Lemon Press Interview-н ээлжит дугаараар үндэсний ХушХан брэндийг хөгжүүлэгч Норд Роуд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тайваны ярилцлагыг хүргэж байна.
Үндэсний брэнд “ХушХан” худалдаанд гараад 3 гаруй жил болсон байна. Та тус брэндтэй хэрхэн холбогдсон талаар уншигчидтай маань хуваалцана уу?
Би 2010 онд СЭЗИС-ийг Нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд үндэсний шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 14 жил ажилласны сүүлийн 8 жил нь АПУ Дэйри ХХК-ийн Санхүү хариуцсан захирлаар ажилласан.
Хуш модны самар бол Монголын уул уурхайн бус экспортын салбарт ноос, ноолууран бүтээгдэхүүний дараа 2-рт орох боломжтой экспортын чухал нөөц. Миний хувьд цаашид уг бүтээгдэхүүний үнэ цэн өдрөөс өдөрт нэмэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй итгэлтэй байдаг тул 2023 оноос эхлэн Норд Роуд ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож “Хушхан” брэндийн хөгжүүлэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж эхэлсэн юм.
Та яриандаа самар Монголын уул уурхайн бус экспортын 2-рт орох чухал нөөц гэж дурдлаа. Тэгвэл Монгол жилд дунджаар хэр их хуш модны самар экспортолж байна?
Эдийн засаг хөгжлийн яамны мэдээлснээр Монголын уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний 1-рт ноос ноолуур, дараа нь хуш модны самар, 3-рт мах, махан бүтээгдэхүүн ордог. Тэгэхээр хуш модны самар нь уул уурхайн бус экспортын гол нэрийн бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор орж байгаа юм.
Түүнчлэн Internation Nuts & Dried fruits Congress буюу Дэлхийн самрын холбооны 2021 оны тайланд Монгол жилд дунджаар 500 тн хуш модны самар экспортолдог гэх албан ёсны мэдээ бий. Харин 2023 оны тайланд энэхүү тоо нь 4,500 тн буюу бараг 10 дахин өссөн байдаг.
Монголын самрыг олон улсад ч хүлээн зөвшөөрөөд сонирхож байгаа юм байна. Тэгвэл монгол самар юугаараа онцгойрдог, яагаад эрэлттэй байна?
Монголчуудад самар яг үнэндээ мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг бүтээгдэхүүн. Яагаад ингэж хэлсэн бэ, гэхээр дийлэнх хүмүүст самар бол намар болонгуут уулнаас бууж ирээд цөмж л иддэг, зугаа маягийн бүтээгдэхүүн гэсэн хандлага байдаг. Өөрөөр хэлбэл хуш модны самрыг цөмж идэхээс цааших хэрэглээг мэдэхгүй. Гэтэл Япон, Өмнөд Солонгос, Европт самрыг нарийн судалсан. Тухайлбал, самрын чөмгөөс эхлээд ясыг нь хальслаад судалчихсан. Сонирхуулахад самар ханаагүй тос буюу сайн тосны агууламж өндөртэй. Бид бүхний дангаар нь авч хэрэглэдэг Омега 3,6,9 түүнчлэн К,А,В,Ц,Д витамин гээд бүх төрлийн витаминууд байдаг.
Монголд самар түүдэг хувь хүмүүс нэлээд их байдаг. Энэ нь эргээд самрыг модноос нь буруу аргаар авах, самрын модыг гэмтээх, ариутгаагүй самар ил задгай худалддаг зэрэг сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тэгвэл “ХушХан” брэнд самраа хэрхэн түүж, хэрхэн боловсруулж байна?
Хүмүүс цөмсөн самар гэхээр оюутнуудаар эсвэл сургуулилттай хэрмээр цөмүүлдэг үү, гэж биднээс наргиж асуудаг. “ХушХан” брэндийн бүтээгдэхүүнүүдийн тухайд самраа цөмөх, дулааны боловсруулалтад орох, рентген туяагаар ялгах гэх мэтчилэн 3 цехийн 20 гаруй шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт очдог.
