Монложистикс Холдинг ХК-ийн орлого I улиралд ₮51 тэрбумд хүрчээ
Одоогоос хэдхэн хоногийн өмнө Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн үйл ажиллагааны тайланг тоймлож байв. Харин одоо тэдний I улирлын тайлан гарчээ. Хэр сайн ажилласан бол?
Борлуулалтын орлого ➡ +28%
Монложистикс группийн тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ 19.2% өсөж 257 мянган тн-д хүрснээр өмнөх жилийн өсөлтийн төлөв үргэлжилж буй. Нийт ачаа тээвэр дундаа,
- Өсөлт^2: Тус группийн экспортын ачаа тээвэр 22%, транзит тээвэр 29% мөн Монложистикс группийн Орост байрлах охин компанийн гадаад тээвэр 130% тус тус өссөн байна.
- Тэлэлт: Энэ бүх ачаа тээврийн өсөлтийн үр дүнд компанийн нийт орлого жилийн өмнөхөөсөө 28% нэмэгдэж ₮51 тэрбумд хүрсэн юм. Түүнчлэн компанийн ₮51 тэрбумын орлогыг 2021 оны мөн үетэй харьцуулбал 3.2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Гуравхан жилийн хугацаа гэхэд хурдан тэлсэн байгаа юм шүү.
Том зургаар
Салбараар нь харвал, өнгөрсөн улиралд манай улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 34.6 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 57.2% өссөн байна. Улмаар бүх тээврийн орлого 41.7% нэмэгдэж ₮1.8 их наядад хүрчээ. Энэхүү нийт орлогын өсөлтөд авто тээврийн орлого 55.4% өсөж ₮1.3 их наядад хүрсэн нь нөлөөлж буй. Угаас авто тээврийн 97.8%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн аж.
Салбараас өгөөж хүртэх боломж
Манайх шиг уул уурхайгаар голоо зогоодог улсын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогдож л байвал тээврийн салбар нь дагаад хөгжиж л байдаг. Тэгэхээр цаашдын жилүүдэд тус салбарын компанид хөрөнгө оруулах талаар бодож байхад гэмгүй л болов уу.
- Боломж: Монложистикс Холдинг ХК-ийн хувьд л гэхэд 2018 онд Оюу толгойн тээврийн компаниар шалгарч, өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэж үйл ажиллагаагаа нэлээд тэлээд буй. Дээрээс нь нэмээд цэвэр ашгийнхаа 48% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн.
Тэгэхээр, хөрөнгө оруулагч та уул уурхайн томоохон төслүүдийн тээврийг ямар компаниуд хариуцаж байна, тус компаниуд IPO хийж бонд, ХБҮЦ гаргаж байна уу, ер нь ашиг орлого нь яаж байна гэдэгт нүд чихээ хүргэж л байгаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.