Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (Natural Resource Governance Institute)-гийн менежер Н.Дорждарийн төрийн өмчит уул уурхайн компаниудын талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Уул уурхайн салбарын байдал төрийн өмчит компаниудаас шууд хамаардаг
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар нэн чухал үүрэгтэйг тоо баримт бэлхнээ илтгэнэ. Харин салбар дотор нь авч үзвэл төрийн өмчит компани (ТӨК)-ууд давамгай байр суурийг эзлээд олон жилийг үдэж байна. Өнөөдөр уул уурхайн хамгийн том гурван төслийг төрийн өмч бүхий Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгой, Эрдэнэт компаниуд хэрэгжүүлж байна. Мөн Эрдэнэс Монгол хэмээх уул уурхай тойрсон олон бизнесийг босгох зорилго бүхий компани байгуулагдаад даруй 15 жил өнгөрчээ. Монголчууд ч эдгээр компанийг эдийн засгийн хурдацтай өсөлт, хөгжлийн эх уурхай хэмээн итгэл найдвар тавьж ирсэн юм. Ийм учраас уул уурхайн салбарын ололт, алдаа оноог ярихад төрийн өмчит компанийн үр ашиг, засаглалыг авч үзэхгүй байх боломжгүй.
Өнөөдөр байдал ямар байна вэ?
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ийн гаргадаг Баялгийн засаглалын индекс-ийн дүн төрийн өмчит компанийн засаглал нь уул уурхайн засаглалын хамгийн сул цэг болж байгааг нотлон харуулсан билээ. Хамгийн сүүлд 2017 болон 2021 онд хийгдсэн уг судалгаагаар ТӨК-ийн засаглалын үзүүлэлт сүүл мушгиж байгаа бөгөөд дөрвөн жилийн хугацаанд ахиц дэвшил гараагүйг доорх зургаас харж болно. Мөн 2021 онд 21 улсын төрийн өмчит компанийн засаглалыг үнэлэхэд Эрдэнэс Монгол компанийн төлөөлсөн Монгол Улс 18-р байрт жагссан байдаг.
Авлигын томоохон хэргүүд уул уурхайн салбар, тэд дундаа төрийн өмчит компаниудтай холбоотойгоор гарсаар байна. Нүүрсний хулгай, Эрдэнэтийн шахаа, Гансүхийн болон Батхүүгийн хэрэг, Хаянхярваагийн авлига, Оюутолгойн гэрээ гэхчлэн нэрлэсэн авлига, албан тушаалтай холбоотой дуулиан шуугиан төрийн өмчит компаниудыг тойрон ар араасаа хөвөрдөг. Зарим нь салбарын хүрээнээс хальж улс төр, нийгмийн ноцтой зөрчил, үр дагаварт хүргэж байсан.
Цааш харвал…
Уул уурхайн ТӨК-уудын эдийн засгийн нөхцөл байдал мөн л төвөгтэй байна. Бүрэн гүйцэт хийгдээгүй хэмээн шүүмжлэгдэж буй нүүрсний тээврийн зориулалттай төмөр замаас өөр ахиц дэвшил гарсан томоохон төсөл сүүлийн жилүүдэд гарсангүй.
Алт цэвэршүүлэх, нефть боловсруулах, зэс хайлуулах, ган үйлдвэрлэх, нүүрс шингэрүүлэх, уран, мөнгө олборлох зэрэг олон төсөл царцсан, эсхүл цуцлагдсан төлөвтэй байна. Тус салбарт гаднын хөрөнгө оруулалт татах оролдлогууд сүүлийн жилүүдэд ихэвчлэн бүтэлгүйтэж байгаа нь төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах сонирхол төдийлөн төрөхгүй байгааг илтгэх мэт. Салбараас олсон орлогыг төр засаг хариуцлагатай удирдах, хуримтлал үүсгэх, шавхагдах нөөцийг өгөөжөө байнга өгөх санхүүгийн урсгал болгон хувиргах зорилго Үндсэн хуулийн тунхаглал төдийхнөөс хэтрээгүй байна.
