Өнгөрсөн 7 хоногт Монгол болон Оросын ЗГ хооронд агаарын тээврийн шатахуун тасалдалгүй нийлүүлэх хэлэлцээр олны анхаарлыг нэлээн татлаа.
Яг юу болов? ЗГ хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд Монгол ирэх 20 жил 100% Оросоос агаарын тээврийн шатахуунаа авдаг болохоор
яригдаж байна. Үүнийг нь Орос талаар Роснефт, Монгол талаас Эрчис Ойл ХХК хамтран компани байгуулж, тус компаниар шатахуун нийлүүлнэ.
👑 Шатахууны шинэ монопол
Үүнийг хэлэлцээр гэж хэлэхэд хэт гоёдно. Учир нь хэлэлцээрийн 4.1-т шинээр байгуулсан компани нь Чингис Хаан ОУ нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглана хэмээн тусгасан. Улмаар Орост нисэх буудал ашиглах лиценз, гаалийн хөнгөвчилсөн зөвшөөрлүүдийг олгох аж. Үндсэндээ онгоцны шатахуун нийлүүлэх нэрээр стратегийн онц чухал объектоо 20 жил ашиглуулах тохиролцоо.
🥶 Үнэн гэж итгэмээргүй: Гэрээнд “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаа дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хуулийн хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж тусгасан.
💥 Зөрчилдөөн: Гэтэл бид чинь 2028 онд $1.7 тэрбумын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах гээд байгаа биш билүү? Тус үйлдвэр онгоцны түлш бэлтгэх боломжтой байхад Оростой 20 жилээр хэлэлцээр байгуулах шаардлага байгаа юу?
🌚 Мазохист Монгол
Бид Оросоос агаарын тээврийн шатахуунаа 100%, бензинээ 94%-ийг авдаг. Өөрөөр бол угаас 100% авч байгаа энэ үед заавал хамтарсан компани байгуулах шаардлагагүй.
☝🏻 Чухал тоо: Сүүлийн 2 жилд Монголын агаарын хэлэлцээр хийж, шууд нислэгтэй болсон улсын тоо мэдэгдэхүйц өсөж онгоцны түлшний хэрэглээ ч төдий чинээ өссөн. Тодруулбал, 2021 онд 27,900 тн байсан бол 3 жилийн дотор 2.5 дахин өсөж 70,000 тн-д хүрчээ.
🛑 Том эрсдэл: Түлшний хэрэгцээ огцом өсөж байгаа үед зөвхөн 1 улсаас хараат байх нь томоохон эрсдэл. Гэтэл тээврийн зардал өндөр учраас Хятадаас онгоцны түлш авах нь ашиггүй гээд өрсөлдөөнийг хязгаарлах нь хэр оновчтой вэ?
Эцэст нь… Өнгөрсөн хугацаанд шатахууны хамаарлаас болж Монгол даяараа бензингүй болох, үүнийг даагаад бараа бүтээгдэхүүний үнэ үе үе өсөж ирсэн. Энэ бол бидний эрсдэлээ хэзээ ч удирдаж, дааж байгаагүйн илрэл. Энэ мэтээр хэзээ дотооддоо шатахуун үйлдвэрлэж, хэзээ хараат бус болно доо, хорвоо…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.