
Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргадаг. LP Transcript-н ээлжит дугаараар Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-ын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2026 оны 4 сарын 25
⏲ 11:00 минут
📍 Галлери Улаанбаатар төвийн 3 давхарт Sky ballroom танхим
Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2026 оны ээлжит ХЭХ-ыг Газар Шим Үйлдвэр ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат нээв.
Газар шим үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тооллогын комиссоос ХЭХ-ын ирцийн мэдээг бэлтгэж дуусгасан байна. Тиймээс та бүхэнд ирцийн тогтоолыг уншиж танилцуулъя. Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэг, Газар Шим Үйлдвэр ХК-ийн дүрэм болон Газар Шим Үйлдвэр ХК-ийн ХЭХ-ын тооллогын комиссын дүнг үндэслэн тогтоох нь:
Хурлаар танилцуулагдах асуудал:
Хурлын дэг:
Тооллогын комиссын тогтоолыг танилцуулсны дараа ХЭХ-ын хурлаар хэлэлцэн, батлах дээрх 4 асуудлын дагуу компанийн 2025 оны Санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулахаар индэр Газар Шим Үйлдвэр ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат гарч ирэв.

Сайн байцгаана уу? Хувьцаа эзэмшигчдэдээ жил болгоны өдийд компани өнгөрсөн жилийн ажлын үр дүнг тайлагнаж, хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулж, хурлаа хийдэг. Энэ хуралд хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдэдээ талархаж буйгаа илэрхийлье. Одоо компанийн 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас ямар үр дүнг гарсныг танилцуулъя.
Үйл ажиллагааны үр дүн
Бүтээгдэхүүний борлуулалт
Борлуулалт дээр анхаарал зүйл гэвэл үндсэндээ 6 нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Үүнээс компот, хиймэл зөгийн бал болон нухашны борлуулалт тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ та бүгдийн мэдэх өмнө нь ногооны нухаш буюу шимт нухашны борлуулалт буурсан бөгөөд шинээр гарсан шимт жимсний нухашны бүтээгдэхүүн маань 2025 оны 10-р сараас зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн. Цаашлаад, 2026 оноос тус бүтээгдэхүүний борлуулалт өсөх дүр зураг ажиглагдаж байна. Бусад борлуулалт болон үйлдвэрлэлийн цөм бүрдүүлдэг үндсэн гол бүтээгдэхүүнүүд болох салат, өргөст хэмх болон ундааны төрлийн борлуулалт нэлээн сайн өссөн байна.
Борлуулалт ба үйлдвэрлэл
2025 онд үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулж шинээр тоног төхөөрөмжийн суурилуулалт хийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлснээр үйлдвэрлэлийн хэмжээ 10 сая ширхэгт хүрч, өмнөх оноос 21%-иар өссөн. Үүнд ундаа үйлдвэрлэл 2%, салат үйлдвэрлэл 8%, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл 6.2%-ийг тус тус эзэлж байна. Борлуулалтын тоо ширхгийн хувьд 9.7 саяд хүрч 15%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Орлого үр дүнгийн тайлан
Өнгөрсөн жил компани ₮47.2 тэрбумын цэвэр борлуулалт хийж, ₮18.9 тэрбумын ашигтай ажилласан. Харин цэвэр ашгийн хувьд ₮6.5 тэрбумд хүрч буурахад борлуулалтын маркетингийн зардал, ерөнхий удирдлагын зардал өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Монголын нийт компаниуд дунд хүний нөөц, ажиллах хүчний асуудал томоохон сорилт болсон. Үүнийг дагаад хүмүүсийн цалингийн хэмжээ нэмэгдсэн. Мөн борлуулалтын бүтцийг өөрчилж, үйл ажиллагаагаа тэлж, борлуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор борлуулалтын хэсэгт ажилдаг ажилтнуудын тоо 2 дахин өссөн. Бид бүтээгдэхүүн зарагдаж болох боломжит бүх цэгүүдэд бүтээгдэхүүнээ хүргэж, нэр төрөл болгоныг байршуулж ажиллахыг зорьж байна. Компани бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй бол үйлдвэрлээд нэмэр байхгүй. Тийм учраас борлуулалт дээр хүч хаяж, борлуулалтын зардал өссөн байна.
