Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж буй. LP Transcript-н ээлжит дугаараар Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2024 оны 4 сарын 29
⏲ 10:00 минут
📍 ХААН Театр
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Н.САЙНЗУЛ
Сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Тооллогын комиссын хурлын ирцийн тухай тогтоолыг танилцуулъя. Говь ХК-ийн 2024 оны 4 сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийг хурлын даргад мэдээлэх нь,
Дараагаар нь хурлыг нээж хурлын дэгийг танилцуулна уу хэмээн ТУЗ-ийн дарга хатагтай Д.Гэрэлмаа таныг тайзнаа урьж байна.
ТУЗ-ИЙН ДАРГА Д.ГЭРЭЛМАА
Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Миний бие Говь ХК-ийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. Ингээд хурлын дэгийн дагуу өнөөдөр бид энэ хурал ямар ямар асуудлуудын хүрээнд, ямар дарааллаар, ямар цаг хугацааны хүрээнд явагдах талаар мэдээлэл өгье.
Хэлэлцэх асуудлууд:
1. Говь ХК-ийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайланг танилцуулах;
2. 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг танилцуулах;
3. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
4. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны ажлын тайланг танилцуулах;
5. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэн батлах;
6. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны цалингийн төсвийг батлах;
7. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон томилох.
Хурал үргэлжлэх хугацааг бид урьдчилсан байдлаар 2 цагт төлөвлөсөн байгаа. Тиймээс 2 цаг дотроо багтаагаад хурлаа дуусгана гэсэн хүлээлттэй байна. Ингээд хурлын дэгийн дагуу Говь ХК-ийн 2023 оны санхүүгийн үр дүнг Тэргүүн дэд захирал Б.Ариунаа танилцуулав.
ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Б.АРИУНАА
Сайн байцгаана уу? Өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн нийт хувьцаа эзэмшигчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2023 оны санхүү үр дүнг өмнөх жилтэй харьцуулснаар мөн 2024 онд бидний зорьж байгаа төлөвлөгөөнүүдийг танилцуулъя. Говь ХК 2023 онд ₮256 тэрбумын цэвэр борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх жилээс 32% өссөн үзүүлэлт юм. 2024 оны хувьд бид ₮275 тэрбумын борлуулалт хийж борлуулалтаа 7% өсгөхөөр зорьж ажиллаж байна. Цэвэр борлуулалтыг борлуулалтын үндсэн 3 суваг болох дотоод борлуулалт, экспортын бөөний борлуулалт, глобал борлуулалт гэсэн энэ 3 үндсэн сувгуудаар задалж харвал, дотоод борлуулалт 2023 онд ₮147 тэрбумд хүрч 57%-ийн өсөлттэй байсан. Мөн 2024 онд ₮182 тэрбумын борлуулалт хийж 24% өсөхөөр байна. Экспортын бөөний борлуулалтын хувьд 2023 онд ₮59 тэрбумын борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 30%-ийн өсөлттэй байсан. Харин 2024 онд ₮66 тэрбумын борлуулалт хийж 10%-ийн өсөлттэй байх зорилт тавиад ажиллаж байна. Гадаад борлуулалтын хувьд 2023 онд ₮49 тэрбум болж 10% буурсан бол 2024 оны ₮27 тэрбумын борлуулалт хийхээр ажиллаж байна.
Борлуулалт: Борлуулсан бүтээгдэхүүний ширхгийн хувьд 2023 он 14% нэмэгдэж 1.2 сая ширхэг бүтээгдэхүүн борлуулсан. Энэ өсөлтийг 2024 онд илүү бататгаад 1.23 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах зорилт тавьсан. Борлуулсан бүтээгдэхүүний дундаж үнийн хувьд 2023 онд нэгж бүтээгдэхүүний үнэ ₮223 мянган байсан. Энэ нь өмнөх жилээс 14% өссөн дүн юм. 2024 оны хувьд бид борлуулах бүтээгдэхүүний дундаж үнийг харьцангуй тогтвортой буюу ₮224 мянгад барихаар ажиллаж байна. Цэвэр ашгийн хувьд компани 2023 онд ₮6.8 тэрбумын алдагдалтай ажилласан. Энэ нь өмнөх түвшинтэй харьцуулахад 3% сайжирсан үзүүлэлт. Харин 2024 оны хувьд бид ₮12.6 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаар зорьж байна.
