М.Хулан
/ 5 сарын 22, 2025

Хан Төгөл хотхон: Байгальтай ойр амьдралын шинэ хэв маяг

Lemon Press-н энэ удаагийн ярилцлагад Хан Төгөл хотхоны бүтээн байгуулалтыг хийж буй Эй Жи Жи Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхбаярыг урьж, хаус зах зээлийн талаар ярилцлаа. Хүлээн авна уу. 

Уншигчдад маань Хан Төгөл хотхоны ерөнхий концепт болон төлөвлөлтийн талаар танилцуулна уу?

Хан Төгөл хотхоны төсөл анх 2018 онд зураг төслийн ажлаа эхэлж, олон улсын болон дотоодын архитектурууд ажилласан. Тухайлбал, хотхоны ерөнхий концептыг Францын архитектор гаргаж, ерөнхий төлөвлөлт болон эскиз зургийн шатанд Хятадын архитектурын багууд оролцсон. Харин гүйцэтгэл дээр нь Монгол архитекторууд Францын талтай хамтраад ажилласан гэж хэлж болно.  

Төсөл маань 19 га талбайг хамарсан 4 ээлжтэй хаус хотхон. Ээлж болгон нь өөрийн гэсэн “таталцлын төв”-тэй. Жишээлбэл,

  • I ээлж "Нуурын төгөл" маань Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц хиймэл нууртай.
  • II ээлж "Аз жаргалын төгөл" нь  9 мянган м² талбайг хамарсан 0-14 насны хүүхдүүд 4 насны ангиллаар тоглох боломжтой Монголын хамгийн анхны иж бүрэн тоглоомын цогцолбортой. Сонордуулахад, бид тоглоомын талбайдаа дэлхийн алдарт HAGS брэндийн тоглоомуудыг байршуулсан.
  • III ээлж нь "Уулын төгөл". Уулын энгэр дагуу байрласан, ууланд алхах жим, гүйлтийн болон дугуйн зам болон клаб хаустай.  
  • IV ээлж нь "Гэрэлт төгөл". Гэрэлт гудамжтай, илүү бизнес зэрэглэлийн орон сууцуудтай. Амфитеатраар гол таталцлын төвөө шийдсэн.

Хан төгөл хотхон зах зээл дээр байгаа ижил төст хотхонуудаас юугаараа онцгой, ялгаатай вэ? Та яриандаа таталцлын төв гэх ойлголтыг дурдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй яривал? 

Хотхон төлөвлөх үед хүмүүсийн сэтгэл ханамж болон амьдралын чанарт хөршийн холбоо ихээхэн нөлөөлдөг гэдгийг заавал тооцох хэрэгтэй. Нэн ялангуяа манай хотхон шиг олон өрхтэй хотхоны хувьд оршин суугч гагц хувийн эзэмшилдээ биш, хөршүүдтэйгээ уулзах, харилцах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр “таталцлын төв” гэх ойлголтыг бий болгосон юм.

Жишээ нь, Нуурын төгөлд орой хүүхдийнхээ тэргийг түрээд алхаж байгаа эцэг эхчүүд эсвэл Аз жаргалын төгөлд хүүхдүүд хамт тоглож буй тэр орон зай нь манай хотхоны "таталцлын төв". Хөршүүд хоорондоо эерэг, зөв харилцаатай байж гэмээ хөршийн итгэлцэл үүснэ ээ дээ. Тиймээс бид зүгээр нэг байшин барих бус, нийгмийн харилцан, итгэлцэлтэй уур амьсгал, хотхоны орчныг бүрдүүлэхийг хичээсэн.

Энэ нэр томьёог барилгын салбарт төдийлөн өргөн хэрэглэдэггүй. Манай төслийн баг уг ойлголтыг бүтээж, хөгжүүлсэн өвөрмөц ойлголт гэж хэлж болно.

Цаашлаад, хотхоны зохион байгуулалтыг онцолмоор байна. Манай хотхонд 1 блокод 1 айл амьдрах сингл хаус, 2 айл зэрэгцээ твин хаус болон 4 айлын таун хаус гэсэн 3 төрлийн хаус бий. Ээлж бүрийн газарзүйн онцлогоос хамаарч 3 төрлийн хаусууд их, бага хэмжээгээр төлөвлөгдсөн. Тухайлбал, I ээлжид 3 төрлийн хаус 3-уулаа байгаа бол II ээлжид твин, сингл хаус голлож байгаа. Харин III ээлж буюу Уулын төглийн дийлэнх нь сингл хаус. Нэмэлтээр таун хаус төлөвлөхөөр ажиллаж байна. 

