Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад эрсдэлийн менежер Б.Нацагдолгор болон бизнесийн удирдлагын магистрант О.Намхай нарын хувьцааны үнэлгээг тооцох аргууд болон практик алдаануудын талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хөгжиж, компаниуд олон нийтэд нээлттэйгээр хувьцаагаа санал болгож (IPO) байна. Үүнтэй холбоотойгоор компанийн үнэлгээг оновчтой тооцоолох нь хөрөнгийн зах зээлд оролцогч талууд болох хөрөнгө оруулагч, хөрөнгө босгогч нарт харилцан ашигтай буюу том дүр зургаараа хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл хөгжихөд тустай байдаг.
Учир нь хөрөнгө босгогч буюу компани талаас хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлүүлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, урт хугацаанд тогтвортой өсөлт бий болоход нөлөөлөх давуу талуудтай. Харин хөрөнгө оруулж буй талаас шударга үнээр авах нь санхүү эдийн засгийн хувьд алдагдалд орохгүй байх нөхцөлийг үүсгэдэг.
Нээлттэй компаниудад тэр дундаа хувьцаагаа олон нийтэд шинээр санал болгож буй компаниудын бодит үнэлэгдсэн байдал нь хөрөнгө оруулагчийн шийдвэрт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг бөгөөд үүнээс үүдэж тухайн компанийн хувьцааг авах эсэх шийдвэрээ хөрөнгө оруулагчид гаргадаг.
Бидний бичсэн судалгааны ажил нь Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлж буй компаниудын ашигладаг нийтлэг үнэлгээний аргыг тодорхойлох, бодит гүйцэтгэл ба таамаглал хоорондын зөрүү буюу практик алдааг олж илрүүлэхэд олоход чиглэсэн. Тодруулбал, судалгаа нь үндсэн хоёр асуудлыг хөндсөн.
Судалгааны үр дүнд компаниудын дийлэнх нь хорогдуулсан мөнгөн урсгал (DCF)-ын загварт суурилж үнэлгээг хийдэг бол харьцаанд суурилсан үнэлгээний загвар (Multiples approach)-ыг үндсэн үнэлгээг дэмжих байдлаар ашигладаг. Харин хөрөнгөд суурилсан загвар (Asset based approach)-ыг компанийн хувьцааны үнэлгээнд ашиглаагүй ч үнэлгээг бодит таамаглагдсан эсэхийг батлахад хэрэглэж байна.
IPO хийсэн 11 компанийг сонгоход 36% нь харьцааны, 73% нь хөрөнгөд суурилсан, 100% буюу бүгд хорогдуулсан мөнгөн урсгалын аргыг хэрэглэжээ. Дараа нь бид эдгээр тооцоолсон аргуудыг бодит байдлаас хэр зөрүүтэй эсэхийг шалгахын тулд RMSE аргаар тооцсон. Нийт алдааны түвшин 9.1% хувь байсан ба алдааг нарийвчлан авч үзэхэд нийт компаниудын 52% хувь нь 5%-иас дээш алдаатай компанийн үнэлгээ хийгджээ.
Нийт бүртгэлтэй 23 компанийн хувьд компанийн үнэлгээ нь бодит байдлаас дунджаар 16% зөрүүтэй байна. Эдгээр үр дүнд үндэслэн дүгнэхэд хорогдуулсан мөнгөн урсгал, харьцаанд суурилсан болон хөрөнгөд суурилсан аргуудын аль аль нь бодит байдалд 9%-ийн алдаанд хүргэж болно. Цаашид IPO хийх компаниудад хорогдуулсан мөнгөн урсгалын аргыг ашиглахдаа үйл ажиллагааны салбараасаа хамаарч доорх хүснэгтийн дагуу хувьсагчдыг ашиглахыг зөвлөж байна.
Хэрвээ та судалгааны ажлыг бүтнээр нь уншихыг хүсвэл Journal of Business&Innovation сэтгүүл (Volume 8-н №3)- ээс унших боломжтой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.