Хуучирсан мэдээ/ 1 сарын 9, 2024
Lemon Press
/ 1 сарын 9, 2024

Урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгох 3 хувьцаа

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид Ашид Ассет Менежментийн Сангийн менежер Б.Батгаригийн “2024 онд Хөрөнгө оруулалтын багцад тань байх ёстой 3 хувьцаа” хэмээх нийтлэлийг хүргэж байна.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд 8 компани IPO хийж ₮349.9 тэрбум, шинээр 9 тогтмол орлоготой өрийн хэрэгсэл арилжаалагдаж ₮104.5 тэрбумыг тус тус татан төвлөрүүлэв. Түүнчлэн ХЗЗ-ийн үнэлгээ ₮6.9 их наядаас ₮10.4 их наяд болж өссөн гээд ёстой л ярих бас дүгнэх зүйлс ихтэй жил байлаа. 

Хөрөнгө оруулагч бүрийн эрсдэл даах чадвар, санхүүгийн чадамж, хөрөнгө оруулалтын зорилго, стратеги нь харилцан адилгүй байдаг. Хэрэв та аливаа бизнесийн урт хугацааны үнэ цэнд тогтмол хөрөнгө оруулахын зэрэгцээ тогтвортой бизнестэй, тогтмол ашигтай компаниудад хөрөнгө оруулах замаар тэнцвэртэй багц бүрдүүлэхийг зорьж байгаа бол доорх 3 хувьцааг хөрөнгө оруулалтын багцдаа зайлшгүй нэмэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

     1. ХААН Банк ХК

Системийн нөлөө бүхий 5 банкнаас харилцагч болон салбарын тоо, актив, орлого, ашиг гээд бүхий л үзүүлэлтээрээ хамгийн, хамгийн гэх тодотголтой тус банк “Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын дагуу 2023 онд IPO хийж олон нийтэд нээлттэй ХК болсон. ХААН Банк ХК (KHAN) анх ₮959-өөр хувьцаагаа гаргаж байсан бол оны төгсгөлд 25.5% өсөж 1204₮ болжээ. 

Өнгөрсөн оны III улирлын байдлаар ХААН Банк ХК-ын орлого өмнөх оны мөн үеэс 36.5% өсөж ₮1.85 их наяд болсон нь Голомт Банк (GLMT), ХасБанк (XAC), Төрийн Банк (SBM)-нуудын орлогыг нийлүүлснээс ч их гээд бодоод үзэхээр тус банкны цар хүрээ ойлгомжтой харагдана.

  • Юу нөлөөлөв? Орлого ийнхүү өсөхөд тус банкны зээлийн багц 16% нэмэгдэж, үнэт цаасны болон зээлийн хүүгийн орлого ₮343 тэрбумаар өссөн нь нөлөөлжээ. ХААН Банкны бас нэг онцгой давуу тал нь орлогын төрөлжилт юм. Үнэт цаасны болон зээлийн хүүгийн орлогоос гадна банкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого тус банкны орлогын 13%-ийг бүрдүүлж байгаа нь бусад банкнуудын дундаж болох 8%-иас хавь илүү байгаа юм. ХААН Банк нийт 2.7 сая харилцагчтай бөгөөд тус банканд дансгүй Монгол хүн бараг байхгүй гээд бодохоор л тэдний шимтгэлийн орлого хэр тогтвортойг тодорхойлж болно.

Бизнесийн орлогоор компанийн цар хүрээг нь хэмжиж болох бол цэвэр ашгаар үр ашгийг нь хэмжиж болно. Тэгвэл тус банкны цэвэр ашиг 2023 оны III улиралд ₮424.1 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 20.6% өссөн байна. Энгийнээр хэлбэл ₮424.1 тэрбум гэдэг бол системийн нөлөө бүхий бусад 4 банкны цэвэр ашгийг нийлүүлснээс ч их дүн бөгөөд цэвэр ашгийн маржин нь 22.9% байгаа нь ХасБанк ХК-иас (23.4%) бусад банкнуудаас өндөр үзүүлэлт юм.

Жилийн эцэст компанийн нийт цэвэр ашиг ₮566 тэрбум хүрэх хүлээлттэй байгаа бөгөөд компанийн ногдол ашгийн бодлогын дагуу цэвэр ашгийн 40%-тай тэнцэх хэмжээгээр ногдол ашиг тараана гэж тооцвол нэгж хувьцаанд ₮118 буюу ногдол ашгийн хүлээгдэж буй өгөөж өнөөдрийн ханшаар 9.8%, хэрэв та IPO-д оролцож чадсан бол 12.3% байна. 

