Хуучирсан мэдээ/ 10 сарын 26, 2023

Ирэх онд ₮24.1 их наядын татвар төлнө 

Ирэх онд ₮24.1 их наядын татвар төлнө гэдгээ мэдэж байна уу, нөхөд өө? Ер нь манай татварын орлого юу юунаас бүрдээд байна аа?

Татварын эд эс

Өнгөрсөн 9-р сарын байдлаар манай төсвийн орлого ₮17.7 их наядад хүрээд буй. Үүний 89.6%-ийг татварын орлого бүрдүүлсэн байна. Үүний дийлэнх буюу 27.5%-ийг орлогын албан татвар (ОАТ) бүрдүүлэв. Гүнзгийрвэл,

  • Томоохон хэсгүүд: Татварын хүнд ачааг НӨАТ, ААНОАТ, НДО үүрнэ. Тодруулбал, НӨАТ нийт татварын орлогын 21.5%-ийг бүрдүүлдэг бөгөөд 9-р сарын байдлаар нийт ₮3.4 их наядын НӨАТ төвлөрсөн аж.
  • Жижиг хэсгүүд: Харин 5 төрлийн татвар нийлээд нийт татварын орлогын 20.5%-ийг л бүрдүүлдэг байна. Жижиг хэсгүүд дундаа ХХОАТ хамгийн том орон зай эзэлдэг буюу нийт татварын орлогын 8.1%-ийг бүрдүүлдэг бол хөрөнгийн өмчийн албан татвар ердөө 0.1%-ийг л бүрдүүлжээ.

Бүхэл бүтэн 93% шүү, Цэнцэрэн минь

Харин ирэх жилийн төсвийн төсөлд тусгагдсанаар нийт тэнцвэржүүлсэн орлогын 92.9%-ийг татвар, үлдсэнийг татварын бус орлого бүрдүүлэх юм.

  • Бяцхан буцаан олголт: Тэгэхээр та бид ирэх онд ₮24.1 их наядын татвар төлөөд үүний ердөө 2.9% буюу ₮0.7 их наядыг буцаан олголтоор авна. Сонирхуулахад, татварын буцаан олголтыг ХХОАТ, ААНОАТ, НӨАТ болон гаалийн албан татвараас тус тус олгодог шүү.

НӨАТ-ын буцаан олголт 5% болбол яг яана гэнэ ээ?

Сүүлийн өдрүүдэд НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох сэдэв трэнд болж, 100 мянган гарын үсэг цуглараад буй. Хэрэв НӨАТ-ын буцаан олголт 5% болбол ирэх онд татварын орлогын зөрүү ₮735 тэрбум болох аж. Өөрөөр бол 2%-ийн буцаан олголттой үед ₮6 их наядын НӨАТ төвлөрөх бол 5% болгочихвол энэ дүн ₮5.3 их наяд болж буурна л гэсэн үг.

Эцэст нь… Та бидний төлж буй татвар улс оронд ийм л өндөр нөлөөтэй байна даа. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ, хасна гэхээсээ илүү татварын суурь орчныг сайжруулах л хэрэгтэй байгаа юм. Энэ жилийн төсвийн төсөл дээр татварын эргэн тойрон дахь асуудлыг шийднэ л гэсэн байна билээ. Тэгээд бодит байдал дээр юу болох нь уу?  

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.