Санхүү байдлын тайлан
2023 онд манай компани нээлттэй ХК болоход нийт хөрөнгийн хэмжээ ₮50 тэрбум байсан бол өдгөө ₮15 тэрбум буюу 30%-иар өсөж ₮65.8 тэрбумд хүрсэн байна. Энэ өсөлтөд шинээр тоног төхөөрөмж худалдан авсан, өргөтгөл, ногооны зоорь барьсан зэрэг нь нөлөөлсөн. Мөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн нь үндсэн хөрөнгө өсөхөд нөлөөлсөн байна. Нийт өр төлбөрийн хувьд асуудлууд хэвийн байна.
Төлбөрийн чадвар болон хөрвөх чадвар, харьцаа үзүүлэлтүүд
Богино хугацааны төлбөрийн чадвар сүүлийн 3 жилийн хугацаанд салбарын дунджаас 2 дахин өндөр байна. Түүнчлэн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өр, бэлэн мөнгө болон бараа материалын эргэцийн харьцаа салбарын дундажтай харьцуулахад өндөр байгааг харж болно. Үүнд хувьцаа гаргаад тодорхой хэмжээний хөрөнгө босгосон, хүнсний хувьсгалын хүрээнд урт хугацаатай, бага хүүтэй зээлүүдийг авч чадсанаар мөнгөн хөрөнгийн ямар нэгэн дутагдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангасан байдаг.
Ашигт ажиллагаа, харьцаа үзүүлэлтүүд
Ковид-19-ийн дараа буюу 2023 оноос хойш манай компани бүтээгдэхүүний үнийг нэмээгүй. Харин шинээр зах зээлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүндээ шинэчилж үнэ тогтоохоос биш уламжлалт бүтээгдэхүүний үнэ сүүлийн 3 жилд өөрчлөгдөөгүй байна. Ийм учраас жил бүрийн 8-9%-ийн инфляцын нөлөөгөөр нийт ашгийн харьцаа 40.1%-д хүрээд байна. Бусад үзүүлэлтийн хувьд компани хөрөнгөө дахин үнэлүүлээд үндсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нь нөлөөлсөн.
2026 оны зорилт
Өнгөрсөн онд хийгдсэн ажлуудыг үндэслэн 2026 онд бид дараах ажлыг хийхээр зорьж байна. Үүнд:
Ийнхүү Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж дууслаа. Үүний дараа тус танилцуулгатай холбоотой асуулт, хариултын үйл ажиллагаа эхлэв.
Асуулт хариултын хэсгийг Гүйцэтгэх захирал Ц.Ганбат удирдаж, хариулж оролцов.
Асуулт 1: Компот үйлдвэрлэлдээ импортын ямар орц ашигладаг вэ?
Бид одоогоор 8 төрлийн компот үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эдийн тодорхой хувийг Европоос, тухайлбал Польш, Германаас нийлүүлдэг. Мөн чавга, чангаанз, тоор зэрэг жимсийг Хятадаас импортолж, бусад жимсээ Европоос авч байна. Түүнчлэн, өмнө нь зөвхөн 900 мл-ийн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн жижиг савлагаатай компотыг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь нэг өрхийн гишүүдийн тоо цөөрч, хэрэглэгчдийн хэрэглээний хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотой. Иймд бид бүтээгдэхүүнийхээ савлагаа, төрлийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн сайжруулж байна. Үүнээс гадна борлуулалт буурсан үед зах зээлийн судалгаа хийж, хэрэглэгчдийн зан төлөвийг шинжилсний үндсэн дээр дээрх өөрчлөлтүүдийг хийгээд байна.
Асуулт 2: Ирэх жилүүдэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил байгаа юу?