Товчхондоо бидний зорилго орчиндоо ууссан, байгальд ойр, хүний хэрэгцээг бүрэн хангах хотхон бий болгох. Хүмүүсийн амьдрал зөвхөн байшин, 4 хананы дунд бус гаднах харилцаа, орчин дунд өрнөх учраас “таталцлын төв” гэдэг ойлголтыг нэлээн чухалчлаад байгаа юм.

Хаус худалдан авч буй хүмүүсийн дийлэнх нь дан ганц хаус бус, орчныг нь худалдан авч байна гэх итгэлтэй байдаг. Хан төгөл хотхоныг сонгож буй хүмүүсийн зан төлөв, сонирхож буй шалтгааныг юу гэж харж байна? 

Манай хотхон эхний ээлжээ ашиглалтад оруулаад 4 жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд бид оршин суугчдын сэтгэл ханамжийг жил бүр тогтмол судалж ирсэн. Мөн шинээр нүүж ирсэн оршин суугчдаас “Яагаад Хан Төгөлийг сонгосон бэ?” гэх асуулгаар тэдний хандлага, сонголтын шалтгааныг ойлгохыг хичээдэг. 

Нэгдүгээрт, манай хотхоныг сонгож буй хүмүүсийн хамгийн түрүүнд дурддаг зүйл бол орчин.

Ихэнх худалдан авагчид зөвхөн хаус биш, байрлаж буй орчин, уур амьсгал, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг нь л сонгож байна. 

Хаус сонгохдоо орчноо худалдан авч байна гэсэн үг. Манай хотхоны үндсэн концепт нь “Үнэт өв бүтээнэ” гэх урианд тулгуурладаг. Энэ нь зуун зууны турш дамжин уламжлагдаж, үнэ цэнээ хадгалах үл хөдлөх хөрөнгийг бий болгоно гэсэн санаа юм.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын үнэ цэн. Хан Төгөл хотхоны анхны оршин суугчдын тухайн үеийн худалдан авсан хөрөнгө одоо бол мэдээж өссөн. Жишээлбэл, 2021 онтой харьцуулахад 2025 он буюу өнөөдрийн байдлаар тэдгээр хүмүүсийн хөрөнгийн үнэ цэн 2-3 дахин өссөн байна. Нөгөө талд бид ч хауснуудынхаа үнэ цэнийг хадгалахын тулд насжилт, чанарт онцгой анхаардаг. Манай хаусуудын фасад нь чулуун болон байгалийн боржин чулуу.  

Одоо II ээлжийн барилгын ажил явж байгаа юм байна. II ээлжийн онцлог талуудыг танилцуулна уу. 

II ээлж 21 хаустай. Эхний 10 нь энэ 6-р сарын сүүлчээр ашиглалтад орж, үлдсэн 11 нь 11-р сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа. 2018 онд бид анхны концептоо гаргахдаа тухайн үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, хүсэл сонирхолд нийцсэн зохион байгуулалт, төлөвлөлт хийж байсан. Гэхдээ I ээлжийн барилга ашиглалтад орж, оршин суугчид амьдарч эхэлмэгц, зарим хэрэглээ, хөдөлгөөний логик дээр сайжруулах зүйлсүүд гарч ирсэн. Тиймээс II ээлж дээр бид эдгээрийг сайжруулж, оршин суугчдын бодит хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлтөд нийцүүлэн төлөвлөлтөө илүү нарийвчилсан юм.

Ялангуяа өрөөнүүдийн зохион байгуулалт, эргономик хөдөлгөөний шийдэл, үйлчилгээний хэсгүүдийн байршил зэрэгт голлон анхаарал хандуулсан. Тухайлбал, гал тогооны хэсгийг илүү саруулхан, ашиглалтын хувьд сул орон зайгүй практик ашиглалттай байхаар төлөвлөсөн. Хоол бэлтгэх хэсэг, угаалгын хэсэг, агуулахын хэсгүүдийг тусад нь, эзэгтэй нарын хөдөлгөөнд саад болохгүй байдлаар шийдсэн. Мөн гал тогоо болон зочны өрөөний хооронд тухтай уур амьсгал бүрдүүлэх камины булантай. Төсөл сонирхож ирсэн хүмүүст манай гал тогооны хэсэг хамгийн их таалагддаг. 

