
Lemon Press-н энэ удаагийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх цуврал ярилцлагын зочноор MSM Групп ХХК-ийн Үйл Ажиллагаа эрхэлсэн захирал Б.Соёл-Эрдэнийг урьж ярилцлаа. Хүлээн авна уу.
MSM Групп өнгөрсөн онд Сингапурын Jebsen & Jessen-н 7 дахь охин компани болсон. Нэгдэх шийдвэрийг яагаад гаргасан бэ?
Jebsen & Jessen бол олон салбарт үйл ажиллагаа явуулдаг конгломерат компани юм. MSM болон Jebsen & Jessen компаниуд нэгдэхээс өмнө уул уурхайн тоног төхөөрөмж буюу индастриалын салбарт олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд тэд манай гол нийлүүлэгчдийн нэг билээ. Энэ хугацаанд хоёр талын эзэмшигчид болон менежментийн багуудын хооронд бизнесийн түвшинд бат бөх харилцаа тогтсон.
M&A буюу нэгдэх шийдвэрийг гаргахад маш олон хүчин зүйл нөлөөлсөн ч хамгийн чухал зүйл нь компанийн урт хугацааны хөгжлийн зураглалыг харж нэгдэх шийдвэр гаргасан. MSM зах зээлд үйл ажиллагаа явуулаад хэдийнээ 27 жилийг ардаа үдээд байна. Өнгөрсөн хугацаанд бид чамгүй амжилттай ажиллаж, Монголын амжилттай явж буй бизнесүүдийн нэг болсон гэж харж байгаа. Энэ ч утгаараа бид олон улсын түвшний компанитай нэгдэж компанийнхаа хөгжлийг дараагийн түвшинд гаргах нь цаг хугацааны л асуудал байсан.
Түүнчлэн манай компанийн үүсгэн байгуулагч нарын талаас гэвэл 1998 онд Монголд компаниа үүсгэн байгуулж өдийг хүртэл өргөжүүлсэн байна. Хөрөнгө оруулсан бизнесийнхээ үнэ цэнийг өсгөөд зарах буюу “Exit Strategy” гэж байдаг. Үүсгэн байгуулагчдын маань зорилго нь “Exit Strategy” биш байсан учраас компаниа сонгож нэгдэх хэлэлцээр хийсэн юм.
Компани үүсгэн байгуулсан хүмүүст түгээмэд байдаг мэдрэмж нь тухайн бизнесээ яг л хүүхэд шигээ хардаг.
Ямар ч эцэг эх үр хүүхдэдээ сайн сайхан, баталгаатай ирээдүйг хүсдэг шиг энэ нэгдэл MSM-н ирээдүйн аялалд хүч нэмэх нэгээхэн хөшүүрэг л болж буй.
Компаниуд олон сонголтоор нэгдэх хэлэлцээр хийдэг. Охин компани нь болоод толгой компанийнхаа стратегийг бүрэн нэвтрүүлэх нь байхад ижил түвшинд бизнес хамтрагчид болох, зах зээлээ хамтдаа өргөжүүлээд явах нь ч бий. MSM-н хувьд аль нь байсан бэ?
Компаниуд үндсэндээ 2 төрлөөр нэгддэг. Эхнийх нь ирээдүйтэй жижиг бизнесийг хямд үнээр худалдан авч өөртөө нэгтгэх, нөгөөх нь стратегийн хөрөнгө оруулагч болох. Бидний хувьд хоёр дахь нь байсан. MSM-н хувьд ашиг орлоготой холбоотой ямар нэгэн санхүүгийн асуудал байхгүй өөрөөрөө хангалттай ашигтай ажиллаж байгаа бизнес. Нөгөө талд Jebsen & Jessen ийм л бизнесүүдийг сонирхдог. Ингээд харахаар Jebsen & Jessen-н хувьд үнэхээр Монголын зах зээлийг сонирхоод энд бизнесээ тэлэх хүсэл эрмэлзэлтэй орж ирсэн үү гэвэл учир дутагдалтай.
Яг үнэндээ Монгол гадаадын хөрөнгө оруулагчдын хүслийн жагсаалтад байдаг улс уу гэвэл бас үгүй.
Хөрөнгө оруулалт татах боломжит, сонирхолтой гэж хэлж болох салбар нь ганц тулгууртай буюу уул уурхай л байна. Тэгэхээр уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт татах боломж нь тухайн бизнес хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэмжээнд амжилттай ажиллаж байгааг нь хараад дараагаар нь Монгол, энэ зах зээлийн боломж хэр билээ, гэхчлэн дараа дараагийн зүйлсээ хардаг.
Бид өөрсдийгөө Сингапурт төвтэй дэлхийн 15 улсад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн төлөөлөл гэж төсөөлөөд тэдний өмнөөс хөрөнгө оруулалтын шийдвэр гаргавал мэдээж амжилттай яваа бизнест хөрөнгө оруулж, гол нь түүнийгээ илүү тогтвортой явуулахыг л хүснэ шүү дээ. 2 компани өнгөрсөн 9-р сард нэгдэх шийдвэрээ зарласан. Номоороо бол тэр цаг үеэс компанид өөрчлөлт орж эхэлнэ. Одоог хүртэл манай бүх удирдлагууд, салбар, ажилтнууд бүгд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа гэдэг нь энэ нэгдэл стратегийн түвшний нэгдэл хэрхэн ажилладгийг л харуулж буй хэрэг.