Компаниудын өр шир нэмэгдэж, эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаалал нэмэх эрсдэлтэйг ББЗХ-ийн Төрийн өмчит уул уурхайн компанийн өрийн бодлого судалгаанаас харж болно. Ялангуяа Ковид-19 цар тахлын үеэр төрийн өмчит компаниуд үндсэн бус үйл ажиллагаанд өргөнөөр татагдан оролцож, төсвийн шинжтэй зарцуулалтыг их хэмжээгээр санхүүжүүлснийг бүгд мэднэ. Тухайлбал, иргэдийн цахилгаан дулааны үнийг төлөх, санхүүгийн дэмжлэг олгох зэрэг ажилд гол төлөв төрийн өмчит компаниудаас ₮2.5 их наяд орчмыг зарцуулсан нь төсвийн урсгал зардлын 23%-тай тэнцэх дүнтэй байсан. Үүнийг Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан судалгаанд дурдсан ба зориулалт, эх үүсвэрийг доорх зургаас харж болно.
Хэдийгээр цар тахлын үед эдгээр зарцуулалт нь иргэдийн амьдрал ахуйд нэн тустай байсан ч эцэстээ компаниудын засаглалын зарчмыг алдагдуулж, урт хугацаандаа үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна.
Алдаагаа давтсаар…
Уул уурхайн салбарт ТӨК-ууд зонхилох байр суурийг эзлэх болсон нөхцөлд тус салбарт гадна дотнын хувийн хөрөнгө оруулагчид орж ирж, чөлөөтэй өрсөлдөх боломж төдийлөн нэмэгдсэнгүй. Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн өмчит компаниудад сонгон шалгаруулалтгүй олгох, хөнгөлөлттэй зээлийг өрсөлдөөнгүйгээр хандуулах, үндсэн үйл ажиллагаанаас гадуур төсөл хөтөлбөрүүдийг хариуцуулах явдал газар авчээ. ТӨК-уудын ашигт ажиллагаа, үр ашиг чамлахаар түвшинд байгаа ба өнөөгийн нөхцөлд өмнөх алдаа дутагдлаасаа сургамж авахгүй давтах явдал ажиглагдаж байна.
Нөгөө талаар, төрийн өмчит компанийн засаглалын асуудал олны анхаарлын төвд орж, шийдлийг эрж хайх ажил эрчимжиж байгаа нь сайшаалтай. Ялангуяа төрийн өмчит компанийн ил тод байдлыг хангаж, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр хаа сайгүй анхаарч байна. Энд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төрийн өмчит компаниуд санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх явдал нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Тулгамдсан асуудлууд
Төрийн өмчит уул уурхайн компаниудын өмнө тулгамдаад байгаа олон асуудлаас дараах гол хүндрэл бэрхшээлийг нэн түрүүнд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
Өнөөдөр төрийн өмчит компаниудын байгуулагдсан зорилго, хийж байгаа ажлын үр дүн хоёрын хооронд ихээхэн зөрүүтэй болжээ. Тодорхой төслүүдийг хэрэгжүүлнэ гэж байгуулагдсан төрийн өмчит компаниудыг төсөл нь хэрэгжээгүй, царцсан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээлгүй, чимээгүйхэн татан буулгадаг жишээ хүртэл байдаг. Энэ нь төслийн болон компанийн менежмент сул, хөрөнгө санхүүжилт татан төвлөрүүлж чаддаггүй зэрэг олон шалтгаантай. Мөн компани дахь удирдлагын томилгоо, ханган нийлүүлэлт, түнш сонголт зэрэг үйл явцад тавих хяналт сул байгааг ч илтгэнэ. Нэн ялангуяа компанийн засаглалыг эрс сайжруулах, ил тод байдлыг технологийн дэвшил, иргэдийн оролцоонд тулгуурлан шинэ шатад хүргэх асуудлууд тулгамдсан бөгөөд шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны цар хүрээ, хариуцсан төсөл, актив, өр зээлийн хэмжээ зэргийг бодолцвол удирдлагыг нь нийт эдийн засгийн бодлогоос салган авч үзэх нэгэнт боломжгүй болжээ. Тэгэхээр томоохон төслийг төрийн өмчит компаниудаар дамжуулан хэрэгжүүлэх тохиолдолд төсөв, нийтийн сан хөмрөгт үзүүлэх нөлөө, эрсдэл зэргийг бүрэн дүүрэн тооцож, хяналт тавьж байх шаардлага үүсээд байна. Мөн гадаад дотоодын ХО-ыг татах, хувийн хэвшлийн орон зайг хумихгүй байж өрсөлдөөнийг дэмжих өнцгөөс төрийн компанийн удирдлагыг хэрэгжүүлэх нь чухал. Цаашилбал, шавхагдах баялгийг үл шавхагдах актив болгон хувиргаж, үе хооронд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад нэн чухал хуримтлал үүсгэхэд анхаарах нь зохистой. Энэ өнцгөөс харж тодорхой шалгууруудыг тогтоон, төрийн өмчит компанийг байгуулах, татан буулгах, өөрчлөх зэрэг шийдвэрийг гаргахад заавал ашиглаж байх нь чухал болжээ.