Ирэх 2026–2027 онд их хэмжээний санхүүжилт шаардсан томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил одоогоор төлөвлөгдөөгүй байна. Үүний гол шалтгаан нь бид одоогийн эзэмшиж, ашиглаж буй талбайгаа бүрэн ашиглаж, өргөтгөлүүдээ хийсэн бөгөөд сав, баглаа боодлын тодорхой хэсгийг үйлдвэрийн хашаа болон гадна талбайд байршуулж байгаа тул нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбоотой юм. Гэхдээ компанийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд хэлэлцэж байна. Хэрэв энэ асуудал эцэслэн шийдэгдэж чадвал үйлдвэрлэлийн хүчин чадлаа тэлэх дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Мөн Сонсголон дахь талбайд ногооны зоорь зэрэг бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө байсан ч Туулын хурдны замын шинэ төлөвлөлттэй холбоотойгоор тодорхойгүй байдал үүсээд байна. Тодруулбал, замын нэг огтлолцол манай үйлдвэрийн орчим, ашиглаж буй газрын хэсгээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн нь батлагдвал тухайн талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудад нөлөөлөх нөхцөл үүсэж болзошгүй. Энэ тодорхойгүй байдалтай холбоотойгоор 2026–2027 онд том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөгүй. Харин энэ хугацаанд шинэ болон уламжлалт бүтээгдэхүүнүүдээ зах зээлд илүү хүчтэй байршуулж, борлуулалтаа өсгөх, зах зээл дэх байр сууриа тэлэхэд төвлөрч ажиллана.

Асуулт 3: Хувьцааны үнийг өсгөх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Компанийн нэгж хувьцааг анх ₮103-өөр олон нийтэд санал болгож, нээлттэй ХК болж байсан. Түүнээс хойш сүүлийн 3 жилд ногдол ашиг хуваарилалт болон цэвэр ашгийн үзүүлэлт салбарын дунджаас өндөр түвшинд байсаар ирлээ. Мөн компанийн ногдол ашгийн бодлого нь цэвэр ашгийнхаа 30%-иас доошгүй хувийг ногдол ашиг хэлбэрээр тараахаар тусгасан бөгөөд 2024 онд гэхэд цэвэр ашгийн 86%-ийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан нь тараасан нь сайн үзүүлэлт юм.
Гэвч Монголын хөрөнгийн зах зээл дээр цөөхөн явцуу хүрээнд буюу 20 мянга хүрэхгүй хүмүүсийн дунд голдуу явагдаад байгаа гэсэн ийм судалгаа бий. Мөн сүүлийн жилүүдэд олон компани ашигтай ажилласан ч хувьцааны үнэ төдийлөн өсөхгүй байна. Үүнээс харахад зах зээлийн оролцоо сул байгааг харж болно.
Энэ нөхцөлд бид хувьцааны үнэ цэнийг урт хугацаанд дэмжих хүрээнд хувьцаа эзэмшигчдийн баазаа тэлэх бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, тогтмол хамтран ажилладаг, чанарын шаардлага хангасан ногоо нийлүүлэгчдэд зориулсан “Хувьцаа эзэмшүүлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 72 нийлүүлэгчид тодорхой хэмжээний хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Мөн энэ оны эхний хагаст IPO-оос хойш тогтвортой ажилласан ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнээс гадна Стоклаб ҮЦК-тай хамтран харилцагч болон түнш байгууллагууддаа хувьцаа эзэмшүүлэх замаар хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил сонгосон 20 байгууллагаас шалгуур хангасан 15 байгууллагад хувьцаа эзэмшүүлсэн бөгөөд энэ ажлыг цаашид өргөжүүлнэ.
Харин хувьцааг зах зээлээс буцаан худалдан авах, эсвэл зохиомлоор үнийг өсгөх арга хэмжээг одоогоор оновчтой гэж үзэхгүй байна. Жишээлбэл, өнгөрсөн жил Монложистикс Холдинг ХК (MLG) болон өөр нэг компани хувьцаа халааслах шийдвэр гаргаж, хувьцааны үнээ өсгөх шийдвэр гаргасан. Манай компанийн хувьд хувьцааны үнэ зах зээлийн зарчмаар, компанийн бодит гүйцэтгэлд тулгуурлан өсөх ёстой гэсэн зарчим юм.
Нөгөө талаас, Монголын Хөрөнгийн Бирж ХК дээр IPO хийсэн үйлдвэрлэлийн компаниудын хувьд IPO-оор босгосон хөрөнгө оруулалтын өгөөж нь тодорхой хугацааны дараа буюу 2–3 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг зүй тогтол ажиглагддаг. Бид өмнө татан төвлөрүүлсэн хөрөнгөөр шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд эдгээрийн үр өгөөж 2026–2027 оноос илүү тод харагдаж эхэлнэ гэж үзэж байна. Шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд эрчимтэй байршуулж, борлуулалт болон зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлснээр хувьцааны үнэ аажмаар өсөх суурь бүрдэнэ.
