• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 24, 2024
Interview
М.Хулан
/ 6 сарын 24, 2024

Б.Отгонтөгс: Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл залууст ээлгүй байна

Lemon Press Interview-н ээлжит дугаараар бид Монголд тулгамдаж буй хөдөлмөрийн зах зээлийн хомсдол, боловсролын асуудлаар УИХ-ын 12-р тойрогт ХҮН намаас нэр дэвшиж буй МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа. Тухлан сууж уншина уу. 

Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

Ярилцлагад урьсанд баярлалаа. Намайг Банзрагчийн Отгонтөгс гэдэг. Би МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимд 1994 оноос хойш багшилж байна. Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж, Дархан хотод 10 жилээ төгссөн. Ээж, аав маань багш байсан тул боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг гэр бүлд өссөн л дөө.

1986 онд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, 1992 онд төгссөн. Тэр үед социализмын Марксист онолоос шинэчлэлтийн үед Адам Смитийн экономиксийн онол руу шилжиж байсан тул их сургуулийн сүүлийн 2 жилд маш сонирхолтой онолуудыг судалж мэдээд Монголдоо буцаж ирсэн. Төгссөний дараа МУИС-д багшилж, экономиксийн хамгийн анхны сурах бичгийг орчуулах, заах ажилд оролцож байв.

1997-1998 онд Их Британийн Манчестерийн Их Сургуульд экономиксоор магистрын зэрэг хамгаалан төгсөж ирээд, их сургуульдаа нарийн мэргэжлийн хичээлүүд заадаг болсон. Манчестерийн Их Сургуулийн профессор маань надад магистр хамгаалахаас илүү докторын зэрэг хамгаалахыг зөвлөж, Америкийн шилдэг их сургуулиудыг санал болгож байлаа. Улмаар 2005 онд Колумбын Их Сургуулийн эдийн засгийн хөтөлбөрт элсэн суралцаж 2010 онд докторын зэрэг хамгаалж, Монголдоо эргэж ирсэн.

Таны Монголд ирж багшлах болсон шалтгаан юу байсан бэ?

Монголд ирсэн шалтгаан нь өндөр настай ээжийгээ асрах болон улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулах хүсэлтэй холбоотой. Түүнээс хойш МУИС-д багшилж, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, докторын зэрэг хамгаалах, зөвлөлийн орлогч даргаар ажиллах зэрэг олон үүрэг гүйцэтгэсэн. Хажуугаар нь нийгмийн олон ажилд оролцдог. Жишээлбэл, Хөвсгөл аймагт хүүхдүүдэд зориулсан зуны сургалт зохион байгуулж, амьтны эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог.

Намтарыг тань харахад та боловсролын болон хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр дагнан судалгаа хийдэг юм байна. Одоо Монголд тулгамдаж буй асуудлуудын дийлэнх нь боловсролын асуудлаас эхтэй харагддаг. Энэ талаар яривал? 

Монголын боловсролын салбарт бичиг үсэг тайлагдсан түвшин 97%-д хүрсэн гэх зэргээр 1991 он хүртэл хөгжил дэвшил их гарсан. Гэхдээ 1991 оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр 30 гаруй жил болж байна. Боловсролын салбарын асуудлыг шийдэхийн тулд мөнгө хэрэгтэй гэж үздэг. Тиймээс улсын төсвөөс боловсролд зарцуулах төсвийг жил ирэх тусам нэмсээр ирсэн. Тухайлбал, 2024 оны төсвийн зардлын 24%-ийг боловсролын салбар эзэлж байгаа. Гэтэл боловсролын салбарт зарцуулж байгаа энэ их мөнгөний 60%-70% нь ихэвчлэн багш нарын цалин, НДШ, тэтгэмж зэрэгт зарцуулагдаад үлдсэн 20%-30% нь сургууль, цэцэрлэгийн барилга барих, засварлах гэх мэт дэд бүтцийн ажлуудад зарцуулагддаг. 

