
Монгол Улсын ууган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг Сүү ХК дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий SUU 2.0 шинэ үйлдвэрээ албан ёсоор ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үр ашгийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн томоохон төсөл юм.
Нийт 2,590.6 м² барилгажих талбай бүхий SUU 2.0 үйлдвэрт түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үндсэн дамжлагыг нэг цогц системд нэгтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавих, технологийн горимыг тогтвортой мөрдөх, бүтээгдэхүүний чанарыг жигд хадгалах нөхцөл бүрдсэн юм.
Тус үйлдвэрт Германы GEA, Шведийн Tetra Pak, Финландын Elecster, Италийн FENCO, Францын SERAC зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Үүнээс гадна асептик үйлдвэрлэлийн шугам, бүрэн автомат сүүний тоног төхөөрөмж, төвлөрсөн MCC удирдлагын систем, автомат CIP цэвэрлэгээ, ариутгалын системийг нэвтрүүлсэн байна. CIP систем нь тоног төхөөрөмж, шугам хоолойг задлахгүйгээр цэвэрлэж, ариутгах боломж олгодог бол MCC удирдлагын систем нь үйлдвэрийн үйл ажиллагааг бодит цагийн горимд нэгдсэн байдлаар хянахад чиглэнэ. Эдгээр технологийн шийдэл нь үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангаж, чанарын хяналтыг сайжруулахад чухал үүрэгтэй.
SUU 2.0 үйлдвэр ашиглалтад орсноор Сүү ХК-ийн хоногт боловсруулах сүүний хэмжээ 200 тонноос 400 тонн болж, үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. Энэхүү өргөтгөл нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэхийн зэрэгцээ хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах шинэ боломжийг нээж байна. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн боломжоо бүрэн ашигласнаар ойрын 2-5 жилийн хугацаанд Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьжээ.
SUU 2.0 төсөл нь “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй санхүүжилтийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн. Төслийн хүрээнд 2023 оноос эхлэн нийт ₮58 тэрбум хөнгөлөлттэй зээл авч, өнөөдрийн байдлаар ₮30 тэрбумыг эргэн төлөөд байна. Үлдэгдэл ₮28 тэрбумын зээлийг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа аж. Энэхүү санхүүжилт нь үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм.
1958 оноос эхтэй Сүү ХК-ийн олон жилийн туршлага, хуримтлуулсан мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулсан SUU 2.0 төсөл нь компанийн үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байна. Түүнчлэн Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт автоматжуулалт, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал алхам болж буйгаараа онцлогтой.
Сүү ХК шинэ үйлдвэрээрээ дамжуулан дотоодын зах зээлийн хэрэгцээг тогтвортой хангах, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх зорилгоо өргөжүүлсээр байна. Үйлдвэрийн “Эрүүл монгол хүний төлөө” уриа нь компанийн эрхэм зорилго, цаашдын хөгжлийн чиглэлийг илэрхийлж байна.
Эх сурвалж: Сүү ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.