Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд хуульч Ж.Дамбаасүрэнгийн Үндэсний аюулгүй байдал ба төрийн нууцын талаарх нийтлэлийг хүргэж байна.
Өнгөрсөн 7 хоногт ногоон автобусны хэрэг олон нийтийн анхааралд өртөж холбогдох эрх мэдэлтнүүд нь ажлаа өгсөн зэрэг олон үйл явдал болж өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор тус асуудлыг Үндэсний аюулгүй байдалд хамааруулан нууцалсан хууль эрх зүйн асуудлыг хөндье.
Юуг Үндэсний аюулгүй байдалд хамааруулдаг вэ?
Тэгэхээр “Үндэсний аюулгүй байдал”-ыг юу гэж хуульчилсан байдгийг харвал, Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, соёл иргэншил, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, нийгэм улс төр, экологи, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үндэсний язгуур ашиг сонирхол баталгаатай хангагдсан байхыг “Үндэсний аюулгүй байдал” гэж хуульчилсан байдаг.
Үндэсний аюулгүй байдлыг хэн хангах вэ? Үндэсний аюулгүй байдлыг УИХ, ЗГ, ҮАБЗ, тагнуул, татвар, цагдаа, гэхчлэн холбогдох байгууллага хангах үүрэгтэй. Гэсэн ч албан тушаалтнууд үндэсний аюулгүй байдал, төрийн нууц нэрийн дор үйлдсэн хэргээ хаацайлах болсон нь нийгэмд өрнөж буй үйл явдлуудаас харагдаж, хулгай үндэсний аюултай байдалд хүрсэн үү? гэх асуулт хариулт нэхсээр...
Төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг “төрийн нууц” гээд мэдээллийг нууцлах, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах эрх, үүргийг ЗГ-т өгчээ. Төрийн нууцыг төрийн бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах, мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд авч үзэж, хамаарах асуудлыг хуульд нарийвчлан тусгасан байдаг.
Үйл явдлын эхлэл ба өрнөл:
2022 оны 12-р сард Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төслүүдээс 9 гэрээг төрийн нууцаас гаргаснаар Оффтейк гэрээ, Нүүрсний хэрэг дэгдэж улмаар компанийн Гүйцэтгэх захирал хоригдож, нэр бүхий УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзав.
2023 он 9-р сард Улсын төсвийн ₮318 тэрбумаар нийслэлд автобус худалдаж авах ажлыг төрийн нууцад хамааруулсан, хамааруулаагүй гэх яриа олныг хамарч цаашлаад автобус нь шинэ, хуучин, засаж сэлбэсэн, сэлбээгүй гэсээр эцэстээ төв талбайд жагсааж, түмэнд дэлгэхдээ хүрэв. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ээ гэж.
Төрийн нууцад авах зорилго ба хууль
Тендерийн хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ..., худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн нь хяналтгүй хулгайн үүдийг нээсэн. Учир нь төрийн нууцад хамаарах худалдан авалт нь нээлттэй тендер зарлахгүй, хэний компани шалгарч, хэдэн төгрөгөөр, хаанаас, ямар чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн худалдан авч төрд нийлүүлснийг хэнд ч зарлахгүй байх хуулийн заалттай. Тендерийн оролцогчгүй тул хэн ч хэнд ч гомдол гаргахгүй, татвар төлөгчдийн мөнгийг төр хэрхэн зарлагадсаныг татвар төлөгчид мэдэх эрхгүй байдаг.
Ингэснээр “төрийн нууц” гэх хоёрхон үгээр иргэдийн мэдэх эрхийг боомилж, эцэс төгсгөлгүй цавчаа, үр ашиггүй төсвийн зарцуулалт, тогтолцооны гажуудал эхэлсэн.
Улмаар цэргүүдээр төмөр зам бариулж, сонгон шалгаруулалтгүйгээр “ногоон автобус” мэтийг авч, төр, хувийн хэвшил бүлэглэж “нууцын тамга”-аар халхалсан хулгай “үндэсний аюултай байдал”-ын хэмжээнд хүрсэн. Сүүлдээ төрийн нууцад оруулсан, оруулаагүй хулгай гэж хүртэл ярих дээрээ тулав. “Ногоон автобус” төрийн нууц мөн, бишийг хэн ч мухарласангүй.
Хулгайчаа яах вэ?
Хуулийн хэрэгжилт, шүүгчийн бие даасан, шүүх, прокурорын хараат бус байдлыг хангах нь хулгайчтай, хулгайтай үр дүнтэй тэмцэх гол зэвсэг. Гэвч шүүхийн хараат бус байдалд улс төрийн нөлөө орж буйд ШЕЗ асуудал тавьсан гэх ч бий. Тэгэхээр нуудаг, хулгайлдаг, ажлаа өгч хариуцлагаас мултардаг чөтгөрийн тойргоос гарахын тулд:
Эцэст нь… ЗГ-ын 2022 оны 12 сарын 9-ний хуралдаанаар Ковид-19-ийн төсвийг ил болгох үүргийг Шадар сайдад өгсөн ч нууц хэвээр л байна. Тэгэхээр тус асуудал хэзээ төрийн нууцаас гарч бөмбөг тэсрэх нь цаг хугацааны асуудал болох нь.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.