Борлуулалтын суваг: Одоо дотоод, экспорт, гадаад борлуулалтыг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Дотоод борлуулалтын тоо ширхгийн хувьд 2023 онд 640 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулсан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 36%-ийн өсөлттэй байсан. 2024 онд бид 750 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөж байгаа. Дотоодын борлуулалтын хувьд жуулчдын борлуулалт маш чухал байдаг. Тэгэхээр 2023 оны хувьд Монгол Улсын ЗГ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж бүтэн жилийн туршид “Welcome to Mongolia” нэртэй аяныг өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд 2022 онд Монгол Улсад 286 мянган жуулчин ирж байсан бол 2023 онд 650 мянгад хүрчээ. 2024 оны хувьд ЗГ-аас 1 сая жуулчныг Монгол Улсад татах бодлого барьж ажиллаж байгаа. Үүнд манай компани хамтарч ажиллаж байна.
Ингээд борлуулалтын бүтцийг нь харвал 2022 онд дотоодын нийт борлуулалтын 20%-ийг жуулчдын борлуулалт эзэлж байсан бол 2023 онд 52% болж өссөн. 2024 оны хувьд нийт дотоодын борлуулалтын 55%-ийг жуулчдаас бүрдүүлэхээр ажиллаж байна. Дараагийн борлуулалтын суваг болох экспортын борлуулалтын хувьд 2021 оноос бодлогын өөрчлөлт хийгээд илүү стратегийн, урт хугацааны түншүүдтэй хамтарч ажиллаж, илүү массын захиалгыг авснаар үйлдвэр талдаа бүтээмжээ нэмэгдүүлэх, нөгөө талдаа компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ийм бодлого барьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2023 онд 51 харилцагчид 351 мянга орчим бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлсэн. 2024 оны хувьд бид нар 420 мянган ширхэг болгож тоо ширхгийн хувьд 19% өсгөхөөр төлөвлөж байна. Гэхдээ харилцагчдын тоог 51-ээс 60-д хүргэх бодлоготойгоор ажиллаж байна.
Харин гадаад борлуулалтын хувьд та бүхний мэдэж байгаачлан Говь ХК 2019 онд бодлогын маш чухал шийдвэрийг гаргаад олон улсын зах зээл дээр Говь брэндийг жижиглэнгээр борлуулах нь урт хугацаандаа маш хэрэгтэй гэж үзээд энэ чиглэл рүү ажиллаж эхэлсэн. Тус бодлого хэрэгжээд удаагүй байхад дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид маш хязгаарлагдмал нөхцөл байдалд алдаа, оноотой олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Үүнээс дүгнэхээр эхний 4 жил бол бидний олон улсад нэвтрэх нэвтрэлтийн үе шат байлаа. Энэ үеийг бид харьцангуй амжилттай давсан гэж үзэж байгаа. Бид олон улсын 100 жилийн түүхтэй дэлхийд танигдсан брэндүүдтэй өрсөлдөхийн тулд маркетингийн зардал дээр нэлээн их хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний үр дүнд 2022 онд манай бүртгэлтэй харилцагчдын тоо 382 мянга байсан бол 2023 онд 597 мянга болж өссөн. Тиймээс танигдалтын үе шат хангалттай хийгдсэн гэж үзэж 2024 оноос илүү энэ зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхийн төлөө, тооноос илүү чанарт анхаарах бодлогыг барьж эхэлж байна. Тэгэхээр бид өнгөрсөн жилүүдэд тогтмол ₮25 тэрбум орчмыг маркетингийн зардалд гаргаж байсан бол 2024 оноос маркетингийн зардлаа ₮9 тэрбум болгон бууруулна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гадаад зах зээл дээр брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх зорилготой маркетинг, сурталчилгааг өндөр зардлаар хийж гүйцэтгэж байсан. 2024 оноос эхлэн байр сууриа бататгах зорилготойгоор маркетингийн зардлаа бууруулж, хямдрал урамшууллын хувь хэмжээг багасгаснаар ашигт ажиллагаа руу шилжинэ гэж харж байна.
Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хязгаарлагдмал орчинд байсан учраас зөвхөн онлайн төвтэй ажиллаж байсан. Одоо эргээд онлайныг биет дэлгүүртэй хослуулсан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Үүний эхлэл болгон 2023 оны 10-р сард Германд 2 дахь албан ёсны салбар дэлгүүрээ нээсэн. Цаашид бид дэлгүүрүүдээ нээхдээ зөвхөн салбар дэлгүүр гэхгүйгээр тухайн зах зээлийг илүү мэддэг компаниудад франчайзингийн эрх олгох замаар дэлхийн олон улс, хотуудад Говь брэндийн дэлгүүрийн тоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Ийм бодлогын өөрчлөлт хийж байгаатай холбоотой 2024 онд үндсэн 4 зах зээл болох Европ, Америк, Хятад, Англи гэсэн зах зээлүүдээр төвлөрч 55 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулж, ₮27.3 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөж байна.
