Lemon Press-н Lead With булангийн анхны дугаарт дэлхийд анх удаа нүүрстөрөгчийн кредитийг өрхийн түвшинд тооцож баталгаажуулдаг платформ бүтээж буй URECA компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Орчлон оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Түүний хувьд карьерынхаа ихэнх үеийг сэргээгдэх эрчим хүчний салбарт өнгөрүүлж, дэлхийд хамгийн богино хугацаанд хэрэгжсэн салхин цахилгаан станцын төслийг удирдсан туршлагатай энтрепренер юм. Өдгөө тэр Сингапурт төвтэй байгальд ялгаруулаагүй нүүрстөрөгчөө хэмжиж, үүнийгээ худалдах технологийн шийдэл бүхий гарааны компанийг үүсгэн байгуулалцаж, хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй гол асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн бизнесээ гардан чиглүүлж байна.
Боловсрол:
Карьер:
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
Хамгийн чухал нь эхлээд өөрийнхөө чадах болоод чадахгүй зүйлийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө хийж чаддаггүй зүйлээ хүлээн зөвшөөрч, өөртөө үнэнч хандвал өөрийн багаа сайн бүрдүүлж чаддаг. Өөрөөр хэлбэл, аль хэсэгт нь ямар төрлийн чадвартай хүн дэмжлэг болохоо сайн мэддэг, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах зэрэг нь ойлгомжтой болж ажлаа удирдахад илүү хялбар болдог.
Анх “Цэций” салхин цахилгаан станцын төслийг авчхаад өмнө нь энэ төрлийн төсөл дээр ажиллах нь байтугай цахилгаан станц дотор орж ч үзээгүй байсны хувьд анхандаа маш их стресстдэг байлаа. Харин тухайн үед миний ажил бол цахилгаан станц барих биш бөгөөд барьж чаддаг хүмүүсийг нь олоод баг болж зөв ажиллахад болохыг маш сайн ойлгосон. Тэгэхээр бүгдийг нь өөрөө хийх гэж зүтгэх биш чадах хүмүүсээр нь багаа бүрдүүлж, үүний дараа тэднийг чиглүүлэх нь миний гол арга барил юм уу даа.
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Өөрийнхөө чаддаггүй, мэддэггүй зүйлийг сурч, хөгжүүлэхэд үргэлж бэлэн байх.
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
Хүн зөв цагтаа зөв газартаа байх ёстой гэдэг. Шантармаар хэцүү үеүд олон байсан ч жижиг гэж орхигдуулахгүй хичээж байсны дүнд одоогийн олон хамтрагч, түншлэл, туршлагыг бий болгосон байна. Ирээдүйд ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй ч удаан хугацаанд жижиг зүйлийг ч орхигдуулахгүй явсаар ард нь гарсан олон түүх, туршлага надад бий. Тухайлбал, “Цэций” салхин цахилгаан станцын төсөл л гэхэд судалгаа, хөрөнгө оруулалт хийгдэж явсаар 10 гаруй жилийн дараа буюу 2017 онд ашиглалтад орж байв.
Таны карьераас бидний мэдэх ёстой зүйлс?
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
Өөрийн хийж чаддаггүй болоод хийхийг хүсдэггүй зүйлээ сурахад хөрөнгө оруулж түүнийгээ эзэмших нь хүнд байх ёстой чухал чадвар шиг санагддаг. Тухайлахад, миний хувьд анх ажлын гараагаа эхэлж байхдаа санхүүгийн загвар гаргах, Excel зэрэг түүлд үнэхээр дургүй байсан. Одоо бол компанийнхаа ямар ч ажилтнаас илүү Excel дээр ажиллана шүү. Өөрөөр хэлбэл, миний ажилд чухал гэж ойлгосон л бол дургүй байсан ч цаг гаргаад сайжруулахыг хичээдэг.
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
Ямар нэгэн сүртэй арга барил гэхээс илүү сүүлийн жилүүдэд нэг зүйлийг маш сайн ойлгож байна. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил зогсолтгүй ажиллаад үзчихлээ. Ер нь Монголд ч, гадаадад ч ямар салбарт ажилладаг эсэх нь хамаагүй бүх зүйлийг маш сайн хийдэг, бүх төрлийн чадвартай, бүх юмыг ойлгосон, таньсан төгс хүн гэж хаана ч байдаггүй юм байна. Тиймээс өөрийнхөө мэдэхгүй чадахгүй зүйлийг сурч байнгын эрэлхийлэл хийхийг хичээдэг.
