
Хүн төрөлхтөн 54 жил хүлээсний эцэст 9 өдрийн дараа буюу ирэх 4 сарын 1-нд сарны тойрог замд дахин нисэх гэж байна. Тэгвэл үүнтэй холбоотой NASA-н $93 тэрбумын зардалтай Artemis хөтөлбөрийн талаар сонирхъё.
👨🏻🚀 4 сансрын нисгэгч
Сар руу очих Artemis II даалгавар нь 10 хоногт үргэлжлэх ба сарны тойрог замд хөлгийн амьдрах орчин, холбоо болон удирдлагын системийг бодит нөхцөлд туршиж, сансарт хүн тээвэрлэх чадварыг батлахад чиглэнэ. Ингэхдээ нийт 4 хүн сансарт нисэх бөгөөд нислэгийн багт анх удаа эмэгтэй болон өнгөт арьст нисгэгч нар багтжээ. Сонирхуулахад, Artemis II-н нэг удаагийн хөөргөлтийн зардал ойролцоогоор $4.1-$4.2 тэрбумаар тооцогдож байна.
🇲🇳 Хүндхэн даалгавар
Дэлхийн томчууд сар руу явахаар дөхөж буй өнөө цагт Монголчууд ч сансарт нисэхээр төлөвлөж эхэлсэн. Тухайлбал, муу нэртэй, луу данстай олон мега төслийн нэг болох үндэсний хиймэл дагуулын төслийг дурдах нь зүйтэй. Интернэтийг орон даяар нэвтрүүлэхэд чиглэх тус төслийн нийт төсөв ойролцоогоор $329 саяар хэмжигджээ. Ингэхдээ улсын төсөв болон Францийн нэн хөнгөлөлттэй зээлээр шийдэх ч үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй хэмээн нийтийн шүүмжлэлд өртсөн.
Эцэст нь… Өчигдөр Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиолоо. Тэртээ 1981 онд Ж.Гүррагчаа нь дэлхийн 101, Азийн 2 дахь сансрын нисгэгч болж байсан бол саяхнаас дараагийн сансарт нисэх Монгол хүний яриа газар авчээ. Тухайлбал, хойд хөрштэй хийсэн төрийн тэргүүнүүдийн уулзалтаар энэ талаар нааштай хариутай улс төрийн шийдвэр гарсан гэнэ шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.