Хуучирсан мэдээ/ 4 сарын 3, 2024

Өнгөрсөн онд 12 биржээр нийт ₮1.3 их наядын арилжаа хийгдсэн байна

Зиа, нэг хэсэг Монголд “Крипто” гэх сэдэв эрчийг авч, амтай болгон л койн, токен гэж шуурсан. Тэгвэл крипто биржүүдийн үйл ажиллагаа хэр урагштай байгаа, хэр их арилжаа хийгдэж байгааг харцгаая.  

  • Тайлан: СЗХ-ноос 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өнгөрсөн оны тайланг танилцууллаа. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдэг нь криптовалютын арилжааны биржүүдийг хэлж буй.  

Хэд юм бэ?

Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай виртуал хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ₮241.9 тэрбум байгаа юм. Тэгэхээр энэ зах зээл нь МХБ (MSE)-ийн ТОП-20 компанийн дундаж зах зээлийн үнэлгээнээс 1.9 дахин жижигхэн гэсэн үг. 

  • Хэр их юм бэ? Харин виртуал хөрөнгийн зах зээлийн өдрийн нийт дундаж арилжаа ₮150.1 сая байгаа аж.
  • Санхүү сайн уу? Өнгөрсөн онд өнөө 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч маань нийт ₮5.4 тэрбумын орлого олсон ч үүнээсээ 2.3 дахин их зардал гаргаснаар ₮11 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

Биржүүдээр юу байна?

Цаашлаад арилжаа болон биржүүдийн онцлог руу өнгийе. Өнгөрсөн онд 12 биржээр нийт ₮1.3 их наядын арилжаа хийгдсэн байна. Үүний 89.2%-ийг гадаад арилжаа, 10.8%-ийг дотоод арилжаа бүрдүүлжээ. Дотоодын арилжаа ийм бага байх нь арга ч үгүй дээ. Нэг хэсэг шуугьж байсан дотоодын хэдэн койнуудын үнэ шал шүргэж, хэрэг төвөг үүсээд бөөн юм болсон хойно. Түүнчлэн биржүүд дээр нийт 921 мянган харилцагч бүртгэлтэй байдаг ч 15 мянга нь л идэвхтэй арилжаа хийдэг аж. 

  • Трэнд: Өнгөрсөн оны арилжааг сараар нь харвал 1-р сард хамгийн их буюу ₮246.2 тэрбумын арилжаа хийгдсэн бол үүнээс цааш арилжааны дүн тасралтгүй уруудаж 9-р сар гэхэд ₮48.7 тэрбум болсон байна. Харин оны сүүлийн саруудад овоо сэргэж 12-р сарын арилжааны дүн ₮110.6 тэрбумд хүрчээ.
  • 4 акул: Түүнчлэн ердөө 4 бирж дээр хийгдсэн арилжаа нийт арилжааны 95.4%-ийг бүрдүүлжээ. Мөн дотоодын арилжааны 42% нь зөвхөн IDAX дээр хийгдсэн аж. Харин Zoos бирж дээр ямар ч арилжаа хийгдээгүй байна.

Эцэст нь… Заа манай крипто хөрөнгийн биржүүдийн нөхцөл байдал иймэрхүү л байна даа. Дүгнэлтийг танд үлдээе. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.