Aзийн Шинжлэх Ухааны Паркуудын Их хурал 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн XXVII их хурал “Шинжлэх ухаан технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” үндсэн сэдвийн дор зохион байгуулагдана.
Энэхүү хурлаар Бүсийн хөгжилд шинжлэх ухаан технологийн паркуудын гүйцэтгэх үүрэг, нөлөө; Шинжлэх ухааны паркуудын менежментийн сайн туршлагууд; Шинжлэх ухаан, технологийн паркууд тогтвортой инновацаар түүчээлэх нь; Олон улсын түншлэлээр инновацыг бий болгох ба зах зээлд нэвтрүүлэх нь; Шинжлэх ухаан, технологийн салбарт гарч буй шинэ чиг хандлагууд гэсэн сэдвүүдийн хүрээнд салбар илтгэлүүд танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус их хурлаар Азийн шинжлэх ухааны паркийн холбооны гишүүн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид, тэр дундаа оюун санааны лидерүүд, шинжлэх ухаан, технологийн болон бизнесийн салбарын манлайлагч төлөөлөгчид оролцох юм.
Энэ удаагийн их хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа болон Азийн шинжлэх ухааны паркийн холбоо (ASPA) хамтран зохион байгуулж байна. Азийн шинжлэх ухааны паркийн холбоо нь Азийн 30 орны шинжлэх ухааны парк, техно парк, хаб, судалгаа хөгжүүлэлтийн төвүүдийг өөртөө нэгтгэсэн, тус тивийн шинжлэх ухаан, инновац, технологи чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын судлаач, эрдэмтэд, шинийг санаачлагч, хөрөнгө оруулагч, гарааны болон ахисан түвшний бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, стратегийг тодорхойлогч, олон улсын гишүүнчлэлтэй, үнэ цэн бүхий бүс нутгийн тэргүүлэгч байгууллага юм.
Манай улсын хувьд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа тус холбооны гишүүн байгууллага бөгөөд өнгөрсөн жилийн Туркийн Станбул хотноо болсон XXVI дахь удаагийн их хурлаар энэ жил Монголд зохион байгуулах албан ёсны эрхийг хүлээн авсан билээ.
Энэ удаагийн их хуралд 11 орны 200 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд чуулганы үеэр Шинжлэх ухаан, технологийн паркуудын хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулж, их хурлаас гаргасан нэгдсэн зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.aspamongolia.com вэб хуудаснаас авна уу.
Эх сурвалж: Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.