Төлбөрийн уян хатан нөхцөлийн одоо аваад, дараа төлөх (BNPL) үйлчилгээ нэлээд трэнд болоод байгаа. Америкт 5 хүн тутмын 1 нь BNPL-г ашигладаг ба өнгөрсөн онд 1 хэрэглэгч дунджаар $2,085-ын худалдан авалтыг тус үйлчилгээгээр дамжуулж хийсэн байна. Гэвч хүмүүс нөгөө талаар эргэн төлж байгаа юу гэдэг сонирхолтой…
⚠️ Klarna I улирал
BNPL-н томчуудын нэг Шведийн Klarna-н 2025 оны I улирлын алдагдлын хэмжээ 2 дахин нэмэгдэж $99 саяд хүрсэн нь зах зээлийг цочроов. Учир нь эргэн төлөлттэй холбоотойгоор хэрэглээний зээлийн алдагдал 17% нэмэгдэж $136 саяд хүрч, эргэн төлөлтийн алдагдлын түвшин 0.03 нэгж хувиар өсөж 0.54% болсон аж. Товчхон дүгнэхэд хүмүүс одоо авчхаад дараа төлөхөө мартаад эхэлжээ. Уг нь бол орлого нь 15% өсөж $701 саяд хүрч, идэвхтэй хэрэглэгчид 19% ихсэж 100 сая болсон байжээ.
🔮 Хувь заяа
Том зургаар Klarna энэ онд хоол хүргэлтийн Doordash (DASH) болон Walmart (WMT)-тай хамтран ажиллахаа зарласан. Энэ нь тэдний хувьд хэрэглэгчийн тоо, орлогоо нэмэх алтан боломж хэдий ч одоогийн тулгамдаад буй эргэн төлөлтийн түвшин сайжрах эсэх нь эргэлзээтэй. Мөн компанийн зүгээс IPO хийх төлөвлөгөөгөө хойшлуулахаар шийдсэн. Уг нь амжилттай IPO хийсэн бол зах зээлийн үнэлгээ нь $15 тэрбумд хүрэх төлөвтэй байлаа гэж.
⚖️ Хуулийн зохицуулалт
Klarna нь 26 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус мэдээний дараахан Их Британийн ЗГ-аас BNPL-тэй холбоотой дүрэм, журам боловсруулахаа зарлалаа. Тухайлбал, BNPL үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчийн төлбөрийн чадварыг шалгах, төлбөрийн буцаалтыг хялбаршуулах үүрэг хүлээх аж. Харин Америкийн хувьд BNPL дээр өмнө нь баталсан кредит картын зохицуулалттай адил дүрмийг цуцлах шийдвэр гаргасан нь BNPL-тэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлэх талтайг шинжээчид онцолсон аж.
Эцэст нь… Гадаадад BNPL-н нөхцөл байдал ороо бусгаа, хуулийн зохицуулалт шалдар булдар байх нь. Санхүүгийн сахилга баттай байх нь хариуцлагын томоохон хэлбэр билээ. Монгол дахь энэ төрлийн бизнесүүд ч анхаарах нь зүй. Манай лимонууд хэр BNPL ашиглаж байна даа?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.