Дүгнээд харахад Хаан банк ХК орлогын төрөлжилт сайтай, тогтвортой өссөөр байгаа бөгөөд цэвэр ашгийн маржин банкны салбарын дунджаас өндөр, жил бүрийн цэвэр ашгийн 40%-иас багагүй хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах бодлоготой, интернэт банкны систем нь үе үе доголддог ч үнэнчээр хэрэглэдэг 1.6 сая цахим хэрэглэгчтэй гэх мэтчилэн бизнесийн суурь үзүүлэлтүүд сайн байна. 

Үүнээс гадна хувьцааны үнэлгээг илэрхийлэх P/B буюу дансны үнийн харьцаа 1.06 байгаа нь уг хувьцааны ханш цаашид ч өсөх боломжтой байгааг илэрхийлж байна.

      2. АПУ ХК

Дараагийн компани бол алдарт АПУ ХК (APU). Нидерландын Heineken компани 2017 онд АПУ ХК-ийн 25%-ийг эзэмшдэг болсноор тус компани засаглал болоод үйл ажиллагааны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон төдийгүй тус компани 2021 онд Монголын анхны ₮1 их наядын үнэлгээтэй нээлттэй компани болсон билээ. 2023 оны II улирлын байдлаар тус компани ₮1.36 их наядын  үнэлгээтэй, Монголын архины зах зээлийн 83%, шар айргийн зах зээлийн 93%-ийг тус тус эзэгнэсэн буюу шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэх компани юм. 

2023 онд АПУ ХК-ийн хувьцааны үнэ 18.8% унаж 1211₮ болоод буй. Тус компанийн хувьцааны үнэ унасныг дотоод талаас нь харвал АПУ ХК-ийн экспорт болон бусад борлуулалтын сувгуудыг сайжруулахтай холбоотой зардал нэмэгдэж, цэвэр ашиг багассан. Харин гадаад талаас 2023 онд ХЗЗ-д 7 компани шинээр IPO хийж ₮350 орчим тэрбумыг зах зээлээс татан төвлөрүүлсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаагаа их хэмжээгээр зарж, шинэ хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү оруулснаас үүдэн хувьцааны ханш унасан юм.

Уг компанийн хамгийн том давуу тал нь архи, согтууруулах ундаа, сүү сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, шүүс зэрэг олон чиглэлд 450 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулж буй буюу өрсөлдөөний дархлаа сайтай чанар. Тухайлбал,

  • Монголын шингэн хүнсний салбарын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж буй буюу архи, согтууруулах ундааны хэрэглээ жилд дунджаар 5.9%, сүү сүүн бүтээгдэхүүн 26%, ус, ундаа, шүүс 9.5% өсөж байна. 
  • Мөн АПУ ХК сүүлийн жилүүдэд экспортын орлогоо нэмэгдүүлэх зорилго тавин нийт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Польш, Хятад, Орос, Тайланд, Өмнөд Солонгос руу экспортолж байгаа бөгөөд компанийн нийт борлуулалтын орлогын 20%-ийг экспортын орлогоос бүрдүүлэх төлөвлөж буй.
  • Үргэлжлүүлэн харвал тус компанийн 39%-ийг эзэмшдэг Дижитал Концепт ХХК нь сүлжээ конвиниенс дэлгүүр болох GS25-ын Монгол дахь үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд нийт 200 гаруй салбар дэлгүүрийг нээж, гаднын болон дотоодын нийт 7,500 гаруй салбаруудаар өөрийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж байна. 

Сүү сүүн бүтээгдэхүүний “Цагаан хувьсгал”, Дижитал концепт ХХК, экспортын орлого зэрэг нэмэгдсэнээр 2023 оны II улирлын байдлаар борлуулалтын орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 32% өсөж ₮517.9 тэрбум болсон бөгөөд жилийн эцэст ₮1.08 их наяд болж өсөх хүлээлттэй байна. 2022 онд ₮126 тэрбумын цэвэр ашигтай ажилласан тус компани 2023 оны II улиралд ₮71.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 12.7% буурсан байна. 