Эхний ээлжид юу хийх вэ?
Гараа сунгахад л хүрч болох жимсийг цаг алдалгүй, эхлээд түүж амтлах боломжийг алдмааргүй байна. Тухайлбал, нянг устгах хамгийн сайн тан бол нарны гэрэл гэдгийг санаж, ил тод байдлыг шинэ шатад гарган хэрэгжүүлэх боломж байна. Үүнд дараах асуудлыг богино хугацаанд, бага өртөгтэйгөөр хэрэгжүүлбэл зохино.
Төрийн өмчит компаниуд шилэн дансаа хөтлөх явдал жигд бус байгаа. Хуулийн тодорхой заалтуудын үйлчлэл тухайн компанийн хэлбэрээс хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал, ₮5 саяас дээш үнийн дүнтэй гүйлгээг төрийн өмч давамгайлсан хувьцаат компани ил тайлагнах тухай асуудал бүрхэг байдаг. Төр ихэнх хувьцааг нь эзэмшдэг Шивээ Овоо компани уг тайланг тогтмол гаргаж байгаа бол өмчлөлийн ижил төстэй бүтэцтэй Багануур компани 2022 оноос л ийм мэдээллийг ил болгожээ. Их үнийн дүнтэй ч тухайн компанийн хувьд нийт хувьцааны цөөнхийг төр эзэмшиж буй Оюу Толгой зэрэг компанийн хувьд санхүүгийн мэдээлэл нь нээлттэй биш байгаа нь ил тод байдлын хувьд тэгш бус байдлыг үүсгэж байна.
Хөрөнгө оруулалтын, оффтэйк, хувь нийлүүлэгчийн, урьдчилгаа төлбөрийн гэх зэрэг олон гэрээний тухай иргэд олон нийт сонсож ирсэн. Тэгвэл уул уурхайн салбарт компани, төр засгийн хооронд байгуулагдаж буй аливаа гэрээг ил болгох явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тухайлбал, Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн санг ажиллуулж байгаа нь олзуурхууштай. Гагцхүү энэ мэдээллийн санд бүх гэрээ ордоггүй, зарим гэрээг нууцлалын зэрэгтэй байгуулдаг зэрэг нь салбарын ил тод байдлыг дутуу дулимаг болгож байна. Гэрээ контракт нь талуудын үндсэн эрх үүрэг, нөхцөлүүдийг тусгадаг тул бүрэн ил тод байх нь зүйд нийцнэ. Энэ чиглэлээр цаашид нууцлалтай гэрээ байгуулахгүй байх, бүх гэрээг ил болгох тал дээр богино хугацаанд ахиц гаргах боломжтой.
Төрийн өмчийн компаниудын удирдлага олон нийтэд ажлаа тайлагнаж хэвших шаардлага байсаар байна. Нийтийн өмчийг захиран зарцуулж, зарим тохиолдолд улсын төсөв баталдаг парламентын гишүүдээс ч том үнийн дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэж байгаа албан тушаалтнууд олон нийттэй харилцаж тэдний өмнө ил тод ажиллах нь зохимжтой. Өнөөдөр төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга, гишүүд ямар ажил хийдэг, ямар шийдвэр гаргадаг, компанийн сайн сайхны төлөө ямар санаачилга гаргадаг нь нэн бүрхэг. Нэгэнт төрийн өмчийн компаниудын эцсийн өмчлөгч нь иргэд тул тэд иргэдтэй нээлттэй ажиллах үүрэгтэй. Олон нийт тухайн компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаатай танилцахад үндэслэлгүй саад тотгор байх ёсгүй.