Нэгдэх хэлэлцээрийн дараах 2 компанийн алсын хараа, хамтран ажиллах чиглэл хаашаа чиглэж байгаа вэ? Jebsen & Jessen-н талаас нэгдэх хэлцлийн өмнө MSM-н бизнесүүдээс онцгойлон харсан салбар байсан уу?
Яг онцолсон чиглэл, салбар нэгж бол байхгүй. Jebsen & Jessen-н хувьд Монголыг харсан гэхээсээ илүү MSM-г хэрхэн ажилладаг, ямар алсын хараатай компани вэ гэдгийг илүү мэддэг байсан нь гол хөшүүрэг байсан. Үүнд компанийн засаглалын эрүүл, тогтвортой байдал, ирээдүйн боломж гээд үнэлж болох зүйлс олон. Та бүхний мэдэж байгаачлан Jebsen & Jessen өдгөө дэлхийн 15 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж буй хүчирхэг конгломерат компани. Бидний нэгдэх хэлэлцээрийн хувьд тохироо нь бүрдсэн гэдэг шиг талуудын сонирхол нэг цэгт огтолцож байсан нь л хамгийн том түлхэц болсон юм.
Алсын хараа зорилгын хувьд MSM-д санхүүгийн болон ноу-хау-н маш том нөөц бий болж байгаа. Нөгөө талд маань маш олон төрлийн үйлдвэрлэлийн бизнесийн туршлага байна. Нэгдэлийн араас MSM энэ жилээс сэргээгдэх эрчим хүч гэхчлэн хэд хэдэн шинэ бизнесүүдийг зах зээлд нэвтрүүлэх гэж байгааг дуулгахад таатай байна. Үүний өмнө ч бид жил бүр бизнесийн алс хэтээ харсан стратеги төлөвлөгөөг гаргадаг байсан. Тэгэхээр уг нэгдэл бидний бизнесийн өргөжилтийг илүү амарх болгож байгаа л гэсэн үг. Дараагийн түвшинд Төв Азийн зах зээлийг ч сонирхож байгаа.
Бид гадаадын хөрөнгө оруулалт татах талаар маш их ярьдаг. Тэгвэл нөгөө талд Монголын бизнесийн орчин хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Монголын бизнесийн орчныг бусад улс орнуудтай харьцуулаад харвал хөгжил нь залуу. Үндсэндээ бидний мэдэх томоохон бизнес эрхлэгчид I, II үе дээрээ л явж байгаа буюу дөнгөж одоо л дараагийн үеийн залгамжлагчид нь гарч ирж байна. Гэтэл бидний өөрсдийгөө харьцуулан хардаг бизнес эрхлэгчдийн чинь өвөг эцэг нь бизнес эрхэлж байсан байх жишээтэй.
Компанийн хөгжил гэдэг бол яг л хүний хөгжил шиг.
Сургуулиа төгслөө ямар ажил хийх билээ, карьераа эхлүүллээ дараа нь юу хийвэл чадвараа сайжруулж нийгэмд хэрэгтэй, зах зээлд эрэлттэй боловсон хүчин болох билээ гэдэг энэ бүх зүйл компани дээр арай том түвшинд л яригдаад байгаа болохоос биш замнал нь ижилхэн. Тэгэхээр олон ч компаниудын хувьд дараагийн шийдвэр гаргах чухал мөчлөгийн үе тохиож байна. Яг үүнтэй адилаар бид ч дараагийн мөчлөгийн эхэн үедээ шийдвэрээ гаргаж, стратегиа тодорхойлоод явж байгаа компаниудын л нэг. Зарим компаниуд дараагийн үеийн залгамжлагчид руугаа шилжиж байна, зарим нь шинэ хөрөнгө оруулалт татаж байна гэхчлэн бүгд л хөдөлгөөнтэй байгаа.
Худалдааны салбарт хөрөнгө оруулалт татах боломж хэр байдаг вэ? Алдаа оноо нь юундаа байна гэж харж байна?
Монгол Улс хөрөнгө оруулалт татах цөөхөн салбартай. Гэтэл манайх шиг 100% худалдааны компани дэлхийн томоохон компаниас хөрөнгө оруулалт авсан гэдэг нь содон жишээ. Нэг үеэ бодоход бид өөрсдөө том, жижиг гэлтгүй бүх шатандаа хөрөнгө оруулалтын орчин сайжрах хэрэгтэй байна, алдаа байгаа бол засъя, хөрөнгө оруулагчдаа үргээдэг бодлого баримтлаад байна гэдгийг ойлгодог, дуугардаг болж байна. Энэ бол сайн зүйл. Мэдээж өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын орчин хангалттай сайжирсан уу гэвэл сайжраагүй. Гэсэн ч гадаадын хөрөнгө оруулалтыг зөвөөр хардаг үе рүү чиглэж байгаа учраас ирээдүй гэрэлтэй байна гэж хардаг.
Таны хэлсэнчлэн уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт татах нь амаргүй ажил. Тэгвэл MSM үүнийг хэрхэн хийв?
Анх Jebsen & Jessen группийн эзэмшигч Генрих Жессен манай компанид ирээд MSM-с өөрийн компанийн уур амьсгалыг мэдэрч байна гэж хэлж байсан. Үүнээс анзаарч болох зүйл нь бид өөрсдөө зах зээлд өрсөлдөх чадвартай сайн компаниа бэлтгэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт чухал уу гэвэл чухал. Гэхдээ нөгөө талд манай компаниуд бэлэн үү, бид бэлэн үү гэдгийг бодох л ёстой. Үүний тулд зарчимтай, тодорхой стратегитай, бүх юм нь стандартын дагуу явдаг байх нь маш чухал.
Цаг гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.