Үйлдвэрлэлийн хувьд: 2023 онд 1 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ дүн өмнөх жилтэй харьцуулахад 23% өсөлттэй байсан юм. Харин 2024 оны хувьд үйлдвэрлэл дээр бол тоо ширхгийн хувьд өсөлт гарахгүй. Бид нар харьцангуй тогтвортой 1 сая гаран ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байна. Бүтээгдэхүүнийг 3 нэр төрөл болох сүлжмэл, нэхмэл, оёмлоор задлаад харах юм бол сүлжмэл, оёмол төрлийн бүтээгдэхүүний тоо ширхэг харьцангуй тогтвортой бага хувиар өссөн байгаа. Харин нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2023 онд 264 мянга болж өмнөх жилтэй харьцуулахад 94% өссөн. 2024 онд дахин 17% өсөж 310 мянгад хүрэхээр байгаа. Нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт нь жуулчдын борлуулалттай шууд холбоотой. Монголд нэлээн олон Солонгос жуулчид ирж байгаатай холбоотойгоор 2023 онд Говиос худалдан авалт хийсэн жуулчдын 75% нь Солонгосын жуулчид байгаа. Солонгосын хэрэглэгчдийн хувьд ороолтын соёл, хэрэглээ маш өндөртэй. Тиймээс тэдний худалдаж авдаг бүтээгдэхүүн бол нэхмэл бүтээгдэхүүн буюу нэхмэл ороолт байдаг. Үүнтэй холбоотойгоор манай нэхмэл ороолтын үйлдвэрлэл өсөж буй.
Тэгэхээр бид 2024 оны зорилтууддаа хүрэхийн тулд 6 үндсэн стратегийн чиг үүргийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Юуны түрүүнд бид гадаадын зах зээлд хоорондоо харилцан адилгүй, ялгаралтай зах зээлүүд дээр ажиллаж байгаа. Тиймээс бараа бүтээгдэхүүний загвар №1 асуудал болоод байна. Улмаар бид Италийн Жоржио Спина дизайнерыг компанийнхаа ерөнхий дизайнераар сонгож, өнгөрсөн жилээс хамтарч ажиллаж байгаа. Энэ онд ч энэ төсөл маань үргэлжлэхээр байна. Бид хэрэглэгчдэдээ инновац шингэсэн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг санал болгох хүрээнд жил бүр судалгааны ажлууд хийдэг. 2023 оны хувьд зах зээлд цоо шинээр ноолууран гутал болон саравчтай малгайг танилцуулсан. Түүнчлэн ээрмэлийн болон сүлжмэлийн үйлдвэрүүд дээр бас чанар бүтээмжийг сайжруулах судалгаа, сайжруулалтын ажлуудыг хийгээд явж байна. Олон улсын зах зээл дээр өрсөлдөж байгаагийн хувьд брэндийн ялгарал онцлог, Монгол ноолуурыг сонгох шалтгааныг ойлгуулах шаардлагатай байгаа тул ребрэндингийн төслийг хийж байна. Ингэснээр компанийн лого, бэлгэ тэмдэг, мессежнүүд иж бүрэн шинэчлэгдэж 2024 оны II хагасаас шинэчлэгдсэн өнгө төрхтэйгөөр хэрэглэгчдэд хүрэхээр байна.
Үргэлжлүүлээд бид хэрэглэгчдийг сонголт хийхэд анхаарах үүднээс коллекцуудын маркетинг болон дэлгүүрүүд дээр хийж байгаа бараа бүтээгдэхүүний өрөлт, хураалтыг цогц байлгах дээр олон ажлууд төлөвлөөд хийж байна.
Энэ хүрээнд жуулчдад болон оролцоотой талууд, хувьцаа эзэмшигчид, малчид, цаашлаад ажил мэргэжлийн гараагаа эхлэх гэж байгаа шинэ төгсөгчдөд Говь ХК-ийн үйлдвэртэй танилцах боломжийг нээлттэй олгож байгаа. Энэ төсөл маань цаашдаа илүү өргөжөөд үргэлжлэхээр байгаа.
