
Крипто зах зээлийн жавар арилаагүй энэ цаг үед санхүүгийн нууцлалд төвлөрсөн Zcash (ZEC) койны үнэ сүүлийн нэг жилд 3,000% өсөж, жижиг хөрөнгө оруулагчдаас эхлээд тэрбумтнуудын анхаарлыг татах болжээ.
💘 Баячуудын харцыг булаав
Уг өсөлтөд The Social Network кинонд гардаг, Биткойн (BTC)-н анхны хөрөнгө оруулагчид болох Винклвоссын ихэр ах дүүс болон Digital Currency Group-н Гүйцэтгэх захирал Барри Силберт зэрэг крипто салбарын томоохон тоглогчдын сонирхол нөлөөлжээ. Мөн Digital Currency Group-н харьяа Grayscale-н Zcash-д суурилсан ETF арилжааны эхний 30 өдрийн дотор $1 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлсэн нь голлох нөлөөг авчирсан аж. Үүний үр дүнд Zcash-н зах зээлийн үнэлгээ $20.4 тэрбумд хүрснээр ТОП-10 криптовалютын нэг болсон юм.
🌚 Зоосны нөгөө тал
Энэ өсөлтийн цаана зохицуулалтын эрсдэл оршсоор байна. Тухайлбал, SEC энэ оны эхээр Zcash-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаа зогсоосон ч Европын Холбооны мөнгө угаахтай тэмцэх шинэ журмаар 2027 оноос крипто үйлчилгээ үзүүлэгчид гүйлгээний нууцлалыг нэмэгдүүлэх боломжтой нэргүй данс, үйлчилгээг санал болгохыг хориглох шийдвэр гаргасан. Энэ нь Zcash зэрэг нууцлалтай койнуудын арилжаанд нөлөөлж, зарим биржээс хасагдах эрсдэл үүсгэж болзошгүй юм.
Эцэст нь… Zcash нь нийт нууцлалтай койнын зах зээлийн 62%-ийг дангаар эзэлжээ. Үүнээс харахад тус койнын үнийн савлагаа, зохицуулалтын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын анхаарах гол эрсдэл болж байна. Ер нь манай лимонууд ойрдоо ямар койныг судалж, сонирхож байна даа? 🤔
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.