
Ирэх сарын 1-нээс Монголын 435 мянган ахмад одоо авч буй тэтгэвэр дээрээ суурь тэтгэвэр нэртэй нэмэлт мөнгө авах нь. Үндсэн дүн ₮100 мянга, тогтмол дүн ₮40 мянга бөгөөд шимтгэл төлсөн жил бүрд ₮5 мянгыг нэмэхээр тогтоожээ. Нэмэгдлийн дээд хэмжээ ₮300 мянга байх аж.
🤔💰 Хэд болох юм бэ?
Сард ₮955 мянгын дундаж тэтгэвэр авдаг, 25 жил шимтгэл төлсөн ахмадын орлого ₮217,250-өөр нэмэгдэж, нийт тэтгэвэр нь ₮1.2 сая орчим болно. 22.7% өснө гэсэн үг. Суурь тэтгэвэр бага тэтгэвэртэй, олон жил шимтгэл төлсөн хүмүүст илүү ашигтай бөгөөд ахмадын амьжиргаанд дарамт болж буй үнийн өсөлтийг нөхөх зорилготой.
🥊 Асуудал, эрсдэл хаана байна вэ?
Асуудал зөвхөн тэтгэврийн хэмжээнд биш. Тэтгэврийн сан 2018 онд ₮65 тэрбумын ашигтай байсан бол 2025 онд ₮1.1 их наядын алдагдалтай болсон. Зарлага орлогоосоо хурдан өсөж, тэтгэвэр авагчдын тоо болон дундаж тэтгэвэр нэмэгдсэн нь санхүүгийн дарамтыг улам тэлж байгаа энэ үед суурь тэтгэврийн шийдвэрийн хүрээнд жилд ₮1.2 их наяд шаардлагатай болж байна.
Хэцүүхэн… Тэтгэврийн нэмэгдэл ахмадын хэрэглээг дэмжих ч эрэлт өсөхийн хэрээр үнэ нэмэгдэх дарамт үүсэж, инфляц тэтгэврийн өсөлтийн үр ашгийг бууруулах магадлалтай. Нэмээд Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарахгүй бол энэ оны эцэст ₮1.3 их наяд, ирэх онд ₮2.3 их наядаас ₮3 их наяд хүртэлх алдагдал хүлээх эрсдэлтэй байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.