
Дэлхийн нефтийн акулуудын хагас жилийн тайлан гарлаа. Дайны дараах тайлан гэсэн шиг ашиг, орлого нь бараг л цөмрөх нь ээ цөмрөх нь.
🤑 Хагас жилд $705 тэрбумын орлого
Энэ оны эхний хагас жилд их дөрвөл буюу Saudi Aramco (2222.SR), Exxon Mobil (XOM), BP (BP), Chevron (CVX)-н орлого өнгөрсөн оны мөн үеэс 18%-30% өсжээ. Уралдаан гэж харвал, тус хугацаанд дэлхийн нефтийн зах зээлийг Saudi Aramco-н үнэмлэхүй базаж, $263.7 тэрбумын орлоготой, $65.2 тэрбумын ашигтай ажилласан байна. Ашиг нь л гэхэд нөгөө 3 компанийн ашгийг нийлүүлснээс ч их гэхээр яахын аргагүй өнгөлөг хагас жил байсан нь харагдана.
Аргагүй дээ газрын тосны нийлүүлэлтийн гол зам болсон Ормузын хоолой 2 сараас хойш дайны хөлд чирэгдсэнээр 2025 оны өдийд 1 баррель тутам нь $66.7-аар худалдаалагддаг байсан газрын тос өнгөрсөн саруудад $108 хүрсэн дэг.
🙊 Трамп: Ашиг олж байгаа бол үнээ буулга!
Шинжээчид, хөрөнгө оруулагчдаас эхлээд нефтийн акулуудыг энэ хэмжээний бадрангуй тайлан гаргах багцаа байсан ч тайлангийн араас гарч ирэх Доналд Трампыг л таамагласангүй. Тодруулбал, өчигдөрхөн Доналд Трамп өөрийн улсын компаниуд болох Chevron, Exxon Mobil-д хандан энэ хэмжээний мөнгө олсон бол одоо шатахууны үнийг бууруул хэмээн зандраад авлаа.
Эцэст нь… Одоог болтол Ормузын хоолой бүрэн нээгдээгүй л байна. Өмнө нь өдөрт 70-130 хөлөг тус хоолойг дамжин өнгөрдөг байсан бол одоо 2-10 хөлөг л дамжин өнгөрдөг болсон. Ер нь л 2-р сараас хойш хаа сайгүй л эрх баригчид канистр бариад гүйх нь холгүй шатахуун хайж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.