Цаашлаад сургуулийн өмнөх боловсролын санхүүжилтийг харахад сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш нарыг дахин сургах, сургалтын шинэ технологи, апп хөгжүүлэлт буюу яг анхаарах хэрэгтэй зүйлдээ 10% орчмыг л зарцуулж байгаа. Тэгэхээр боловсролын чанар их буурна гэсэн үг. Эдийн засагч А.Заяадэлгэрийн 2021 онд хийсэн судалгаагаар Монголын боловсролын үр өгөөжийг чанар, хүртээмжтэй байдалтай нь харьцуулбал Зүүн Өмнөд Азийн нийт 30 гаруй орны түвшинд хүрэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл бидний төсвийн зардлаасаа боловсролын салбарт зарцуулж буй мөнгө Зүүн өмнөд Азийн бусад улстай харьцуулахад хамаагүй өндөр мөртлөө боловсролын түвшин тус улсуудынхаас муу байгаа юм. Тэгэхээр эдийн засагчдын үзэж буйгаар,

  • Нэн түрүүнд засаглал, менежментийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 
  • Удаад нь боловсролын салбарт технологийн шийдлүүдийг сайн нэвтрүүлэх хэрэгтэй. 

Тухайлбал, Орчлон, Шинэ Монгол зэрэг шилдэг сургуулиудын хичээл заах арга зэргийн лицензийг нь албан ёсоор аваад Ховд аймгийн Зэрэг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Өмнөговь аймгийн Гурван Тэс сумд буюу алслагдсан орон нутагт суралцаж буй хүүхдүүдэд телевизээр ч бай, цахим платформоор ч бай сонсгох, суралцах боломжийг нь олгох технологийн шийдлийг нэвтрүүлээгүй л байна шүү дээ. 

Дээд боловсролын тухайд төсвөөс бүр бага санхүүжилт өгдөг хэр нь зах зээлд нь маш их оролцдог. Жишээлбэл, төрөөс 1 кредит сургалтын үнийг тогтоодог төдийгүй оюутнуудын квот тогтоох гэхчлэн оролцоо маш их. 

  • Нэмээд төрөөс захирлууд болон менежментийн бүрэлдэхүүнийг нь томилж байна. 
  • Түүнчлэн бусад орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухаан руу хурдацтай шилжиж байхад үүнийг их сургуулиудаар хийлгэе, хөгжүүлье гэсэн ойлголт, зөвшилцөл тун бага. 

Үүнийг мэдэхгүй байгаадаа бус мэдсэн ч хийхгүй байгаа нь маш том асуудал. 

Монголд залуусын их дээд сургуульд суралцсан байдал харьцангуй өндөр байдаг хэдий ч аль ч салбарт чадварлаг боловсон хүчин дутагдах болсон. Ажиллах хүчний хомсдолоос гарахын тулд бид бодлогын түвшинд юу хийх шаардлагатай байна? 

Инженер хүн асуудал тулгарахаар шууд л томьёо бодоод эхэлдэг шиг эдийн засагч хүний хувьд надад шууд л эрэлт, нийлүүлэлтийн асуудал бодогдож байна. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт асар их байгаа ч үүнийг хангах дайны чадварлаг боловсон хүчний нийлүүлэлт байхгүй. Тийм учраас л хомсдол үүсэж байгаа хэрэг. 

Үүн дээр анхаарах нэг зүйл нь зах зээл тэр чигтээ нийлүүлэлтгүй болчихсон асуудал байхгүй.  1991 оноос хойш ЗГ-ын төсөв, өрх гэрүүдийн хөрөнгөөр хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт буюу хүүхдүүдийг зөндөө бэлтгэсэн. Гэсэн хэр нь тэдгээр хүмүүс яагаад зах зээл дээрх эрэлтийг хангаж чадаагүй вэ гэхээр социализмын үед их дээд сургуульд сурсан хүмүүсийг томилолтоор явуулчихдаг байсан. Одоо бол хөдөлмөрийн нийлүүлэлтийг хаашаа хийхээ хүн өөрөө шийдэж байна. Цаашилбал залуучууд Монголд ажиллах хүсэлгүй байгаа шалтгаан өнөө л цалин шүү дээ. 