Монголчуудын нийтлэг ашигладаг самар хураалтын арга бол модыг нүдэж, балбаж байгаль экологийг гэмтээж хураадаг нь үнэн. Уг нь самар чинь хугацаа нь болоод буюу 10 сарын 20-ноос хойш салхины аясаар аяндаа уначихдаг эд. “Намар болоод самраа хураая” гэдэг нь ч модоо гэмтээхгүй, түүнээс хамааралтай ан амьтан цаашлаад экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй л гэсэн санаа. Харин бусад улс орнууд самрыг хэрхэн хураадаг вэ гэвэл,
Бидний хувьд дроноор самар хураах талаар туршлага судалж, эхний туршилтуудаа хийгээд явж байгаа. Гэхдээ дрон эсвэл өөр техник хэрэгсэл авчирлаа гээд бүх асуудал шийдэгдчихгүй. Үүнээс илүүтэй тухайн машин, техникийг удирдаж буй хүний ухамсрын асуудлыг цэгцлэх нь хамгийн том асуудал болоод байна. Ингэхээр хэзээ очиж, яаж зөв аргаар самар түүх вэ, гэдэгт хувь хүн бас компани ойролцоотой байхаас аргагүй байгаа юм.
Албан бус тооцоогоор одоогоор Монголд 40 мянга гаруй иргэн самар түүж байгаа. Тиймээс ч бид бизнесээ урт хугацаанд тогтвортой байлгая гэвэл самрыг хэрхэн зөв түүх, хэзээ түүх вэ зэрэг салбарын бенчмарк, стандартыг бий болгох хэрэгцээ их байна.
Та самар боловсруулж зарахын сацуу Япон, Өмнөд Солонгост самрын хальсыг судалж, ашиглаж байгаа гэлээ. Ер нь “ХушХан” брэнд цаашид нэр төрлөө нэмэх үү, хэрхэн өргөжих вэ?
Бид одоогоор Европын орнууд руу голчлон экспорт хийж байгаа бөгөөд 1 үйлдвэртэй, 50 гаруй ажилчидтай. Түүнчлэн дэвшилтэт технологийн тусламжтайгаар үйлдвэрлэлийнхээ 70%-ийг автоматжуулсан.
Өмнө нь дурдсанчлан монголчууд зөвхөн самрыг цөмж л идэж байгаа. Харин гадаадад олон төрлөөр ашигладаг. Учир нь самраас хаях зүйл байдаггүй. Самрын тос, самрын ясаар барилгын хавтан хийхээс эхлээд маш олон төрлийн бүтэгдэхүүн гарган авах боломжтой. Тиймээс ч бид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж самрын тос гаргах гээд бэлдэж байгаа.
“ХушXан”-ы өнгөрсөн он хэр өнгөрөв? Түүнчлэн 2024 онд юу хийхээр төлөвлөж байгаа билээ?
Өнгөрсөн онд Монголд ирсэн жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор бидний дотоодын борлуулалт 5 дахин нэмэгдсэн. Түүнчлэн одоо бол өдөрт дунджаар 5-10 Солонгос компанитай уулзалт хийж байна.
Харин 2024 онд гэвэл, бид сүүлийн 8 жилийн хугацаанд судалгаа хийж энэ онд Богд ууланд залгалтын аргаар тарьсан модоо суулгаж, тарих томоохон ажлаа эхлүүлнэ.
Өнгөрсөн жил жуулчид их ирсэн нь “ХушХан”-д ч нэлээд нөлөөлсөн байх нь ээ?
Жуулчид Монголд ирсэн нь “ХушХан” гэх брэндэд нөлөөлсөн гэхээсээ илүү биднийг сонирхоод ирсэн жуулчид аялал жуулчлалын салбарт нөлөөлсөн байх боломжтой шүү дээ. Яагаад болохгүй гэж.
“ХушХан” одоогоор Европын орнууд руу голлон экспорт хийж байгаа юм байна. Цаашид цар хүрээгээ тэлээд өөр улс руу экспорт хийнэ гэвэл ямар улс байх бол?
Бид одоогоор Ази руу гэвэл Хятад ,Солонгос, Европ руу Итали, Испани, Герман, Турк гэсэн 6 улс руу “ХушХан” брэндийг экспортолж байгаа. Цаашлаад хамгийн ойрын хугацаанд Зүүн Азийн улсууд болох Япон, Малайз, Англи руу экспорт хийх төлөвлөгөөтэй байгаа.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.