Тиймээс энэ тал дээр 2 төрлийн хүн байдгийг энд дурдмаар санагдлаа.
Нэг нь, карьер нь өсөж олон хүнтэй уулзаж, дэлхий ертөнцтэй танилцах тусам өөрт нь ямар их мэдэхгүй, өмнө нь бодож ч байгаагүй шинэ зүйл байдаг юм бэ гэдгийг ойлгодог. Гэхдээ үүнийгээ хэвийн хүлээн авч, хүлээн зөвшөөрөөд цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарч байнга өөрийгөө цэнэглэдэг хүн.
Нөгөө нь, өөрийнхөө мэдэхгүйг мэдэж байгаа ч мэдэж байгаа мэт харагдахыг хичээдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй зүйлээ сурахад хөрөнгө оруулахаас илүүтэйгээр хэрхэн мэдэж байгаа мэт харагдах вэ гэдэг харагдах байдалдаа илүү төвлөрдөг гэсэн үг. Зөвхөн харагдах байдалдаа зарцуулж буй тэр энерги бол үнэхээр хайран. Тиймээс хэн ч байсан, юу хийдэг ямар албан тушаалтайгаасаа үл хамааран мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, сурахад хөрөнгө оруулах нь чухал.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
Монгол, Сингапурт нийлээд 25 хүнтэй баг удирдаж байна. Бидний хувьд байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг технологи ашиглан хүртээмжтэй болгох зорилготой ажилладаг. Тиймээс технологи, байгаль орчин, санхүү 3-ыг нийлүүлсэн олон ур чадварын огтлолцол дээр ажилладаг гэж хэлж болно. Манай багийн зарим нь байгаль орчны инженер, ихэнх нь технологи IT инженер, үлдсэн хэсгийг нь санхүүгийн хүмүүс бүрдүүлдэг. Эдгээрийн зөв огтлолцлоор л бизнесээ явуулж байна.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Хүний амьдрал хэрхэхийг нэг л сонголт шийддэг шиг байгаа юм. Тэр нь миний бодлоор, чиний амьдралын партнер ямар хүн байх вэ гэдгийг сонгох сонголт. Эхнэр эсвэл нөхрөө сонгох нь хүнд амьдрал цаанаас нь өгсөн зүйл биш. Цэвэр өөрийнх нь сонголт. Тиймээс амжилтад маань хамгийн их нөлөөлсөн хүн бол миний эхнэр. Хэрвээ эхнэр маань байгаагүй бол би олон зүйлийг ингэж зоригтойгоор хийхгүй байсан болов уу. Магадгүй өдийд би нэг томоохон компанид тогтвортой карьерын замнал хөөгөөд явж байх байсан. Хэн нэгэн чамд өдөр бүр урмын үг өгч, өдөр бүр арыг тань найдвартай даагаад явж байна гэдэг өөрийгөө илүү сайнаараа дайчлах зориг, эрч хүчийг өгдөг.
Таны ажлын ноу хау?
Карьерынхаа туршид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, агаарын тээвэр гээд олон салбарт ажиллаж үзсэн байна. Энэ хугацаанд хэрэггүй мэдлэг гэж хүнд байдаггүй гэдгийг маш сайн ойлгосон. Гаднын болоод дотоодын компани, хүмүүстэй харилцах, хэлэлцээр хийхээс эхлээд олж авсан туршлага мэдлэг л хамгийн үнэ цэнтэй ноу хау юм болов уу.
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Эхлээд хүн юу ч хийж байсан тухайн зүйлийг яагаад, юуны төлөө хийж байгаа вэ гэдгээ сайн мэддэг, ойлгосон байх хэрэгтэй. Ихэнх хүн 5 хуудас тайлан гаргахын тулд яаж хийх вэ гэдэгт л анхаараад байдаг. Харин минийхээр тухайн хийж байгаа тайлан нь цаанаа юунд зорьж хийж байгаа юм бэ, хэн яаж ашиглаад ямар үр дүн үүсэж болох вэ гэдгийг ойлгож, үүнд л зориулж хийх ёстой. Жижиг ажил байсан ч эцсийн үр дүнтэй нь уялдуулж хийдэг хандлага л илүү сайн карьерыг бий болгох үндэс болдог гэж боддог.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
Санал болгох ном?
Сүүлд 2 дахь удаагаа уншсан “The World For Sale” хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачдын тухай номыг санал болгомоор байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.