  • Энэ нь шинээр ашиглалтад орсон бяслагийн үйлдвэр, Болгар таргийн патент зэрэг урт хугацаат хөрөнгө оруулалтуудаас гадна сүү сүүн бүтээгдэхүүний “Цагаан хувьсгал”,  экспортыг нэмэгдүүлэх маркетингийн зардал зэрэг бизнесийн үйл ажиллагааг тэлэх, борлуулалтыг өсгөх зориулалттай зардлын өсөлтөөс улбаатай. 

Мөн АПУ ХК жил бүр тогтмол ногдол ашиг тараах бодлоготой бөгөөд нэгж хувьцаанд 2021 онд ₮106, 2022 онд ₮89 ногдол ашиг тарааж байсан нь тухайн жилийн цэвэр ашгийн 75%-тай дүйж буй. Жилийн эцэст компанийн нийт цэвэр ашиг ₮149 тэрбум хүрэх хүлээлттэй байгаа бөгөөд тэдний ногдол ашгийн бодлогын дагуу цэвэр ашгийн 70%-тай тэнцэх хэмжээгээр ногдол ашиг тараана гэж тооцвол нэгж хувьцаанд ₮98 ногдол ашиг олгох боломжтой бөгөөд ногдол ашгийн хүлээгдэж буй өгөөж өнөөдрийн ханшаар 8.1% байна. 

  • Хувьцааны бодит үнэ: Тус компанийг цэвэр мөнгөн урсгалыг хорогдуулах (FCFE) арга болон зээлийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохын өмнөх ашиг харьцуулах (EBITDA multiple) аргуудыг 80/20 хувийн харьцаатай хэрэглэн үнэлэхэд хувьцааны бодит үнэ цэн ₮1,421 байгаа нь өнөөгийн зах зээлийн ханш компанийн бодит үнэ цэнийг тусгаагүй буюу 15% хямд үнэлгээтэй байна.
  • Өсөх боломж: Тэгэхээр тус компанийн хувьцааны үнэ өнөөгийн ханшаас 17% өсөх боломжтой, жил бүр тогтмол 8%-9% ногдол ашиг тараадаг, бизнес нь тогтмол өсөж, гадаад зах зээл рүү нэвтэрч буй компанийн хувьцааг хөрөнгө оруулалтын багцдаа зайлшгүй нэмэх хэрэгтэй. Учир нь хувьцаа ямагт бодит үнэ цэн рүүгээ тэмүүлдэг. 

Хэдийгээр цэвэр ашиг хүлээлтэд хүрэхгүй байгаа ч АПУ ХК нь тогтвортой ногдол ашгийн төлөлт, зах зээлийн хүчирхэг байр сууриараа найдвартай орлого үүсгэгч гэдгээрээ шингэн хүнсний зах зээл төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлд тод ялгарч байна.

     3. Түмэн Шувуут ХК

Сүүлчийн компани бол өндөгний магнат Түмэн Шувуут ХК (TUM). Сонирхуулахад дэлхийд дунджаар нэг хүн жилд 250 ширхэг өндөг хэрэглэдэг бол монголчууд жилд 127 буюу 2 дахин бага өндөг хэрэглэдэг байна. Дээрх үзүүлэлт Монголын өндөгний хэрэглээ сүүлийн 2 жил дараалан 30% орчим өсөж, 430 сая хүрсний дараах үзүүлэлт гээд бод доо. Өндөгний зах зээлийн хувьд монголчуудын хэрэглээ дэлхийн дунджаас 2 дахин бага харагдах ч эрчимтэй нэмэгдэж байгааг онцлох хэрэгтэй болов уу. Цаашлаад бид өндөгний хэрэглээнийхээ 65%-ийг дотоодоос 35%-ийг импортоор хангаж байна. 

Үргэлжлүүлэн харвал Түмэн Шувуут ХК тус зах зээлийн 35% орчмыг дангаар хангадаг бөгөөд 350,000 өндөглөгч тахиатай, өдөр бүр 200,000 өндөр үйлдвэрлэх хүчин чадалтай аж ахуйгаас гадна шингэн өндөгний, тэжээлийн, бордооны, сав баглааны үйлдвэрүүдтэй үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. 2019 онд анх нэгж хувьцаагаа ₮200-өөр олон нийтэд санал болгон нээлттэй ХК болсон уг компанийн хувьцааны ханш өнөөдрийг хүртэл IPO үнээс 65 % өсөж ₮330 болсон нь 2023 оны эхэн үеэс 5.8% буурсан үзүүлэлт юм.

