Зээ, энэ удаад бид Монголын анхны дотоодын олон улсын стандартыг хангасан худалдааны төв Go.to Market-р зочилсон түүхээ хуваалцаж байна.
Концепц: “Community lifestyle”
Go.to Market нь оффисын барилгын чиглэлээр дагнасан 14 жилийн туршлагатай Master Группийн 5 дахь төсөл юм. Мастер Групп тус худалдааны төвийг барихдаа Улаанбаатар хотын 39 бүсэд 27 төрлийн судалгаа хийсний үндсэн дээр хойд бүсэд байгуулсан аж. Байршлын хувьд ид дахин төлөвлөгдөж байгаа газар төдийгүй лагерь явах зам дагуу байдгаараа давуу.
Ногоон байгууламж
Go.to Market-н барилгын архитектурын дизайн нь анхаарал татахуйц өвөрмөц шийдэлтэйн сацуу гаднах ногоон байгууламжийн тохижилт нь яг л гэр бүл, найз нөхдөөрөө үйлчлүүлэхэд тохиромжтой шийдэлтэй байсныг онцлох нь зүйтэй болов уу. Худалдааны төв рүү орж, гарах 4 хаалгатай бөгөөд үүнийхээ нэг хэсэгт зүлэг дэвсэх байдлаар нарлах орчныг хөнгөхөн бүрдүүлчихсэн байсан шүү. Сонирхуулахад, тус худалдааны төв нь эрчим хүч болон дулааны алдагдлыг 20%-иас дээш бууруулсан шийдэлтэй тул ХААН Банк ХК (KHAN)-иас боломжит хамгийн өндөр дүнгээр ногоон зээл авч, барилга угсралтын тодорхой хэсгээ санхүүжүүлжээ.
Зиа, одоо Go.to Market-н давхар тус бүрээр нь аялъя.
Томоохон худалдааны төвийг автомашины зогсоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэдний хувьд B1 давхартаа 150, гадна талбайдаа 100 автомашины зогсоолтой тул нийт 250 автомашин зогсох боломжтой юм. Юуны тулд худалдаа, үйлчилгээний цогц төв гэсэн билээ дээ B1 давхарт мөн авто угаалга ч байдаг гэсэн шүү. Үргэлжлүүлэн уншвал тус худалдааны төвд байхгүй юм байхгүй гэдгийг ойлгоно^2.
I давхар: Уламжлалт болон орчин үеийн хослол
Эхний давхарт хүнс, мах, ногоо, жимсний тасаг, кафе байрлах бөгөөд энэ хэсэгт монголчуудын уламжлалт худалдааны хэлбэрийг хадгалсан орчин үеийн худалдааны төвийг бий болгон тохижуулсан сонирхолтой шийдэлтэй. Уг давхрын хамгийн онцлох төдийгүй хэрэглэгчдийн Go.to Market-г зорих гол шалтгаан нь махны хэсэг гэнэ. Учир нь “Шинэ махны зах” нь олон төрлийн махны өргөн сонголттойгоос гадна хамгийн чухал нь амт чанар, ариун цэврийг хангасан байдал.
Тодруулбал, Go.to Market-д худалдаалагдаж буй мах болон ногоог зөөвөрлөхөөс эхлээд бэлтгэн, жижиглэх ажлыг хөнгөвчилсөн талбайг тус тус гарган бизнес эрхлэгчдэд үнэгүй ашиглуулдаг гэнэ.
Аан тийм бас тэд худалдааны төвийнхөө дотоод заслыг хэрэглэгч нартаа тухлаг, харууцтай байлгах зорилгоор II давхраас IV хүртэл сүндэрлэсэн хиймэл модыг байршуулсан нь нүд баясгаж байв. Үүн шиг “void” хэсэг ахин нэг байдаг бөгөөд тус талбайг түрээслэхийн оронд худалдааны төвийг царайлаг болгох зорилгоор ашиглах нь илүү дээр гэж үзсэн бололтой.
II болон III давхар: Хайсан бүхнээ нэг дороос
II давхарт гоо сайхан болон гэр ахуйн, III давхарт бэлэн хувцасны дэлгүүрүүд тус тус байрлаж буй. Нэмэлтээр тус давхруудаас хараа зүйн оношилгооны дэлгүүр, түлхүүр хувилах, оёдолчин, хэвлэлийн газар зэрэг хотын төвөөр ховордсон үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэхээр цаганд ч хөөрхөн хэмнэлттэй.
IV давхар: Гэр бүлийн хэсэг
Харин IV давхарт “Нааш-Ир” тоглоомын төв, “Mom’s Touch” гэхчлэн ресторануудтай тул гэр бүлээрээ яваа үйлчлүүлэгчид хүүхдүүдээ үлдээгээд тайван дэлгүүр хэсэх боломжтой аж. Тус давхарт мөн хиймэл зүлэгтэй хэсэг байдаг тул нэмээд дэлгүүр хэсэх дургүй нөхрөө бас үлдээж болох юм байна лээ шүү.
Цаашлаад, тэд дээврийн хэсгээ 3х3 сагсан бөмбөгний талбай болгож байгууламжийнхаа бүхий л дээврийн талбайг ашигласан хэсгийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн шүү. 5 давхар байгууламжийн дээр сагсан бөмбөг тоглох ямархуу мэдрэгддэг бол? Сонирхолтой…
Эцэст нь… Go.to Market-н концепц бол шинэ үеийн, найз, нөхөд, гэр бүлүүд амралтын өдрөөрөө цагийг хамт өнгөрүүлэхэд худалдааны төв. Угаалгын өрөөний төрөлжилтөөс эхлээд гаднах ногоон байгууламж, бизнес эрхлэгч нартаа зориулсан хэсэг гээд бага зэрэг анхаарал хандуулахад л тухайн орчин хүндээ хэрхэн ээлтэй болох боломжтойг харуулсан шийдлүүд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.