Монголын Хөл Бөмбөгийн Холбооны төсөв рүү өнгийв...
Анхаарлын төвд ороод буй муу нэртэй, луу данстай гэгддэг Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны 2025 оны төсөвтэй танилцъя.
- 🎙 Эхлэхийн өмнө: МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт саяхан дуусаж УИХ гишүүн асан Ц.Анандбазар 26 саналаар ялалт байгуулав. Үүнтэй холбоотойгоор тамирчид, шүүгчид, багууд, ивээн тэтгэгч компаниуд болон фанатууд гээд олон нийт тус үр дүнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлээд байна.
💰 Төсвийн орлого
Юуны өмнө МХБХ нь FIFA, AFC болон EAFF-н гишүүн бөгөөд эдгээр холбоодоос санхүүждэг гэдгийг дурдах нь зүйтэй. Тус холбооны хувьд 2025 онд ₮9.9 тэрбумын орлоготой ажиллах ба FIFA-с ₮5.4 тэрбум, AFC-c ₮0.9 тэрбум, маркетингаас ₮3.4 тэрбум, бусад орлогоос ₮0.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр зорьж буй аж. Энэ орлогын дүн нь өнгөрсөн оноос 11% буюу ₮1.2 тэрбумаар буурсан дүн гэнэ.
🧐 Зардлын тухайд
2025 оны нийт зардал орлоготой адил буюу ₮9.9 тэрбумаар төсөвлөгдсөн аж. Тус зардал нь үндсэн 2 зардлаас бүрдэх бөгөөд хөл бөмбөгтэй холбоотой зардалд ₮6.7 тэрбум, МХБХ-ны үйл ажиллагаатай холбоотой зардалд ₮3.1 тэрбум хуваарилагджээ. Хэдий цаасан дээр ингэж буудаг ч өмнөх онуудад алдагдалтай ажилссаар нийт алдагдлын хэмжээ нь ₮3.8 тэрбумд хүрээд байна.
- 💔 Мэдэхэд илүүдэхгүй: 2015 онд FIFA-н 30 гаруй өндөр албан тушаалтан 24 жилийн турш үргэлжилсэн $150 саяын авлигын хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээлгэв. Энэ нь FIFA-н нэр хүндэд халтай үйл явдал болж олон нийтийн итгэл алдагдахад хүргэсэн билээ.
Дүгнэхэд… Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг одоогоор дэлхийд 187-д, эмэгтэй баг 126-д эрэмбэлэгдэж байна. Тус үзүүлэлтийг ахиулж, олон улсын тавцанд амжилт гаргах нь МХБХ-ны чухал ажлын нэг. Харамсалтай нь олигтой ахиц гарахгүй байгаа нь тэдэнд тавих дүн болжээ. Холбооны асуудал шийдэгдэж дараагийн Месси, Роналдо Монголоос төрөх болтугай л гэе даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.