Тус компани 2020 оноос бордоо болон шингэн өндөгний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн зардал буурч, борлуулалт болон цэвэр ашиг нэмэгдэж эхэлсэн. Мөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Түмэн Шувуут-2 төсөл 2023 онд амжилттай дуусаж өндөглөгч шувууны 8 байр, дэгдээхэйн 2 байр ашиглалтад ороод удаагүй байгаа бөгөөд 700,000 өндөглөгч шувуутай болж, өндөг үйлдвэрлэлийн хүчин чадал 84% нэмэгдэж, нэмэлтээр 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэх чадамжтай болсон. Ингэснээр борлуулалтын орлогыг ₮30 тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой болоод буй.

TUM-н өсөлт 

Тус компани нээлттэй ХК болсон цагаас хойш өндөг үйлдвэрлэл 2 дахин, борлуулалтын орлого 3 дахин, цэвэр ашиг 4 дахин өссөн байна. 2023 оны 2 улирлын байдлаар 54 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.8% өссөн үзүүлэлт бөгөөд оны эцэст ₮64 тэрбум болж өсөх хүлээлттэй байна. 

Түмэн Шувуут ХК өөрсдийн сав баглаа боодлын үйлдвэр, бордоо, тэжээлийн үйлдвэрийн ажиллагаа сайжруулж, мөн шошгогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үйл ажиллагааны зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цэвэр ашиг тогтмол өссөөр байна. 2023 оны II улирлын байдлаар ₮5.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс 54.4% өссөн бол оны эцэст цэвэр ашиг ₮12.5 тэрбумд хүрч 2022 оноос 73% өсөх хүлээлттэй байгаа. Компанийн ногдол ашгийн бодлогын дагуу цэвэр ашгийн 30%-тай тэнцэх хэмжээгээр ногдол ашиг тараана гэж тооцвол нэгж хувьцаанд ₮18.7 олгох боломжтой бөгөөд ногдол ашгийн хүлээгдэж буй өгөөж өнөөдрийн ханшаар 5.7% байна. 

  • 34.8% хямд: Тус компанийг цэвэр мөнгөн урсгалыг хорогдуулах (FCFE) арга болон зээлийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохын өмнөх ашиг харьцуулах (EBITDA multiple) аргуудыг 40/60 хувийн харьцаатай хэрэглэн үнэлэхэд хувьцааны бодит үнэ цэн ₮498.5 байгаа нь өнөөгийн зах зээлийн ханш компанийн бодит үнэ цэнийг тусгаагүй буюу 34.8% хямд үнэлгээтэй байна. 

Үйлдвэрлэж л чадвал борлуулах зах зээл хангалттай том, өссөөр буй, жил ирэх тусам борлуулалт, цэвэр ашиг нэмэгдэж байгаа, хувьцааны ханш өнөөгийн ханшаас 53% өсөх потенциалтай гээд дурдвал тогтмол хөрөнгө оруулах ёстой үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм шүү.

Дүгнэж хэлэхэд хүчирхэг, төрөлжсөн хөрөнгө оруулалтын багц бий болгох нь урт хугацааны санхүүгийн амжилтын үндэс юм. Дээр дурдсан 3 хувьцаа болох KHAN, APU, TUM нар өсөлттэй, тогтвортой бизнест хөрөнгө оруулахаар эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдад хамгийн тохиромжтой сонголт юм. ХЗЗ-ийн энэ их мэдээлэл, ширүүн урсгал дунд нарийн судалгаа хийж, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэлтэй байж, хөрөнгө оруулалтын багцаа тогтмол дахин үнэлэх нь системийн бус эрсдэлийг бууруулах давуу талтай гэдгийг сануулъя. 

Хөрөнгө оруулалт хийх нь үргэлж эрсдэлтэй алхам байдаг бөгөөд өнгөрсөнд болсон зүйлс ирээдүйн үр дүнг илэрхийлэхгүй гэдгийг санаарай. Хөрөнгө оруулалтын зөвлөхтэй зөвлөлдөж, хөрөнгө оруулалтын багцаа өөрийн санхүүгийн зорилго, эрсдэл даах чадварт нийцүүлэн бүрдүүлэхийг зөвлөж байна. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.