Цаашлаад, I давхарт зочны өрөө, гал тогоо, зочны амрах болон угаалгын өрөө байрлаж байгаа. II давхрын онцлог хэсэг нь гэр бүлийн хэсэг, цаашлаад мастер унтлагын өрөө, тусдаа ажлын болон хүүхдийн өрөөнүүд, бясалгалын өрөө болгон ашиглах өрөө гэхчлэн өрөөний хуваарилалтуудыг хийсэн. Мастер унтлагын өрөөний угаалгын өрөөнд саун, цонх руу харсан ванны хэсэгтэй нь  худалдан авагчдын сонирхлыг их татаж байгаа. Эдгээрээс илүүтэй хамгийн том давуу тал нь өрөө хуваалтыг захиалагчийн хүсэл сонирхол, гэр бүлийн гишүүдийн персонад тохируулж шийдэх боломжтой гэдэг нь. 

Орчин үед утаа, дуу чимээ, хөрсний бохирдол томоохон сорилт болж амьдралын чанарт ихээхэн нөлөөлж байна. Улаанбаатар хоттой ойр хэр нь эдгээрээс аль болох хол байх боломж ховор л доо. Уулын аманд байрлалтай энэ хаус төсөл яг тэр орон зайг нөхөж чадсан  буюу энд дуу чимээ багатай, агаар нь цэвэр, хөрс нь эвдэрч сүйдээгүй цэвэр байгаа нь хамгийн том давуу тал. Байгальдаа ойр амьдрах мэдрэмж, өглөө бүр уулын оройд тусах нарыг харж өглөөний цайгаа ууж суух амгалан орчныг төсөөлөхөд л тайвшрахаар байгаа биз дээ? 

Гэхдээ ганц байршил гэлтгүй, бас нэг онцгой давуу тал нь төвийн шугамд холбогдсон байдал. Цахилгаанаар халаадаг хаусууд сард ₮4-₮5 саяын зардалтай байх нь энүүхэнд. Харин манай төсөл төвийн дулаан, ус, бохир бүгд холбогдчихсон учраас ашиглалтын зардал нь 10 дахин бага. Ер нь бол манай төсөл шиг төвийн шугамд холбогдсон хаус төсөл баригдах боломж нь улам л хомсдож байгаа.

Тэгэхээр захиалагч өөрийн хүслээр өрөө хуваалтаа хийх боломжтой гэсэн үг үү? 

Тийм. Боломжтой. Одоогоор II ээлжийн 21 хаусны 5 нь бүрэн баригдаж, үлдсэн хэсэг нь угсралтын шатандаа явж байна. Захиалга эрт өгч байгаа хэрэглэгчдэдээ бид өрөөний зохион байгуулалтыг өөрсдийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжийг олгож байгаа.

Жишээлбэл, зарим айл олон хүүхэдтэй тул хүүхдийн өрөөнүүдийг нэмэгдүүлж, зарим нь ахмад настай аав, ээждээ зориулсан өрөөтэй байхыг хүсдэг гэхчлэн олон хүсэл, шаардлага гарч байна. Ерөнхийдөө 7-р сараас өмнө захиалгаа өгсөн тохиолдолд өрөө хуваалтыг хүссэн байдлаар гаргах боломжтой бөгөөд түүнээс хойш бид тогтсон загварын дагуу өрөө хуваалтаа хийгээд явна. Иймээс хүссэн өрөөний шийдэлтэй хаустай болохыг хүсвэл захиалгаа эрт өгөхийг зөвлөж байна.

Хан Төгөл хотхон II ээлжийн захиалагч нартаа алтайн ятга бэлэглэж байгаа гэж сонссон. Үүний шалтгаан нь юу вэ? 

Тийм ээ, бид II ээлжийн захиалагч бүрд Алтайн ятга бэлэглэхээр төлөвлөсөн. Энэ бол зүгээр нэг бэлэг биш, харин манай хотхоны философи, үзэл санааны илэрхийлэл юм. Анх “Хан Төгөл” нэрийг өгөхдөө ч бусад хаус хотхонуудтай адил гаднын нэр өгөх боломжтой байсан ч Монголын уламжлал, үнэт зүйлсийг хадгалсан, өв соёлыг илтгэсэн нэртэй байгаасай гэж хүссэн. “Хан” болон “Төгөл” гэдэг нь өөрөө байгаль, гэр бүл, язгуурын үнэ цэнийг илтгэсэн нэршил. Манай лого ч мөн адил гэр бүлийн бэлгэдэл болсон хаан болон хатны бугуйвч.