Цалингийн хэмжээ маш бага, нэмээд инфляц, амьжиргааны зардал хурдацтай өсөж байна. Инфляц ийм өндөр үед залуус дор хаяж $1,500-оос эхлэх цалин, хөлс авч байж энэ улсын санхүү, банк, уул уурхайгаас эхлээд бүхий л салбарт ажиллах хүсэлтэй байгаа. Гэтэл одоо авч байгаа цалинг нь ам.доллароор бодоход дунджаар $500-$600-ын цалин буюу ₮1.7 саяын цалин авч байна. Энэ нь НДШ, татварыг оролцуулаагүй дүн шүү дээ. Монголд голч цалин ₮2.2 сая бол дундаж цалин ₮1.9 сая байна.

Хөдөлмөрийн эдийн засагчийн нүдээр харахад сүүлийн 20 жилд ДНБ-ээс цалин хөлсөнд зарцуулсан зардал өсөхгүй байгаа. 

2018 оноос хойш бага зэрэг өссөөр одоо 24% болсон. Гэтэл бусад улсад бизнес, компаниуд ₮100-ийн орлого оллоо гэхэд түүний 60% нь ажилчдын цалин, шимтгэл, илүү цагийн мөнгө рүү зарцуулагдаж байдаг. Гэтэл манайд 24% байгаад байна шүү дээ. Компаниудын хувьд том төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр барих, бизнесээ тэлэхдээ урд нь хүлээгдэж байгаагүй том зардлыг төлж байдаг. Тэр зардлыг авлига гэдэг. Жишээлбэл, компаниудыг орлогынхоо 10%-20%-ийг газрын тусгай зөвшөөрөл, тендер авсныхаа төлөө өг гэдэг. Ингээд ирэхээр компанийн ажилчдад очих, технологио сайжруулах, бизнесээ тэлэх мөнгө авлига, хээл хахуульд зарцуулагдаад байгаа юм. Монголд бүх юм бүртгэгддэг, үнэлэгддэг болж, авлига хээл хахуулиас ангижирч байж ААН-үүд өндөр цалин олгодог болно. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээл сайжирна. 

Цаашилбал, хөдөлмөрийн зах зээл залуучуудад ёс зүйн хувьд ээлгүй гэх мэт асуудлууд цөөнгүй бий. Тухайлбал, NEET (Not in Education, Employment, or Training) буюу сураагүй, ажиллаагүй 15-24 насны хүмүүсийг нийт хүн амынх нь тоонд хуваасан хувиар гаргадаг судалгаа бий. Үүгээр улс орнууд 13%-14% гарахад боломжийн гэж үздэг. Монголын хувьд 22%-24%-тай гарч байгаа нь тухайн насны бүлгийн 4 хүний 1 нь ээж, аав, эмээ өвөөтэйгөө амьдарч тэжээлгэж байна гэсэн үг. Тэгэхээр залуучуудын хувьд их ээлгүй эдийн засаг болж байна. 

Монголд цалин салбар болон хүйсээс хамаарч ялгаатай байгаа. Тэгэхээр та энэ чиглэлд хийсэн судалгааныхаа үр дүнгээс хуваалцаач.  

Жендерийн, боловсролын, хөдөлмөрийн эдийн засаг хоорондоо уялдаатай байдаг. Ажиллах хүчний түүвэр судалгааны 2018 оны дүнгээр яг адилхан мэргэжилтэй, адилхан салбарт ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн ялгаа нь 18.9% байсан.  

