
2022 онд Дэлхийн Банкны Групп хөгжиж буй орнуудад $35 тэрбумын хувийн хөрөнгө оруулалт татаж чаддаг байсан бол 2026 оны санхүүгийн жилд энэ үзүүлэлт $112 тэрбумд хүрч 3 дахин өсжээ. Улмаар банкны өөрийн санхүүжилттэй нийлбэл нийт дүн $200 тэрбумыг давсан хэрэг.
🐘🐭 Зөвхөн хүчирхэг зах зээлд биш
Дунджаас доогуур орлоготой орнуудад татагдсан хувийн хөрөнгө $14-$37 тэрбум, дунджаас дээгүүр орлоготой орнуудад $12-$50 тэрбум болж өссөн аж. Африкт $9 тэрбумаас $22 тэрбум болж бараг 150% нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Харин хамгийн эрсдэлтэй гэж тооцогддог бага орлоготой орнуудад татсан санхүүжилт $3 тэрбумын түвшинд хадгалагджээ.
👔 Гол зорилго нь ажлын байр
Ойрын 10-15 жилд хөгжиж буй орнуудад нийт хөдөлмөрийн насанд хүрэх залуусын тоо 1.2 тэрбумд хүрэх хэдий ч ердөө 420 сая ажлын байр бий болох төлөвтэй байна. Нөгөө талаас эдийн засаг дахь ажлын байрны 10 тутмын 9-ийг хувийн хэвшил үүсгэдэг. Тиймээс Дэлхийн Банк дэд бүтэц, эрчим хүч, ХАА, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл зэрэг ажлын байр ихээр бий болгодог салбарт төвлөрч, нийт санхүүжилтийнхээ 55%-ийг эдгээр салбарт шингээжээ.
🇲🇳 Тэдний нүдээр: Монголын ирээдүйтэй салбар
Сонордуулахад, Дэлхийн Банк манай 3 салбарыг онцолсон байна. Бид дэлхийн түүхий ноолуурын 40%-ийг нийлүүлдэг ч ердөө 20%-ийг нь дотооддоо боловсруулдаг. Үүнийг өөрчилбөл $150 саяын хөрөнгө оруулалт татаж, 5,000 ажлын байр бий болгох боломжтой аж. Дараагийн 2 нь сэргээгдэх эрчим хүч болон стратегийн ашигт малтмалын салбар. Эдгээрт $430-$730 саяын боломж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.