Ер нь зах зээл дээр ижил төстэй компаниудын жишгээс харахад эхний жилүүдэд үнэ хэлбэлзэх тохиолдол байдаг ч 3–4 жилийн дараагаас тогтвортой өсөлтөд шилжих хандлага ажиглагддаг. Манай компанийн хувьд ч энэ зүй тогтол давтагдана гэж үзэж байна.
Асуулт 4: Компанийн зах зээлийн үнэлгээг өсгөхтэй холбоотой маркетингийн ямар зардал гаргах вэ?
Хуучин 7–8 жилийн өмнө барьж байгуулсан үйлдвэрийн барилгын үнэлгээ бага байсан. Үүнийг банк болон хувьцаа эзэмшигчид өөрсдөө ч шаардсан. Компанийн хөрөнгө дэндүү бага үнэлгээтэй байна, зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлээч гэсэн санал тавьж байсан. Үүний дагуу компанийн үндсэн хөрөнгийн үнэлгээ тайланд гарснаар ₮65 тэрбум болсон. Гэтэл хувьцааны үнэ ₮40 орчим түвшинд байна. Энэ бол хувьцааны үнэ өсөх үе дээрээ ирсэн байгааг харуулж байна.
Тийм учраас манай компанийн хувьцааг одоо худалдаад байх биш, харин худалдаж авах цаг үе нь ирсэн гэж үзэж байна. Энэ түвшнээс цааш унах биш, өсөх боломжтой үе дээр ирсэн гэж ойлгож болно. Одоо хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс ч үүнийг анзаарч байгаа байх. Хувьцааны үнэ өсөхтэй холбоотой тодорхой хэмжээний зар сурталчилгаа, таниулах ажил хийж болно. Энэ хуралд сууж байгаа хүмүүс ч хувьцаагаа зарах биш, худалдаж авах цаг үе ирснийг ойлгож байгаа байх. Энэ мэдээллийг олон нийтэд ч хүргэж болно.
Өнгөрсөн 3-р сарын сүүлээр авсан хувьцааны тархалтын мэдээгээр харахад анх Хөрөнгийн бирж дээр гарахад 3 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй байсан бол одоо 4.6 мянга болж нэмэгдсэн байна. Мөн энэ жил бусад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд ирвэл удахгүй 5–6 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, хувьцааны үнэ ч өсөх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд манай компанийн хувьцааг худалдан авах хүмүүсийн тоо, хувьцаа эзэмшигчдийн тоо өсөж байгаа нь яг өсөлтийн гараан дээр ирснийг хүмүүс мэдэрч байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна.
Асуулт 5: Борлуулалт, маркетингийн зардлын өсөлтийн голлох шалтгаанууд нь юу байгаа вэ?
Ер нь бид жил бүр нийт борлуулалтынхаа ойролцоогоор 3%-ийг маркетингийн үйл ажиллагаанд зарцуулах бодлого баримталж байгаа. Энэ бодлогын хүрээнд жилд хамгийн багадаа ₮2-3 тэрбумын зардлыг маркетингийн үйл ажиллагаанд зарцуулж байна. Нөгөө талаас борлуулалтын албаны орон тоо, бүтэц нэлээд өргөжсөн. Худалдааны төлөөлөгчийн систем рүү шилжсэн, мөн хөдөө орон нутаг, B2B болон зах зэрэг сегментүүд рүү нэвтрэлтээ сайжруулахын тулд борлуулалтын машины тоо, ажилтнуудын тоог нэмэгдүүлсэн.
Үүнээс гадна ажилтнуудын цалингийн өсөлт ч зардал нэмэгдэхэд нөлөөлсөн. Тиймээс борлуулалт, маркетингийн зардлын өсөлтийн гол шалтгаан нь зах зээлийн нэвтрэлтээ тэлэх, борлуулалтын бүтэц өргөжүүлэх, хүний нөөц болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой юм.
Асуулт 6: Санхүүгийн харьцаа үзүүлэлтийн бууралтад голлох нөлөөлсөн хүчин зүйл нь юу байсан бэ?
