгохоор зорьж байна.
Хүснэгт дэх шалгуур үзүүлэлтүүдээс 1, 3, 5 дугаар үзүүлэлтүүдийн түвшин хангалтгүй байгаа бол 2 ба 4 дүгээр үзүүлэлтүүдийн түвшин тавьсан зорилттой нийцтэй байна. Үүнээс үзэхэд 1, 3, 5 дугаар шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангахын тулд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодруулах шаардлагатай.
Монгол Улсын ногоон эдийн засаг ба түүн дэх аж үйлдвэрийн нөлөө
Манай улс глобал ногоон эдийн засгийн индекс (GGEI)-ээр 2014 онд нийт 60 орноос 60 дугаарт, 2016 онд 80 орноос 79-д, 2022 онд 160 орноос 125-д эрэмбэлэгдсэн нь хангалтгүй үзүүлэлт юм (Dual Citizen, 2022). Ногоон эдийн засгийн индексийн бүтэц болон өөрчлөлт эдийн засгийн салбаруудын нүүрс хүчлийн хийгүйжүүлэлтийг цаашид дэмжих, зах зээл ба байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт ба нийгмийн тэгш байдал, хүрээлэн буй орчны эрүүл байдалд илүүтэй анхаарах шаардлагатайг илтгэж байна.
Аж үйлдвэрийн салбарын ногоон эдийн засаг дахь нөлөөг үнэлэхэд хүлэмжийн хийн ялгаралд уул уурхай, олборлолтын дэд салбар 95%-ийн түвшинд статистикийн ач холбогдолтой байна (Б.Золзаяа, Д.Анударь, 2022). Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал болон уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэл урт хугацаанд эерэг хамааралтай байдаг нь тогтоогдсон.
Уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдэхэд хүлэмжийн хийн ялгарал 2-3 жилд хамгийн ихээр өсөж, удаах 2 жилд ялимгүй буурах ч дараагаар нь тухайн түвшинд тодорхойгүй хугацаанд агаар мандалд үлддэг болохыг шинжилгээний үр дүн харуулж байна.
Судалгааг дэлгэрүүлж унших бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.