Түүнчлэн МАА, газар тариалан, уул уурхай зэрэг 20 гаруй том салбарыг цалингийнх нь түвшнээр 1-10 хүртэлх десайл (decimal) оноогоор авч үзэхэд 1-4 буюу доогуур десайлд эрэгтэйчүүд нь бага цалин авдаг бол банк санхүү, уул уурхай гээд 8-10 буюу өндөр цалинтай салбаруудад эрэгтэйчүүд нь илүү өндөр цалин авч байгаа. Уг нь бол хөгжиж байгаа орнуудад эмэгтэйчүүдийн цалин доод түвшиндээ илүү байдаг. Гэтэл Монголын жишээ өндөр хөгжилтэй орнуудынх шиг байна. 

Миний 2024 онд хамтарч хийсэн судалгаагаар хамтарсан судлаач маань өнгөрсөн 2-р сард Америкт очиж хуралд оролцсон юм. Тус судалгаагаар хүйс дотроо цалингийн ялгаа гаргаж буй шалтгааныг харахад эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа гаргаж буй гол хүчин зүйл нь “Motherhood” буюу ээж байх, хүүхэд төрүүлэх, хүүхдээ цалин хөлсгүй асрах нь нөлөөлдөг гэх дүгнэлт гарсан. 

  • Түүнчлэн 2018 онд хийсэн 47 мянган эмэгтэйчүүдийн түүврийн судалгаанаас харахад ээж биш, хүүхэд төрүүлээгүй, хүүхэдгүй ажил хийдэг эмэгтэйчүүдийг нэгээс дээш насны хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад дундаж цалингийн ялгаа нь 21.3% гэж гарсан. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй байх, хүүхэд төрүүлэхэд “wage penalty” буюу цалингийн дарамт, алдагдлыг бий болгож байна гэсэн үг л дээ. 
  • Харин аавуудыг нь судлахад хүүхэдтэй аавууд болон хүүхэдгүй аавуудын цалингийн ялгаа 19.3%-иар илүү байсан. Өөрөөр хэлбэл аав болонгуут тухайн хүн илүү цагаар ажиллах, сайн ажиллах, албан тушаал ахих, илүү том төсөл дээр ажиллах зэргээр хүсэл, эрмэлзэл, чармайлт нь илүү болдог аж. Маш сонирхолтой үзүүлэлт. 

Хүйс доторх ялгаа, салбарын ялгааг одоо манайд гаргадаг болоод байна. Гэхдээ Монголд хийж байгаагүй судалгаанууд ч бий. Жишээлбэл нийгмийн шилжих хөдөлгөөн. Энэ нь монголчууд өмнөх үеэсээ буюу ээж аавынхаа үетэй харьцуулбал хэр илүү боловсролтой болж чадсан, ажил төрлийн статусаа хэр ахиулав, хэр илүү баялаг, хөрөнгөтэй болж чадсан зэргийг хэмждэг судалгаа юм. Ингэхэд 2010, 2020 оны хүн амын тооллогын датагаар манайд бол нийгмийн шилжих хөдөлгөөн их сайн явж байгаа нь харагдсан.

Тэр тусмаа эмэгтэйчүүдийнх. Өөрөөр бол охид, эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн шилжих хөдөлгөөн их буюу ээж, ааваасаа илүү өндөр боловсролтой болж байна аа гэсэн үг.

Эрэгтэйчүүдийнх ч ихсэж байгаа ч эмэгтэйчүүдийнхээс бага байгаа юм. 

Цаашлаад аймгуудаар нь үзэхэд Увс, Ховд аймгийнхан ээж ааваасаа илүү өндөр боловсролтой болсон байна. Хамгийн ахиц бага гаргасан нь Улаанбаатар хот. Шалтгаан нь Улаанбаатар хотод хүмүүсийн боловсролын түвшин угаасаа өндөр байдаг. Ээж, аавууд нь бүгдээрээ бакалаврын боловсролтой хүмүүс байгаа. Тэгэхээр бакалаврын боловсрол эзэмшсэн хүүхдүүд ээж, ааваасаа давж гарахгүй шүү дээ. Магистр, докторын зэрэгтэй болж байж л давж гарна гэсэн үг. 