Ер нь борлуулалт, маркетингийн зардал болон удирдлагын зардал нэлээд өссөн нь ашгийг бууруулахад голлон нөлөөлсөн гэдгийг түрүүн тайланд ч харуулсан. Нөгөө талаас хөрөнгийн өгөөж, нийт ашгийн хувь хэмжээ буурсан нь тоон дүн буурсантай холбоотой биш, харин харьцаа үзүүлэлт талаасаа хөрөнгийн хэмжээ өссөнтэй холбоотой. Түрүүн дурдсанчлан компанийн хөрөнгө хэт бага үнэлгээтэй байна гэсэн хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэл, мөн банкнуудын шаардлагын дагуу хөрөнгийн дахин үнэлгээ хийж, зах зээлийн түвшинд үнэлсэн. Үүний үр дүнд нийт хөрөнгийн хэмжээ өссөн нь эдгээр харьцаа үзүүлэлт хувиараа буурахад нөлөөлсөн байна.
Тус асуултад хариулсны дараа асуулт хариултын хэсэг өндөрлөж, Газар Шим Үйлдвэр ХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны тайланд хийсэн Солид Юнити Аудит ХХК-ийн дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Тус дүгнэлтэд Газар Шим Үйлдвэр ХК-ийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаа нь олон улсын хууль дүрэм, стандартын дагуу явагдаж буй талаар дурдагдсан байв. Үргэлжлүүлэх ТУЗ-ийн компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг ТУЗ-ийн дарга Ш.Алтанбагана танилцуулав.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ оны анхны ээлжит ТУЗ-ийн хурлаар 2025 оны үйл ажиллагаатай холбоотой ТУЗ-ийн зүгээс дүгнэлт өгсөн. Та бүхэн ХЭХ-ын материалаас дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. Ерөнхийдөө ТУЗ-өөс Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны үр дүнг хангалттай ажилласан гэж дүгнэсэн.
2025 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан
Энэ жилийн нэг онцлог нь 2023 онд Газар Шим Үйлдвэр хувийн компаниас нээлттэй ХК болж өөрчлөгдсөнөөс хойш ажилласан анхны ТУЗ-ийн 3 жилийн бүрэн мөчлөг дуусаж байгаа явдал юм. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ нь 3 жил тутамд шинэчлэгддэг бөгөөд энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шинэ ТУЗ-ийг сонгох нөхцөл бүрдэж байна. ТУЗ-ийн тайланг ерөнхийд нь хуралдааны үйл ажиллагаа, бүрэлдэхүүн ба хороодын ажил, засаглалын хэрэгжилт, үнэлгээ гэсэн үндсэн хэсгүүдээр танилцуулж байна.
Манай ТУЗ нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн өмнө сонгогдсон бөгөөд энэ хугацаанд 2 гишүүнд өөрчлөлт орсон. Анхны хараат бус гишүүн Эрдэнэдалай нь хараат бус байдлын шаардлага зөрчигдсөнтэй холбоотойгоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоогийн байдлаар нийт 3 хараат бус гишүүн ажиллаж байгаа бөгөөд тэд компанийн хувьцаа эзэмшилгүй, сонирхлын зөрчилгүй гишүүд юм.
Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн дэргэд нийт 4 хороо ажилласан. Хороодын чиг үүрэг, гүйцэтгэсэн ажлуудыг харвал:
Энэ хугацаанд компанийн засаглалын чиглэлд гол анхаарал төвлөрсөн. Нээлттэй ХК-ийн засаглалын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх хүрээнд нийт 17 дүрэм, журам, зааврыг баталж мөрдүүлсэн байна.
21 хурал: 2023–2025 онуудад нийт 21 удаа ТУЗ-ийн хурал зохион байгуулагдсан бөгөөд бүх хурлууд төлөвлөгөөний дагуу тогтмол хийгдсэн. ТУЗ-ийн шийдвэрүүд 2023 онд 19 тогтоол, 2024 онд тодорхой тооны шийдвэрүүд, 2025 онд 13 тогтоолоор батлагдан хэрэгжсэн байна.
Менежментийн шинэчлэл: Засаглалын хүрээнд хамгийн их анхаарал хандуулсан зүйл нь компанийн менежментийн тогтолцоог нээлттэй ХК-ийн стандарт руу шилжүүлэх явдал байсан. Энэ хүрээнд нийт ажлын 60–70%-ийг шинэ тогтолцооны дүрэм, журам, бүтэц бүрдүүлэхэд зарцуулсан.
