Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) 2025-2029 онд технологи, медиа, харилцаа холбооны салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын стратегиа баталлаа.
🪴 Ихэр шилжилт: Ногоон + Дижитал
Ирэх 10 жилд шинээр бүтээгдэх эдийн засгийн үр ашгийн 70% гаруйг дижитал технологид суурилсан бизнес модельтой бизнесүүд бүтээнэ гэх тооцоолол бий. Иймийн тулд ирэх 4 жилд ЕСБХБ үйл ажиллагаа явуулдаг 39 оронд хэрхэн дижитал дэд бүтцийн өргөжилт, бизнесийн дижиталжилт, кибер аюулгүй байдал, хувийн хэвшлийн өсөлт буюу инновацлаг ногоон, хүртээмжтэй төслүүдийг анхаарч ажиллахаа танилцуулаад буй.
🧧 Хөрөнгө оруулалтын хэмжээ
ЕСБХБ 2020-2024 онд тус 3 салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтын стратегиараа нийт 95 төсөлд €1.7 тэрбумын санхүүжилт олгосны 92% нь хувийн хэвшилд олгогдсон байдаг. Санхүүжилтийг нь задлан харвал дижитал дэд бүтцийн өргөжилтөд дийлэнх буюу €1.3 тэрбумыг, харин үлдсэн €421 саяар нь финтек, боловсролын чиглэл дэх технологийн компаниуд болон цахим худалдааны компаниудыг санхүүжүүлжээ.
🚨 Монголын боломж
Харин шинэ стратегийн санхүүжилт өмнөхөөсөө нэмэгдэх төлөвтэй байгаа. Тэгэхээр Монголын хувьд өргөн зурвас болон 5G нэвтрүүлэх чиглэлд санхүүжилт татахаас эхлээд том хэмжээний дата төв байгуулах эргээд уг дата төвийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлд санхүүжилт татах боломж их.
Эцэст нь… Шинэчлэн баталсан стратеги нь өмнөх 4 жилийн стратегийнхаа алдаа, оноог дэнсэлж дижитал дэд бүтцэд голлон анхаарахаас гадна кибер аюулгүй байдал, ногоон эдийн засгийн уялдаа холбоо, санхүүгийн хөшүүргийг илүү сайжруулах байдлаар хэрэгжинэ. Өнгөрсөн онд Монголын технологи болон банкны салбарынхан тус банкнаас амжилттай санхүүжилтүүд татаж чадсан. Ирэх 4 жилд ЕСБХБ санхүүжилтээ нэмэгдүүлэх нь байна шүү. Анхаарч байвал…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.