Цаашлаад энэ жил компанийн үйл ажиллагааг автоматжуулах процессыг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа хамгийн том төсөл бол ERP системийг нэвтрүүлж байгаа явдал. Өнгөрсөн 9 сарын хугацаанд уг төсөл дээр ажилласны үр дүнд компани даяараа ERP системийг эхлүүлэхээр ажиллаж байна. Олон улсын зах зээл дээр өрсөлдөж байгаа Говь брэндийн хувьд бараа бүтээгдэхүүн өөрөө чанартай, үнэ өрсөлдөхүйц байхаас гадна тогтвортой бизнесийн загварын асуудал эрчимтэйгээр яригдаж байгаа. Иймд үйлдвэрлэлийн байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийсээр ирсэн. 2024 оны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн OEKO TEX гэрчилгээ, дэлхийн органик бүтээгдэхүүний сертификат болох GOTS гэрчилгээг авахын тулд бэлтгэл ажлуудаа хангаад явж байна. Мөн үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг зохистой байлгах үүднээс нарны эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эхлэх судалгааны ажлыг хийж байна. Усны хэрэглээг зохистой түвшинд байлгах, саарал усны ашиглалтыг нэмэгдүүлэх, цэвэрлэх байгууламжийг сайжруулах тал дээр ажиллаж байна.
Үргэлжлүүлээд харвал Монгол Улсын хувьд, тэр тусмаа үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчний асуудал тулгамдаж байгаа. Тиймээс Говь академи хөтөлбөрийг хэрэгжүүлж уг хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдтэй хамтраад нарийн мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлдэх, Говь компани дээр дадлага хийх боломжийг олгох, төгсөгчдөө 100% ажлын байраар хангах ажлуудыг хэрэгжүүлж байна. Улмаар компанийн хувьд хамгийн үнэт баялаг болох ажилтнуудын тасралтгүй өсөж хөгжих бололцоогоор хангагдаж дэлхийд өрсөлдөхүйц цалин авах, ажлын байрны орчин тав тухтай байх зэрэг ажилтнаа дэмжих хөтөлбөрүүд дээр сүүлийн жилүүдэд анхаарч олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бидний зорилт, зорилгыг хэрэгжихэд аз жаргалтай сэтгэл ханамжтай ажилтнууд маш чухал. Дээрээс нь малчид, хэрэглэгч, харилцагчид, хувьцаа эзэмшигчид зэрэг бүх талуудын оролцоог тэгш байдлаар хангаж илүү нээлттэй байснаар илүү тогтвортой хөгжиж хүн төвтэй компани болж, дэлхийд танигдсан дэлхийд танигдсан Монгол брэнд болно гэдэгт маш урам зоригтой, итгэл дүүрэн байгаа. Биднийг дэмжиж хамтарч ажилладагт баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Цаашлаад хэлэлцэх асуудлын дагуу ногдол ашиг хуваарилахгүй тухай үндэслэлийг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга хатагтай М.Сэлэнгэ танилцуулав.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.СЭЛЭНГЭ
Говь ХК-ийн ТУЗ-өөс 2018 онд ногдол ашгийн бодлогыг баталсан байдаг. Энэхүү журмын 2-р бүлэгт ногдол ашгийн бодлогыг тодорхойлсон бөгөөд тус бодлогын 2.3 дугаар заалтад ямар нөхцөл хангасан тохиолдолд компани ногдол ашиг олгох вэ гэдгийг тодорхойлон баталсан байгаа. Энэхүү нөхцөлийг та бүхэнд танилцуулъя.
2023 оны хувьд ТУЗ ийн 2024 оны 1 сарын 26-ны хурлаар 2023 оны санхүү үр дүнг хэлэлцээд дээрх 2 нөхцөлийн алийг нь ч хангаагүй гэж үзсэн учраас 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн. Баярлалаа.
Үүний дараагаар ТУЗ-өөс компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг ТУЗ-ийн дарга танилцуулав.