Гол баримт, бичгүүд: Баталсан гол бодлогын баримт бичгүүдэд ТУЗ-ийн дотоод үйл ажиллагааны журам, хороодын журам, залгамж халааны бодлого, дотоод аудит, дотоод хяналтын бодлого, эрсдэлийн удирдлагын бодлого, комплаенсын бодлого, цалин урамшууллын бодлого, ил тод тайлагналын журам, олон нийттэй харилцах бодлого, ногдол ашгийн журам, сонирхлын зөрчилтэй хэлцлийн журам болон компанийн ёс зүйн дүрэм зэрэг багтсан.
Ирцийн мэдээлэл: Та бүхэнд сонирхуулахад, манай ТУЗ-ийн гишүүд үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, үндсэндээ ирц бол ихэнхдээ 100%-ийн ирцтэй явагдсан. Энэ хүрээнд бол манай ихэнх гишүүд бол хуралдаа 100%-ийн ирцтэй оролцсон ба зарим нэг тохиолдолд гадаад, дотоод томилолттой ТУЗ-ийн гишүүд хуралдаа цахимаар оролцох мөн урьдчилан санал өгөх гэсэн хэлбэрээр оролцсон юм.
2025 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулж дууссаны дараа нэгэн хувьцаа эзэмшигчээс “ТУЗ-ийн хараат бус гишүүдийн цалин, гүйцэтгэлийн уялдаа хэрхэн үнэлэгддэг вэ, мөн энэ нь хүлээлтэд нийцэж байна уу?” гэх асуулт ирэв.
Тус асуултад ТУЗ-ийн дарга Ш.Алтанбагана хариулав.
Ер нь ТУЗ-ийн үйл ажиллагаа болон ТУЗ-ийн гишүүд Монгол Улсын хууль тогтоомж болон компанийн дүрмийн дагуу өөрт оногдсон үүрэг, эрхийн хүрээнд ажилладаг. Энэ нь full-time бус, тодорхой цаг зарцуулдаг, хагас цагийн шинжтэй үүрэг байдаг. Тэр утгаараа Ганзориг гишүүний жишээг авахад, тэр хүн энэ компанид албан ёсоор борлуулалт, маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгөх гэрээт ажилтан биш, цэвэр ТУЗ-ийн гишүүний чиг үүргийн хүрээнд ажилладаг хүн юм. ТУЗ-ийн даргын хувьд, ялангуяа хараат бус гишүүд маш сайн, хангалттай ажилласан гэж үзэж байна.
Ганзориг гишүүний хувьд өөрийн шууд чиг үүрэгт хамаарахгүй ч компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлах ажилд өөрийн хэмжээнд идэвхтэй оролцсон. Үүнээс гадна ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд Ганзориг гишүүн Аудитын хорооны даргаар ажилласан. Энэ хүрээнд компанийн санхүүгийн хяналт, хөрөнгийн үр ашигтай зарцуулалт, хөндлөнгийн аудитын байгууллагыг хараат бусаар сонгох, мөн ногдол ашиг хуваарилалтын бодлого, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажилласан гэж үзэж байна. Мөн хараат бус бусад гишүүд болох олон талын мэдлэгтэй Баяртуул, Энх-Отгон болон сүүлд сонгогдсон гишүүд ч идэвхтэй ажилласан гэж дүгнэж байна. ТУЗ-ийн хувьд ерөнхийдөө 4–5 үндсэн чиг үүрэгтэй. Тухайлбал:
Ер нь хувьцаа эзэмшигчийн хувьд миний бие биш ч, хувьцаа эзэмшигчдийн саналын дагуу ТУЗ-ийн даргын үүргийг сүүлийн 3 жил гүйцэтгэсэн. Энэ хугацаанд туршлагатай, сайн баг бүрдэж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажилласан гэж үзэж байна.
Мөн нэг чухал зүйл нь ТУЗ-ийн хараат бус гишүүд хуулийн дагуу 3 жилийн хугацаатай бөгөөд хугацааны дагуу солигддог. Одоо өмнөх 3 гишүүн хугацаагаа дуусгаж, шинэ сонгон шалгаруулалт явагдана. Тиймээс хувьцаа эзэмшигчид маань нэр дэвшигчдээсээ зөв сонголт хийж, цаашдын ТУЗ-ийн үйл ажиллагааг илүү сайжруулахад анхаарах нь чухал гэж бодож байна.
