Lemon Press-н ээлжит ярилцлагын буланд интерьер болон экстерьер дизайны чиглэлд Монголд анхдагч болж хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлж буй Уран Хийц ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ө.Хүрэлбаатарыг урьж оролцууллаа.
Уран хийц ХХК-ийн хөгжүүлж буй Uran AI салбартаа төдийгүй Монголд ч онцлог технологийн шийдэл болж буй. Интерьер болон экстерьер дизайныг AI-н тусламжтайгаар гаргахын давуу талыг дурдвал?
Интерьер болон экстерьер дизайны үйлчилгээ авахад хэрэглэгчид ихээхэн цаг хугацаа зарцуулахын сацуу зөвлөгөө, уулзалтын процесс, төсөв, шаардлага хангасан загвар гаргах үйл явц гэхчлэн олон бэрхшээлтэй тулгардаг. Мөн хэрэглэгч өөрийн хүсэл, төсөөллөө тодорхой мэдэхгүй байх нь ч бас томоохон асуудал. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Уран Хийц ХХК “Uran AI” системийг хөгжүүлж эхэлсэн юм. Уг AI нь хэрэглэгчдэд хурдан бөгөөд өөрийн төсөөллийг бодит болгож, сонголтоо хийхэд нь дэм болох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог.
Одоогоор уг технологи нь интерьер, экстерьер дизайны үйлчилгээг бүрэн орлож чадахгүй ч хэрэглэгчдэд хүсэж буй дизайнаа тодорхойлох буюу хамгийн эхний шатыг хялбарчилж, процессыг хурдасгах билээ. Үүнийг бид компанийхаа эхний зорилго гэж тодорхойлсон байгаа.
Тухайлбал, хэрэглэгч Pinterest-с мөрөөдлийн дизайн, шийдлээ хараад сонголоо гэхэд бодит байдал дээр хэрхэн буух буюу эцсийн үр дүнг нь тооцоолох аргагүй. Заримдаа сонгосон тавилга, хөшиг зэрэг нь өрөөний бусад элементтэй тохирохгүй байх тохиолдол ч гардаг.
Харин Uran AI энэ асуудлыг шийдэхдээ хэрэглэгчийн өрөөний талбайн зургийг авч, дахин загварчлах замаар илүү бодит төсөөллийг бий болгох юм. Ингэснээр зарим тохиолдолд хэрэглэгч заавал өндөр өртөгтэй үйлчилгээ авахгүйгээр AI-н тусламжтайгаар шийдэл гаргах боломжтой. Жишээлбэл, хэрэглэгч минимал хэв маягийг сонгосон бол Uran AI нь зөвхөн түүнд тохирсон хөшиг, тавилга зэргийг санал болгох бөгөөд классик загварын буйдан гэх мэт минимал хэв маягт үл нийцэх сонголтуудаас зайлсхийхэд тусална.
Ийн Uran AI хэрэглэгчдэд зөв шийдэл гаргахад туслахаас гадна интерьер дизайнеруудтай илүү хялбар ойлголцоход ч ихээхэн тус болно. Хэрэглэгчид өөрсдийн хүссэн загварыг бодитоор харж, тохирох шийдэл гаргахад Uran AI чухал зөвлөх тань болно гэдэгт итгэлтэй байна.
Uran AI-г ашиглан нэг айлын унтлагын өрөөг минимал хэв маягаар дахин загварчилсан нь.
Тус AI-г Монгол залуус эх хэл дээрээ ажиллах боломжтойгоор хөгжүүлсэн гэж сонссон. Уншигчидтай маань хэрхэн монгол хэл дээр, монголчуудад зориулсан AI бүтсэн талаарх түүхээ хуваалцана уу.
2021 оноос хойш дэлхий даяар хиймэл оюун ухаанд суурилсан дизайны шийдлүүд хурдацтай хөгжих болсон. Тухайн үед бид Монголдоо энэхүү орчин үеийн технологийг нэвтрүүлэх боломжийг олж харсан юм. Бидний Uran AI төслийн зорилго AI-н хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хэрэглэгчдэд хялбар, ухаалаг шийдэл санал болгох байсан. Улмаар бид хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тэдний амьдралыг хөнгөвчлөх AI системийг хөгжүүлж байна.
Барилгын салбарын мэргэжилтнүүд AI хөгжүүлээд байгаа гэх утгаараа мэдээж маш их сорилтуудтай тулж байгаа. Гэсэн ч бид эдгээр бэрхшээлүүдийн ард гарч удахгүй хэрэглэгчдэдээ анхны хувилбараа танилцуулахад ойртож байгаадаа баяртай байна. Энэ бол зөвхөн эхлэл төдийгүй цаашид уг системийг улам боловсронгуй болгож, хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийг зорих болно.
Uran AI-г цаашид илүү боловсронгуй болгох юм байна. Яг ямар чиглэлд, хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Uran AI цаашид Монгол хэв маягийг илүү их тусгасан загваруудыг хөгжүүлээд явна. Үүний зэрэгцээ бусад компаниудтай хамтран ажиллаж, тэдний бүтээгдэхүүнд тохирсон тавилгын шийдлүүдийг манай AI-р дамжуулан санал болгох боломжтой. Жишээлбэл, тавилгын үйлдвэртэй хамтарч ажиллахдаа тухайн үйлдвэрийн тавилгын дизайныг Uran AI-д оруулаад л хэрэглэгчдэд тохирох сонголтуудыг автоматаар санал болгож болно. Үүнтэй адилаар ламинет шал, ханын хавтан зэрэг бусад бүтээгдэхүүний хувьд ч гэсэн энэ төрлийг боломжийг бий болгохоор судалгаа хийж буй. Ингэснээр хэрэглэгчдэд илүү өргөн сонголт, хялбар шийдлийг санал болгох юм.
Ярилцлагаа Уран Хийц ХХК-ийн өдийг хүртэл гүйцэтгэсэн 120 гаруй интерьерийн төслөөс хамгийн сонирхолтой шийдэлтэй байсан төслийг онцлоод өндөрлүүлье.
Энэ асуултад Jeet Furniture компанийн оффис тавилгын интерьер дизайны төслийг онцолмоор байна. Тус төслийн хувьд гол зорилго нь ашиглалтын талбайг хамгийн үр дүнтэй ашиглах явдал байв. Бид энэхүү төслөөрөө анхны 140 м.кв талбайг 75 м.кв-аар нэмэгдүүлж, нийт 215 м.кв талбайтай болгосон. Ингэснээр компанид илүү их талбай ашиглах боломжийг олгож, орон зайн үр ашгийг дээшлүүлсэн онцгой шийдлийг гаргаж чадсан юм.
Удахгүй Монголын анхны интерьер болон экстерьерийн Uran AI-тай танилцах юм байна. Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.