ТУЗ-ИЙН ДАРГА Д.ГЭРЭЛМАА
Монгол Улсын Компанийн тухай хууль Говь ХК-ийн дүрмийн хүрээнд өнгөрсөн жилийн буюу 2023 оны үйл ажиллагааны тайлан санхүүгийн үр дүнг 2024 оны 1 сарын 26-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд өнөөдрийн хурал буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж байна. Процессын хувьд 2023 оны эхний ТУЗ-ийн хурлаар бизнес төлөвлөгөөний үндсэн зорилтууд, үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг баталдаг. ТУЗ бол Гүйцэтгэх удирдлагын багт ерөнхий чиглүүлэг өгөх, хяналт тавих гэж ажиллаж байгаа. Нөхцөл байдал, санхүүгийн хувьд сүүлийн хэдэн жил цар тахлаас үүдэн алдагдалтай ажиллаж байсан. Өнгөрсөн жилийн ерөнхий бизнес төлөвлөгөөний зорилтын биелэлтийг харахад Говь ХК-ийн хувьд цэвэр борлуулалтын орлого бол ₮256 тэрбумд хүрсэн, сая бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон нь түүхэн үйл явдал байлаа. Энэ нь Гүйцэтгэх удирдлагын баг, тэрний ард ажиллаж байгаа манай бүх баялаг бүтээгч ажилтнуудын маш их чармайлт чинь хичээл зүтгэлийн үр дүн гэж бодож байна. Манай хамт олны хувьд хүний нөөцийн чиглэлд ажилтнуудынхаа цалин, ажлын орчинд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж сүүлийн 2 жил тасралтгүй ажиллаж байна. Тиймээс ТУЗ-өөс Гүйцэтгэх удирдлагын багийг боломжит хүчээрээ ажилласан гэж дүгнэж байна. Гүйцэтгэх удирдлагын баг, менежментийн багийнхаа гишүүдэд талархал илэрхийлье. Та бүхний ард ажиллаж байгаа баялаг бүтээгч ажилтнууддаа бас талархал илэрхийлмээр байна.
ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан: Залгуулаад би ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг та бүхэнд танилцуулах хариуцлагатай үүрэг хүлээж байна. Ажлаа танилцуулахад, би сайн засаглал гэдгийг хамтын удирдлага гэж ойлгодог. Хамтаараа л компаниа засаж сайжруулах зарчим дээр бид тулгуурлаж ажиллаж байгаа. Сайн засаглалын үндсэн 5 зарчмыг та бүхэнд хэлье.
Говь ХК-ийн ТУЗ нь 2023 онд 4 хараат, 5 ердийн нийт 9 гишүүнтэй ажилласан. Бид бүгдийн үндсэн үйл ажиллагаа бол ТУЗ-ийн хурлаас гадна үндсэн чиг үүрэгт хяналт тавих, ерөнхий удирдлагаар хангах ажлаа 3 хороогоор дамжуулж хэрэгжүүлсэн. Үүнд:
Өнгөрсөн жил бид 14 ээлжит хурал, 11 ээлжит бус хурлаар нийтдээ 114 асуудал хэлэлцсэн байна. Улмаар 90 шийдвэр гаргаад эрх бүхий албан тушаалтан буюу менежментийн багтаа 47 зөвлөмж, 30 үүрэг даалгавар өгч 49 тогтоол баталсан байна. Эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт 100%-ийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын багийн хамтын ажиллагаа сайн байгаагийн илрэл болох болов уу гэж бодож байна. Онцлох ажлуудыг дурдвал шинээр баталсан бодлого журмуудын хувьд оролцогч талуудын харилцааг илүү тодорхой, ойлгомжтой, дүрмийн дагуу тоглолтоо хийдэг байдалд оруулахын тулд нэлээн нарийн шинэ бодлогыг гаргаж ирлээ. Хөрөнгө оруулагчтай харилцах хөтөлбөр буюу хувьцаа эзэмшигчдийн хувьд бид ямархуу харилцаатай байх юм бэ гэдгээ тодорхой болгосон. Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг удирдах төлөвлөгөөтэй болсон байгаа. Цаашлаад, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг илүү боловсронгуй болгосон. Цалин урамшууллын хөдөлгөөн дээр тодорхой хэмжээний өөрчлөлтийг орууллаа. Хувьцаа эзэмшигч нарын үйлдвэртэй танилцах хөтөлбөрийг оруулаад тодорхой журамтай, дэгтэй болгосон. Нөгөө талаас ТУЗ-ийн зүгээс Говь ХК-ийн соёлыг бэхжүүлэх сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байна.
Нэр дэвшүүлэх хороо: Дараагийн хэсэг бол нэр дэвшүүлэх хорооны тайлан. Уг хорооны даргаар Д.Хүрэлбаатар захирал ажиллаж байгаа. Хорооны Д.Гэрэлмаа, Ц.Оргилболд гэсэн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ хорооны онцлох ажлуудыг дурдвал эрх бүхий албан тушаалтнуудын залгамж хуралдааны бодлогыг боловсруулж, ТУЗ-өөр батлуулсан. Гүйцэтгэх захиралтай байгуулах менежментийн гэрээний нөхцөлийг шинэчлэн ТУЗ-ийн хурлаар гэрээний загварыг батлуулаад Гүйцэтгэх захиралтай гэрээг шинэчлэн баталгаажуулсан.