ТУЗ-ийн үйл ажиллагааг бидэнд танилцуулсны дараа хурлын дэгийн дагуу ТУЗ-ийн төсөв, компанийн дүрэмд орох өөрчлөлтийн төслийн саналыг хувьцаа эзэмшигчдэд дэлгэцнээ танилцууллаа.
Бусад хэлэлцэх асуудлууд

Хурлын энэ хэсэгт ХЭХ-ын хамгийн сүүлийн батлах асуудал болох 2026-2029 оны хооронд ажиллах ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгож батлах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулав. Сонгон шалгаруулалтын тухайд сүүлийн 3 сарын хугацаанд явагдаж, нийт 18 нэр дэвшигчийн мэдээлэл ирсэн аж. Хувьцаа эзэмшигчдэд нэр дэвшигч бүрийн мэдээллийг хүргэж, санал хураалт кумулятив аргаар явагдах болон санал асуулгад оролцох зааврыг Тооллогын комиссоос мэдээллээ.
Үүний дараа хуралд оролцож буй хувьцаа эзэмшигчид 20 минутын хугацаанд хурлаар хэлэлцэж буй асуудлуудад саналаа өгсний дараагаар тооллогын комиссоос саналын үр дүнг танилцуулав.
Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бүртгэлийн тооллогын комиссын шийдвэр. Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудаар санал өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналыг үндэслэн шийдвэрлэх нь:
Газар Шим Үйлдвэр ХК-ийн саналын эрхтэй нийт 1,198,113,207 ширхэг хувьцаанаас 71.32% буюу 854,499,786 ширхэг хувьцаа эзэмшиж буй 78 хувьцаа эзэмшигч хуралд оролцсон. Хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэв.
ТУЗ-д дэвшсэн 11 хүн тус бүрийн кумулятив саналд эзлэх хувь болон сонгогдсон 9 гишүүнийн мэдээллийг танилцуулав.
Эхлээд ердийн гишүүдэд өгсөн саналаар ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулав.
Үүний дараа хараат бус гишүүдэд санал өгсөн талаар ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулав.
Эдгээр 11 гишүүнээс ТУЗ-ийн ердийн гишүүдэд Ц.Ганбат, З.Байгалмаа, Ц.Төгсөө, Г.Түвшинзаяа, Д.Сэргэлэн, хараат бус гишүүдэд Д.Энх-Отгон, Нинжин, Д.Юнгэр, Б.Ерөөлт нар тус тус санал авч эдгээр 9 гишүүн ТУЗ-ийн гишүүдэд сонгогдсон байна.
ХЭХ-ийн тогтоолууд:
Тогтоол №1
Компанийн ТУЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төсвийг батлах тухай.
Компанийн тухай хуулийн 61.1.15 дахь заалт, Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны 4-р сарын 25-ны өдрийн ээлжит хурлын Тооллогын комиссын дүнд тус бүр үндэслэн Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас тогтоох нь:
ХЭХ-ын дарга: Ц.Ганбат
Тогтоол №2
ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай.
Компанийн тухай хуулийн 61.1.5, 62.1.1, 62.1.15 дахь заалт, Компанийн дүрмийн 8.71 дэх заалт, Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны 4-р сарын 25-ны өдрийн ээлжит хурлын Тооллогын комиссын дүнд тус бүр үндэслэн Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас тогтоох нь:
ХЭХ-ын дарга: Ц.Ганбат
Хавсралт №1
Өөрчлөлтийн төсөл: 7-р бүлэг. Компанийн удирдлага
Тогтоол №3
2026-2029 оны ТУЗ-ийн Ердийн болон Хараат бус гишүүдийг сонгох тухай.
Компанийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1 дэх заалт, 62-р зүйлийн 62.1.1 дэх заалт, Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны 4-р сарын 25-ны өдрийн ээлжит хурлын Тооллогын комиссын дүнд тус бүр үндэслэн Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас тогтоох нь:
ХЭХ-ын дарга: Ц.Ганбат
Эцэст нь, Газар Шим Үйлдвэр ХК-ийн ХЭХ өндөрлөж, Гүйцэтгэх захирал Ц.Ганбат хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид, зохион байгуулагчдад хурлын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөснийг мэдэгдлээ. Мөн хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигч нарт шинэ бүтээгдэхүүний дээжээс гардуулав.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.