Яагаад заавал Алтайн ятга вэ гэхээр, ятга бол Монголын уламжлалт хөгжим. Гэхдээ Алтайн ятга илүү онцгой. Баруун бүс нутгаас олдсон, уран хийц, түүхэн үнэ цэн өндөртэй соёлын дурсгал. Харамсалтай нь өнөө үед хүмүүс тэр бүр мэддэггүй, хэрэглэдэг ч үгүй болж. Тиймээс бид энэ хөгжмийн зэмсгийг сэргээх, түгээх, танин мэдүүлэх зорилгоор оршин суугч бүрдээ ятга бэлэглэж байгаа юм.

Энэ нь нэг талаараа манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд соёлын өвийг хамгаалж, түгээж буй ажил ч нөгөө талаасаа шинэ айлын гэрийн жаврыг үргээх бэлгэдэлтэй дурсгал гэдгээрээ ач холбогдол өндөр. Монголчууд эртнээс шинэ айлын гэрийн жаврыг үргээж дуулж, хуурддаг хосгүй заншилтай ард түмэн шүү дээ. Энэ ч утгаараа бид хотхондоо зориулж Алтайн ятгаар эгшиглүүлэх “Хан Төгөл” аялгууг зохиолгосон. Орчин үеийн хаус хотхон ч гэлээ, бид Монгол үндэсний өв соёлын хадгалагч, тээгч байх ёстой. Хан Төгөлд амьдарна гэдэг бол зүгээр нэг үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бус харин үнэ цэн бүтээж, соёл, язгуур уламжлалаа ирээдүйдээ өвлүүлэх үнэ цэнтэй төсөл.

Тийм ч учраас бид “Гэр бүл бүхнээс эрхэм” гэх уриатайгаар уламжлалт хөгжмийн зэмсгээр гэр бүлийн аз жаргалыг бэлгэдэж, шинэ амьдралын эхлэл бүрийг илүү утга төгөлдөр болгохыг зорьж байна.

Одоо 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн “Business Plaza”-н талаар ярилцъя. Энэ төвд худалдаа, үйлчилгээ төвлөрсөн төв байх уу? Аль эсвэл бизнес эрхлэгчдэд зориулсан оффис төвүүд байх уу?  

2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн “Business Plaza” нь Хан Төгөл хотхоны IV ээлжийн хүрээнд хэрэгжиж буй хамгийн цогц шийдэлтэй бүтээн байгуулалт. Тус төв нь худалдаа, үйлчилгээ, оффис, амралт, алжаал тайлах зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн, “амьдрал+ажил+амралт” гэсэн концепттойгоор баригдана.

Хан Төгөл хотхоны оршин суугчид маань амьдрах орчноос гадна ажиллах, амрах, хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, өдөр тутмын хэрэгцээгээ шийдэхэд шаардлагатай бүхий л орчныг дотроосоо бүрэн авах сонирхолтой байдаг. Үүнийг үндэслэн “Business Plaza”-н төлөвлөлт, хөгжүүлэлтийг эхлүүлсэн.

Business Plaza-д мэдээж оффисын талбай төлөвлөгдсөн. Оршин суугчдын дийлэнх нь бизнес эрхлэгчид, олон улсын худалдаа, үйлчилгээтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүс зонхилж байгаа гэх утгаараа хотхоноос гаралгүй, гэрийнхээ хажууд оффистой байх боломжийг бий болгохыг зорьж буй. Манай оффис талбайнууд түрээсийн болон өмчлөлийн сонголттой. 

Цэцэрлэг, сургуультай холбоотой ямар шийдэл гаргасан бэ?

  • Цэцэрлэгийн хувьд, Хан Төгөл хотхон дотроо 160–200 хүүхдийн багтаамжтай 2 давхар цэцэрлэгийг барьж байгаа. Хотхоны цэцэрлэгийн барилга угсралтыг энэ онд эхлүүлж, ойрын хугацаанд ашиглалтад оруулна.
  • Сургуулийн хувьд, ойролцоо Олонлог, Австрали сургууль гэх мэт сургуулиуд байгаа учраас багтаамж нь хүрэлцэж байвал бид сургууль давхар төлөвлөх шаардлагагүй гэж харж байгаа.

Барилгын төсөл цаг хугацаандаа, чанартай хэрэгжих нь төсөл хэрэгжүүлж буй компанийн санхүүгийн чадамж туршлагатай нягт холбоотой байдаг. Тэгвэл Хан Төгөл хотхоны бүтээн байгуулалтыг ямар туршлагатай ямар компани хийж байгаа вэ? Мөн санхүүжилтээ хэрхэн шийдэж байна? 