Цалин урамшууллын хороо: Уг хорооны онцлох ажлуудыг танилцуулбал, гишүүдийн цалин хангамж урамшууллын зарчмыг шинээр томьёоллоо. Байгууллагынхаа соёлын судалгаа, ажилтнуудын сэтгэл, амьдралын судалгааны үр дүн болон түүнийг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажлын үр дүнг тогтмол буюу жилд 2 удаа авч хэлэлцдэг. Мөн 2023 оны цалин урамшууллын гүйцэтгэлд хяналт тавиад 2024 оны цалин урамшууллын төсвийг хэлэлцэн ТУЗ-өөр батлуулсан. Улмаар ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах санал боловсруулж оруулсан байгаа.
ЭРСДЭЛИЙН АУДИТЫН ХОРООНЫ ДАРГА А.ЖАРГАЛМАА
Эрсдэлийн аудитын хороо: Өнгөрсөн жилийн онцлох ажлын хүрээнд компанийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахын тулд дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагаа, түүний тайланг улирал тутам хэлэлцэж удирдамжаар хангаж ажилласан. Мөн эрсдэлийн удирдлагын тайлантай хагас жил тутам танилцаж үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажилласан. Түүнчлэн сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг шинэчилсэн байгаа.
Гүйлгээ: Дараагийн танилцуулах хэсэг бол 2023 онд холбоотой талуудтай хийсэн гүйлгээ. 2023 онд холбоотой талуудтай хийсэн санхүүжилтийн зардлын хувьд ₮8.6 тэрбум байсан. Энэ нь нийт санхүүжилтийн зардалтай харьцуулбал эзлэх хувь нь 28% байсан. Холбоотой талаас авсан санхүүжилтийн зарлагын дундаж хүүгийн хувьд 16.1%, $-ын түвшин болбол 7.8% байгаа. Холбоотой талуудтай хийсэн худалдан авалтын мэдээллийг хүргэе. 2023 онд нийт ₮102.3 тэрбумын худалдан авалт хийсэн бол холбоотой талуудаас ₮3 тэрбумын худалдан авалт хийсэн байна. Холбоотой талын гүйлгээ нь манай компанийн бодлого, холбогдох худалдан авалтын журмын дагуу хийгддэг.
Компанийн засаглалын кодекс: Дараагийн хэсэг бол компанийн засаглалын кодексийн хэрэгжилт. Хагас жил тутам компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг үнэлгээ хийж, тогтмол сайжруулж дүгнэж явдаг. 2023 оны байдлаар СЗХ-ноос хийсэн үнэлгээг та бүхэнд танилцуулж байна. Нийт 9 үзүүлэлтээр үнэлгээнүүд гарсан байгаа. ТУЗ-ийн бүтэц зохион байгуулалт дээр 91.7%, ТУЗ-ийн дэргэдэх хороод тэдгээрийн чиг үүргийн хувьд 90%, Тайлагнал мэдээллийн ил тод байдал дээр 100%, Дэд хяналтын тогтолцоо дээр 100%, Эрсдэлийн удирдлага 100%, Эрх бүхий албан тушаалтны цалин урамшуулал 100%, Оролцогч талуудын эрх ашиг 100%, Компанийн соёл 100%, Хувьцаа эзэмшигчдийн эрх 100% буюу нэгдсэн дүнгээр 97.2%-ийн үзүүлэлттэйгээр үнэлэгдсэн байна. Энэ үзүүлэлтээр нээлттэй ХК-иуд дундаа тэргүүлж ажилласан байна. Баярлалаа.