Сүүлийн жилүүдэд ил тод байдлыг хангах хүчин чармайлт идэвхжиж, мэдээллийг бодлого боловсруулах болон үнэлэх, мөн олон нийтийн хяналтад ашиглах явдал нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ мэдээллийн чанар, давтамж, хүртээмж хангалттай биш байна. Тухайлбал, мэдээллийг нээлттэй өгөгдлийн стандартад нийцүүлэх болон нийтэд тогтмол хүргэх явдал ихээхэн удаашралтай явж ирлээ.
Нээлттэй өгөгдөл гэдэг нь шууд дүн шинжилгээ хийхэд бэлэн буюу тодорхой бүтэцтэй өгөгдлийг нарийн задаргаатайгаар цахим хэлбэрээр түгээх шаардлагыг хангасан байхаас гадна хэрэглэгч мэдээллийг дурын зорилгоор, чөлөөтэй ашиглах боломжтой байх ёстой. Гэтэл шилэн данс болон төрийн өмчит компанийн түгээж байгаа мэдээлэл энэ шаардлагыг хангахгүй байна. Мөн мэдээллийн иж бүрэн байдлыг хангах нь тухайн компанийн санхүүгийн төлөвлөлт болон гүйцэтгэлээс гадна үйл ажиллагааны талаар олон нийт бүрэн ойлголттой болох боломжийг нээх юм.
Цаашид анхаарах алхмууд
Зардал багатайгаар ойрын үед хийж болох дээрх өөрчлөлтүүдээс гадна илүү цогц шинэчлэл шаардсан асуудлууд бий. Эдгээр шинэчлэлийг шуурхайлснаар төрийн өмчит компанийн бодлого илүү тодорхой болж, хяналт сайжирч, үр ашиг нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
Блокчэйн технологи нь мэдээллийг бүхий л талуудад нээлттэй байлгаж, шийдвэр гаргалт, хяналтын төвлөрлийг арилгадаг онцлогтой. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд ийм технологийг тодорхой хэмжээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тэгвэл аливаа шийдвэрийг төлөвлөлтийн үе шатнаас нь эхлэн нээлттэй болгож, шийдвэр гаргалт, хяналтад зөвхөн төрийн байгууллагууд биш, сонирхсон бүх талууд оролцож чадна.
Төрийн өмчит уул уурхайн компаниудыг баялгийн сангийн хэлбэрт оруулах зорилго, төлөвлөгөө олон жилийн өмнөөс яригдаж, Үндсэн хуульд тодорхой заалтууд хүртэл туссан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Гэхдээ эдгээр компанийг баялгийн сан хэлбэрт оруулснаар бүх асуудал нэг мөр шийдэгдэхгүй. Цаашид төрийн өмчит компанийн тоо, цар хүрээг оновчтой тогтоож, компаниудыг бүрэн болон хэсэгчлэн хувьчлах ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болжээ.
Өнөөдөр олон улсад уул уурхайн болон эрчим хүчний салбар томоохон шилжилтийг туулж байна. Тухайлбал, газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг чулуужсан түлшний хэрэглээг хязгаарлаж, илүү цэвэр буюу сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчийг хангах явдал дэлхийн дулаарлыг сөрсөн зайлшгүй алхам байгаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч маш өндөр үр өгөөжтэй байх чиг хандлага тодорхой болж байна. Улмаар нүүрс, газрын тосны төслүүд царцаж, хөрөнгө оруулалт ч илүү ногоон төслүүдэд чиглэх боллоо. Төрийн өмчийн компаниудын хөрөнгө оруулалтын бодлогыг зах зээлийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлбэл эцсийн дүндээ нийт монголчуудын эрх ашигт нийцэх юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.