Үргэлжлүүлэхэд бидэнд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах өндөр хэрэгцээ бий. Өмнө нь  Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь Канадаас орж ирдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд Канадын Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалт буурч, Нидерландынх нэлээн нэмэгдсэн харагдсан. Гадаадын хөрөнгө оруулалт ярихаар “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн сэдэв рүү орж таарч байна л даа. Таны хувьд тус хууль, гаднын хөрөнгө оруулалтын зохицуулалтын алдаа хаана нь гарсан гэж боддог вэ? 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр улс орны эдийн засаг урагшлахгүй. Урагшилсан ч мэлхийн хурдаар урагшилна. Саяны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарим хууль тогтоогчид эсэргүүцэж харагдсан. Ингэж эсэргүүцсэнээрээ эдийн засаг, нийгэм, хүн амдаа их хохиролтой гэдгийг өөрсдөө ер ойлгохгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд 2007 оноос илүү эрчимтэй орж ирсэн байдаг. Уул уурхайгаа дагаад технологи, аж үйлдвэр, боловсролын салбарт овоо орж ирсэн. Харин 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа салбаруудыг нь нарийн зааж өгсөн юм. 

  • Тухайлбал харилцаа холбоо, банкны салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулах хэмжээнд нийт дүрмийн сангийнх нь 33%-иас илүү гарвал холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах хатуу зохицуулалтыг оруулж ирсэн. Тиймээс ч гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан байдаг.

Сая хөрөнгө оруулагчдад таатай эрхзүйн орчин бүрдүүлнэ гээд нэмэлт өөрчлөлт оруулах гэтэл газрыг 100 жилээр эзэмшүүлэх гэж байна, болохоо болилоо гээд эсэргүүцсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтын хууль сайжирч чадаагүй. Уг нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хуулийг хөрөнгө оруулагчдад ээлтэй болгосноор бид гаднын ажиллах хүчинтэй хамтран ажилладаг, тэдний ноу-хау, технологиос нь сурдаг, капиталынх нь үр өгөөжийг хүртэж хамтран ажиллахын хажуугаар ажиллах хүчнээ бэлдэж дараагийн үндэсний том баялаг бүтээгчидтэй өрсөлдүүлж, ургуулж, бойжуулж гаргаж ирдэг гэдгийг ойлгохгүй байх шиг. 

Манай улс инженер технологийн салбарт маш их хөрөнгө оруулалт татах боломжтой улс. 

2 их гүрний дунд байдаг болоод ч тэр үү тэдний холболт сүлжээ, логистик тээвэр, технологи, интернэтийн сүлжээ гээд л газар доогуур, агаарын гээд бүхий л холболтыг хийх боломжтой, дундаас нь ашиг олдог мундаг эдийн засагтай болох боломжтой улс. Тэр статусаа алдчих шиг боллоо гэж харж байгаа. 

2024 оны төсвийг харвал 24% нь Сангийн яамны мэдэлд байгаа. Үүнд бид нарын өмнөх тавьж байсан гадаад өр буюу гадаад өрийн хүүгийн төлбөр багтаж байгаа. Цаашлаад 23% нь боловсролд, 22% нь НХХЯ-нд байдаг. Нөгөө хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бараг 70% орчим нь явчхаж байгаа биз? 8% орчим нь л эдийн засагт ордог юм. Ердөө 22% нь л эрчим хүч, дэд бүтэц, батлан хамгаалах, ногоон хөгжил, барилга байгууламж, зам тээвэр, батлан хамгаалах, харилцаа холбоонд зарцуулагдаж буй. Ингээд ирэхээр төсвөөр ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтаа томруулах боломж нь маш бага. 