ТУЗ-ИЙН ДАРГА Д.ГЭРЭЛМАА
Миний дараагийн танилцуулах асуудал бол ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох төсөл. Манай ТУЗ-ийн гишүүд тогтмол цалин авдаг. Тодруулбал,
Жил эхлэхэд дараа жилийн хурлын тоо давтамжуудаа тодорхой болгож төсвөө баталдаг. 1 гишүүн жилдээ 9-11 хуралд оролцдог. Манай танилцуулагдаж байгаа төслийн агуулга руу шилжвэл, ТУЗ-ийн гишүүн нь компанийн санхүү үр дүнгээс хамаарсан аливаа урамшуулал авахгүй. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны үр дүнгээс ямар нэгэн урамшуулал, цалин авахгүй. ТУЗ-ийн хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хариуцлагыг дэмжих зорилгоор хараат бус гишүүдийн үндсэн цалинг ердийн гишүүдээс их байлгахаар тусгаж байна. Хараат бус гишүүд дээр ирж байгаа хариуцлага, ачаалал өндөр байгаа учраас хараат бус гишүүдийн цалинг 100% буюу 1 дахин нэмэгдүүлэх саналыг оруулж байна. Мөн компанийн менежментийн багт ажилладаг, Гүйцэтгэх удирдлагын багт байгаа гишүүд ямар нэгэн нэмэлт одоо урамшуулал, хангамж авахгүй байх гэсэн зарчмыг тулгуур болгож оруулсан байгаа. Дүгнэж хэлэхэд, шинэ төсөл дээр ердийн гишүүдийн цалингийн түвшинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд хараат бус гишүүдээ илүү хариуцлагатай байлгах, илүү санаачилгатай байлгах үүднээс цалингийн хэмжээг ₮2.8 сая болгох саналыг оруулж байна. Иймд 2024 оны цалингийн төсвийг өмнөх жилээс 25% өсгөж ₮292 сая байх санал тусгаж байна. Баярлалаа.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.СЭЛЭНГЭ
ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулъя. Говь ХК-ийн дүрэмд ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 3 жил байхаар тусгасан байдаг. Одоогийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн маань 2023 оны 4-р сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдсон бүрэлдэхүүн байгаа. Энэ онд Говь ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК-ийн зүгээс 2024 оны 2 сарын 29-ний өдөр ТУЗ-ийн ердийн гишүүнд шинэ нэр дэвшигчдийг оруулах тухай албан хүсэлтийг ирүүлсэн. Энэхүү хүсэлтийг нэр дэвшүүлэх хорооны хурлаар хэлэлцэн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн тогтоолоор 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд нэр дэвшүүлэх ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон. Энэ оны хувьд ТУЗ 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
Үүний дараа хурлын асуулт хариултын хэсэг эхлэв. Хүн тус бүрд 2 минут оногдсон болно.
АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт: Хувьцаа эзэмшигч
Сайн байцгаана уу? Говь ХК 2023 онд сайн ажилласан юм байна. ₮256 тэрбумын борлуулалт гэдэг бол хөнгөн үйлдвэрийн салбар дотроо маш өндөр борлуулалт. Энийг хувьцаа эзэмшигчийн хувьд сайшааж хэлэхийг хүсэж байна. Говь компани сүүлийн 6 жилд ногдол ашиг хуваарилсангүй. Энэ тал дээр жоохон сэтгэл дундуур явдаг. 2023 онд борлуулалт өндөр байхад ногдол ашиг тараахгүй, дээрээс нь алдагдалтай ажилласан тул Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байна. Өнгөрсөн жил бол НӨАТ-ын хасалтаас ₮4 тэрбумыг хэмнэсэн гэж ойлгосон. Энэ жил хэдийг хэмнэсэн, аль хэр хэмжээний түүхий эд худалдаж авсан бэ? Баярлалаа.
Хариулт: ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа
Ногдол ашгийн хувьд мэдээж бид бизнес төлөвлөгөөгөө боловсруулахдаа аль болох өөдрөгөөр хардаг. Говь ХК олон улсын тавцанд гарч ажиллахад туршлага мэдлэг, олон улсын маркетинг хийх нь сорилттой асуудал байлаа. Олон улсад танигдахын тулд маш их хэмжээний зардал гаргасан. Нөгөө талдаа үйлдвэрлэл, цахим талбар руугаа өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулахаас өөр аргагүй байдалтай байсан. Уг нь бол мэдээж бид алдагдалгүй ажиллаад ногдол ашиг хуваарилах чин хүсэлтэй байдаг. Гэхдээ нөгөө талдаа ногдол ашиг тарааснаар хувьцаа эзэмшигчдийн эрх хэрэгжих нь нэг талын асуудал. Нөгөө талдаа компанийн зах зээлийн үнэлгээ тасралтгүй өсөж байх нь чухал байдаг. Ханш тогтвортой байх нь чухал. Тэгэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ногдол ашгаас илүүтэйгээр ханшны тогтвортой байдал чухал гэдгийг та бүхэн анхаараарай.
Хариулт: Тэргүүн дэд захирал Б.Энхмандах
Хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Түүхий эдийн хувьд 2023 онд нийт 500 орчим тн түүхий ноолуурыг татаж авсан. Үүнтэй холбоотойгоор ₮7 тэрбумын НӨАТ-ын хөнгөлөлтийг эдэлсэн. Баярлалаа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч
Говь ХК бол сайн ажиллаж байгаа л гэж ойлгоод байна. Говь ХК-ийн загварын чиг хандлагад өөрчлөлт орохгүй байна. Орчин үеийн чиг хандлагатай уялдуулж энэ загвараа өөрчилмөөр байна. Дараагаар нь маркетингийн зардлыг бол бууруулсан байна. Ямар маркетингаа бууруулсан юм бэ? Нэмээд хэлэхэд хувьцаа эзэмшигчдээ яагаад ногдол ашиг өгдөггүй юм бэ? Цаашдаа яг хэдэн оноос ногдол ашиг өгөх зорилготой байна вэ? Дараагийн асуулт нь эрчимжсэн МАА эрхлэх гэж яригдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор малын тоо толгойг 40-50 саяд аваачих нь. Ер нь дотоодоос ноолуурынхаа хэдэн хувийг нь авдаг юм бэ? Ирээдүйд ноолуураа улам ихээр авах боломжийг судалж байгаа юу? Баярлалаа.