Хан Төгөл хотхоны бүтээн байгуулалтыг Эй Жи Жи Эс ХХК гүйцэтгэж байгаа. Энэ жил толгой компани болох Нью Прогресс Группийн маань 25 жилийн ой тохиож байна. 2018 онд Эй Жи Жи Эс ХХК анхны төсөл болох Хан Төгөл хотхоны төслийг эхлүүлж, өдгөө үндсэндээ 7 дахь жил рүүгээ орж байна. Манай компани 2024 оноос эхлэн стратегиа шинэчилсэн. 

Хан Төгөл төсөл бол бидний хувьд ердийн “хаус хотхон” барих ажил биш. Харин Монголд анх удаа оршин суугчийн амьдрал, ажил, амралт нийгмийн оролцоог нэг дор төвлөрүүлж, “амьдрах, ажиллах, аялах” гэсэн 3 үндсэн хэрэгцээг цогц хангах зорилготой интеграцлагдсан хаус төсөл. Компанийн философи ч хүмүүст зөвхөн үл хөдлөх хөрөнгө бус, амьдралын үнэ цэн бүтээх орчныг бий болгоход чиглэж буй. Иймдээ ч бид бүхэн газар сонголтоос эхлээд, зураг төслийн шат, барилга угсралт, борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээний аль ч хэсэгт стандарт, чанар, бодлогоо нарийн баримталдаг. Манай төслийн бүх инженер, архитектор, төлөвлөлтийн баг хамт олон энэ зарчмаар ажилладаг.

Үнэ төлбөрийн нөхцөлийн хувьд бид өмнө нь арай хатуу бодлого баримталж байсан ч энэ жилээс илүү уян хатан болгосон. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа хөрш орнуудын нөлөө манай барилгын салбарт шууд тусч байна. Иргэдийн худалдан авах чадвар буурсан үед тэдэнд боломж олгох нь чухал гэж үзсэн. Одоо Хан Төгөл хотхонд банк, банк бус санхүүгийн байгууллагатай хамтарсан зээл, хөнгөлөлттэй нөхцөл, мөн бартерын хэлбэрээр төлбөр хийх боломж нээлттэй байгаа. 

Та энэ оноос эхлэн Эй Жи Жи Эс ХХК Гүйцэтгэх захирлаар томилогдсон ажиллах болсон. Цаашид Хан Төгөл төслийг ямар арга барил, философиор удирдах вэ? 

Миний хувьд 2021 онд Нью Прогресс Групптэй ажил амьдралын замналаа холбож, 2022 оноос Эй Жи Жи Эс компанийн Дэд захирлаар ажиллаж байгаад энэ оны 2-р сараас эхлэн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2022 онд Дэд захирлаар ажиллаж байхдаа компанийн менежментийн тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилт тавьж, нэгдсэн менежментийн тогтолцооны (Integrated Management System) стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Тухайн оны 11-р сард бид ISO 9001 (чанарын удирдлагын тогтолцоо), ISO 45001 (хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо), ISO 14001 (байгаль орчны менежментийн тогтолцоо) гэсэн 3 стандартыг зэрэг нэвтрүүлсэн нь Монголын барилгын салбарт анхдагч үйл явдал болж байлаа.

Барилгын салбарын ихэнх компаниуд 2 стандартыг (ISO 9001 ба ISO 45001) нэвтрүүлсэн байдаг бол бид байгаль орчны стандартыг нэмэлтээр нэвтрүүлснээр тусгай хамгаалалттай бүсэд байрлах төслийн байгальд үзүүлэх нөлөөллийг хариуцлагатайгаар удирдаж, нөхөн сэргээлтийн тогтолцоог цогц авч үзэх болсон. Цаашдаа ч энэ стандартаар бүтээн байгуулалтуудаа хийгээд явна. Барилга угсралтын үндсэн 3 тулгын чулуу болох хугацаа, чанар, цар хүрээний тал дээр тэнцвэртэй менежменттэй явахын тулд олон улсын PMBOK (Project Management Body of Knowledge) стандартыг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2025 оноос бүрэн нутагшуулах зорилттой ажиллаж байна.

PMBOK стандартыг энгийнээр тайлбарлавал төслийн менежментийг зөв төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт, сайжруулалт гэхчлэн бүх шатанд системтэй явах суурь болж буй.  Ингэснээр бид захиалагч нартаа өгсөн амлалтаа биелүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм. 

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.