Бид боловсрол, ажиллах хүч, хөрөнгө оруулалт гээд олон сэдвээр ярилаа. Та ямар зорилгоор УИХ-д дэвшиж байгаа вэ? Энэ асуудлуудыг яаж шийдэх гэж байна? 

Надад улс төрд орох бодол тийм ч их байгаагүй. 2010 онд сургуулиа төгсөж ирээд бушуухан л нутагтаа очиж ээжээ хараад, хичээлээ заах юм сан л гэсэн хүсэлтэй байсан. Тэгээд 2020 он хүртэл хичээлээ заалаа л даа. Судалгаагаа хийгээд явж байхдаа асуудлаа харж, мэдэж байгаа шүү дээ. Тухайн үед надаас илүү ухаантай судлаачид, улс төрчид эдгээр асуудлыг шийдэж чадна, хийж чадна гэж боддог байв. Ингээд явж байсан чинь нэг л биш байсан. 10 жил ерөнхийдөө ийм бодолтой харсан. Улмаар 2020 онд ХҮН намд элсэж тухайн ондоо Дархан-Уул аймагт дэвшиж, 2020-2024 он хүртэл ХҮН намын удирдах зөвлөлд, Дархан-Уул аймгийн ХҮН намын даргаар ажилласан. ХҮН нам хажуудаа нэг л том байгууллагатай. Бусад нам бол залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, ахмадын байгууллага гээд л өчнөөн байгууллагатай. ХҮН нам бол зөвхөн бодлого судалгааны тинк танктай. 

Гаднаас нь хэлээд, надаас илүү мундаг хүмүүс байгаа болохоор болчих байх аа гэсэн чинь болохгүй шинжтэй байна. Ялангуяа эрх баригч намууд хуулийг мэргэжлийн бус аргаар баталж байгаа нь судлаач, эдийн засагч бид нарт таалагдахгүй байгаа юм. Тухайлбал, сүүлийн парламентын 2021-2024 онд баталсан, сая хаврын чуулганаар баталсан хуулиудад ерөөсөө олон нийтийн хэлэлцүүлэг хийсэнгүй. 

Мэргэжлийн байгууллагууд, ассоциаци, экспертүүдийн зөвлөмжийг авахгүйгээр, сайжруулахгүйгээр, дахин хэлэлцүүлэг хийлгүйгээр шууд л баталж байна. 2024 оны төсвийн тухай хуулийг батлахдаа 40 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар баталсан. 

Гэтэл дагалдах 40 гаруй хуулийнх нь нэмэлт өөрчлөлт дээр нэг л тоог нь 90%-иас 50%, 10%-иас 5% болгоно гэдэг нь эдийн засагт маш том нөлөө үзүүлдэг.

Тэрийг хэн ч мэдэхгүй. Иргэд битгий хэл тэр хуулийг батлалцаж байгаа 76 гишүүн ч мэдэхгүй ийм нүсэр өөрчлөлт гардаг. Иргэдийн эдийн засаг, нийгэмд чухал нөлөөтэй хуулиуд дээр шинжээч, эдийн засагч, судлаач хүний хувьд болохгүй гэж хэлж сануулж байх хүн хэрэгтэй байна. 

Сайн судалгаатай, туршлагатай инженер, технологи, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн гээд салбар салбарын экспертийг оролцуулсан, олон асуудал шийдэж чадахаар парламентыг бүрдүүлбэл ирэх 4 жилд өмнө нь хутгасан бантан шиг хуулиудыг засварлах байх. Тэгж байж хувийн хэвшилд амьсгалах боломж, эрх чөлөө, бизнес хийх эрх чөлөөг нь олгоно. Харин 2028-2032 оны парламент бол маш шийдэмгий байж магадгүй гэж харж байна.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. 

Урьсан та бүхэнд баярлалаа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.