Хариулт: ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа
Баярлалаа. Үнэхээрийн чухал асуудлуудыг ярьж байна. Ногдол ашгийн хувьд ашигтай ажиллаад эхлэнгүүт ногдол ашиг тараана. Бид 2023 онд ₮6.8 тэрбумын алдагдалтай ажиллачихсан учраас цаашид тогтвортой үйлдвэрлэл явуулах, ногдол ашиг тараах нөхцөл бүрдээгүй гэдгийг та бүхэнд танилцуулсан. Бидний төсөөллөөр 2024 онд ашигтай ажиллахаар байгаа учраас ногдол ашиг хуваарилах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
Хариулт: Тэргүүн дэд захирал Б.Энхмандах
Бид сүүлийн жилүүдэд дандаа ₮25-₮30 тэрбумыг маркетингийн зардалд зарцуулж байсан бол энэ жил ₮9.3 тэрбумыг зарцуулахаар байгаа. Яагаад ингэж бууруулж байгаа юм бэ гэвэл, нийт бүртгэлтэй харилцагчдын тоо 600 мянга болсон. Тэгэхээр бид 600 мянган харилцагчдадаа төвлөрвөл хангалттай хэмжээний борлуулалт хийх боломжтой гэж харж байгаа. Мэдээж ₮9.3 тэрбумаараа брэндээ таниулах маркетингийн ажил хийнэ. Харин ноолуурын хувьд бид 2023 онд 500 тн ноолуур бэлтгэсэн. Энэ нь Монголын нийт ноолуурын 5%. Мэдээж үр ашиг нэмэгдээд дэлхийн зах зээл дэх байр суурь өсөхтэй зэрэгцээд энэ тоо нэмэгдээд явна. Үүнийг бид ойрын 5 жилдээ 20%-д, цаашдаа 50%-д хүргэх зорилготой ажиллаад явж байгаа.
Энд хүрээд асуулт хариултын хэсэг хаагдаж, санал хураалтын цаг эхлэв. Санал хураалт нийтдээ 4 асуудлаар явагдаж эхний 3 асуудал нь энгийн аргаар буюу тухайн асуудал дээр зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн гэсэн сонголтоос аль нэгнийгээ сонгох замаар явлаа. Харин 4-р хэсэг буюу ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудал дээр кумулятив аргаар буюу тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо ширхгийг гишүүдийн тоо буюу 9-өөр үржүүлээд нийт саналын тоог гаргасан юм. Санал хураалт 10 минут үргэлжлэв.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Н.САЙНЗУЛ
Та бүхэнд санал хураалтын нэгтгэсэн дүнгийн тухай тооллогын комиссын тогтоолыг танилцуулъя. 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын санал хураалтын дүнг нэгтгэн тоолсныг үндэслэн тогтоох нь,
ТУЗ-ИЙН ДАРГА Д.ГЭРЭЛМАА
Баярлалаа. Хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигч та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Бид хэлэлцэх 7 асуудлаа амжилттай хэлэлцлээ. Хурал нээлттэй, ил тод за ойлгомжтой болсон гэж бодож байна. Та бүхний үзэл бодол, байр сууриа илэрхийлэх боломж хувьцаа эзэмшигчдийн хурал дээр бүрэн байсан гэдэгт бат итгэлтэй байна. Миний зүгээс дараа жилийн хурлыг товлохдоо бусад ХК-удын хурлын хуваарьтай танилцах чухал үүргийг авлаа. Дараагийн том чухал үүрэг бол энэ жил ашигтай ажиллаж ногдол ашгийг хуваарилах тал дээр ТУЗ-ийн гишүүд нэлээн онцгой шүүмжилж ажиллах шаардлагатай тулгарч байна гэдгээ хэлье. Хичээж зүтгэж ажиллая. Мөн санал хураалтад нээлттэй оролцох, цахимаар санал хураалтад оролцох боломжийг хангах боломжийг бий болгоё гэсэн бодолтой байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Үүгээр манай өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал өндөрлөлөө. Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.