Энэ удаагийн Travel With контентоор бид барилгын талх гэгддэг цементийн үйлдвэрээр аялсан түүхээ хуваалцаж байна. Хүлээн авна уу.
Улаанбаатар хотоос 507 км-ийн алсад Монголын томоохон олборлолт, үйлдвэрлэлийн бүс оршдог. Бидний аяллын эцсийн цэг жилийн 4 улиралд налайгаад л байдаг Дорнын их говь хэдий ч өвөлдөө ховорхон тохиох цасан шуурганаар эхэлсэн юм.
Монцемент Билдинг Материалс ХХК-ийн цементийн үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд байршдаг. Энэ жил 10 жилийн ойн босгон дээр ирсэн тус үйлдвэрийг 2015 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Монполимет Групп хамтран үүсгэн байгуулж байлаа. Үндсэн буюу үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт нь $250 сая бөгөөд дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан орон нутаг тул 53.2 км урттай агаарын шугам, дэд станцын барилга байгууламж, ус хангамж, салаа төмөр зам гээд бүгдийг цогцоор нь барьж байгуулжээ.
Үйлдвэрийн онцлог
Одоогийн байдлаар Монголд цементийн 7 үйлдвэр байгаагаас 4 нь жилд 1 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Товчоор бол их бүтээн байгуулалтын жилээ зарласан Улаанбаатар хотын бүхий л бүтээн байгуулалтыг өлхөн хангах хүчин чадалтай гэсэн үг. Энэ дундаа Монцемент Билдинг Материалс ХХК-ийн цементийн үйлдвэр нь 100% автоматажсан, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хуурай аргаар цемент үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Нэмээд эко үйлдвэр шүү.
Онцлоод байгаа дэвшилтэт техник, технологийг нь одоо танилцуулъя.
Уг төрлийн технологи одоогоор Монголд ганц л байдаг. Томоохон бүтээн байгуулалт, үйлдвэр өөрөө эрчим хүчний хэрэглээгээ хангах чадалтай байна гэдэг маш том давуу тал. Харамсалтай нь одоогоор Монгол Улсын эрчим хүчний тухай хуульд нар, салхи, усыг л сэргээгдэх эрчим хүчинд тооцдог буюу шинэ төрлийн дэвшилтэт технологиудад ямар нэгэн дэмжлэг байдаггүй аж.
Цемент хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Харин одоо та бидний хамгийн сайн мэдэх Олимпын болон Яармагийн гүүрний гол элемент болсон цементийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар сонордуулъя.
Цементийн гол орц нь шохойн чулуу, төмрийн хүдэр, гөлтгөнө, нүүрс болон нэмэлт материалууд. Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйлдвэрлэлээс өргөн хэрэглээний, өрхийн, тусгай зориулалтын гэсэн 3 төрлийн цемент гарч буй.
Одоо арай урт тайлбар нь… Монцементийн үйлдвэрлэл 184 га ил уурхайн талбайгаас эхэлдэг. Энэ нь Өргөн сум дахь 100 гаруй жил ашиглах боломжтой шохойн чулууны уурхай юм. Уурхайгаас олборлосон шохойн чулууг 70 тн-ын ачигч машинаар тээвэрлэн, хадгалах байгууламжид буулгаж, тэднээсээ конвер буюу дамжуулагч шугамаар цагт 650 тн боловсруулах хүчин чадалтай алхан бутлуураар буталдаг.
Бутлагдсан түүхий эдийг 9,600 тн-ын багтаамжтай түүхий эдийн агуулахад хадгална. Энэ бол үйлдвэрлэлийн явц дахь 2 дахь хадгалах байгууламж бөгөөд түүхий эдийн химийн найрлагыг жигд байлгахын тулд зориулалтын овоологчоор дээш овоолон байршуулдаг аж. Бялуу хийж байгаа мэт бүхий л орцуудаа жигд, давхарлаж, тараах нь цементийн бат бөх, жигд байдалд ихээхэн нөлөөлдөг.
Эндээс сайтар холилдсон түүхий эдүүд доошоо конвероор дамжиж, 125 тн-ын чадалтай 3 бултай тээрмийн зүг хөдөлнө. Энд чулуулаггүй болтлоо нунтаглагдаж, цааш 32 м өндөр, 3,000 тн-ын хүчин чадалтай силос агуулахад хадгалагдан, доороос нь хийгээр үлээж жигдрүүлнэ. Гэснээс уг битүү бетон агуулах нь дулааны хэлбэлзэл, чийг, тоосжилтоос хамгаалах зориулалттай гэсэн шүү.
Дараагийн шатанд нунтаг түүхий эд 84 м өндөр буюу 28 давхар байшинтай дүйцэхүйц урьдчилан халаагчид очиж, цааш үндсэн зуух руу очдог байх нь ээ. Одоо зөвхөн хөргөх болон савлах хэсгийг дамжсанаар шууд вагонд ачихад бэлэн.
Үйлдвэрийг орхихын өмнө тэд гарч буй бүх цементээсээ дээж авч, X-ray төхөөрөмжөөр химийн бүрдлийг нь шалгадаг бөгөөд бат бэхийн туршилт хийхдээ шоо хэлбэртэй бетон болгоод даралт өгөх байдлаар хянадаг аж.
Бизнесийн сонин хачин
Компани одоогоор өргөн хэрэглээний (OPC 42.5), өрхийн (CPC 32.5), тусгай хэрэглээний (PC 52.5) гэхчлэн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн олон төрлийн цементийг үйлдвэрлэж буй. Өнгөрсөн жил ахуйн хэрэглээнд тохиромжтой CPC 32.5 маркийн цементийнхээ савлагааг жижгэрүүлэн гаргаж, энэ жилийн 4 сарын 25-наас энэ шинэ савлагаатай цементийг зах зээлд гаргахаар зэхэж буй.
Томилолтын сонин хачин
Бидний томилолт НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн айлчлалтай давхцаж, Монцемент Билдинг Материалс ХХК болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх төслийн талаар дуулах завшаан тохиосон юм. Талууд өмнө нь “Таблеттай багш” хөтөлбөрийг Дорноговь аймагт хамтран хэрэгжүүлсэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаар хэдийнээ ярилцаж байгаа аж.
Цементийн үйлдвэр рүү аялаад ирснийх уншигчдадаа цемент сонгохдоо анхаарах бяцхан зөвлөмжийг хүргэе. Хамгийн түрүүнд он сар, савлагааны бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаарай. Цементийн хадгалах хугацаа нь 30-60 хоног байдаг учраас хугацаа хэтэрсэн цементийн бат бэх чанар асуудалтай болдог гэсэн шүү.
Эцэст нь… Эх орныхоо өнцөг булан бүрд бүтээн байгуулалт хийж, баялаг бүтээн, хариуцлагатай үйлдвэрлэл эрхэлж буй төслүүдтэй биечлэн танилцахад бахархах сэтгэл аяндаа л төрдөг. Нөгөө талд ч “Биднийг энэ нутагт ирэхэд цэлийсэн сайхан тал л угтаж байлаа. Одоо үйлдвэрлэлийнхээ хажуугаар байгаль орчиндоо, орон нутгийн эдийн засагт ийм нөлөөтэй ажиллаж байна” хэмээн бахархалтай хэлдэг нь сайхан.
Монцемент үйлдвэр ч мөн үүсгэн байгуулагчийнхаа “Үйлдвэрлэл болон байгаль орчин арга билиг шиг хосолж явах ёстой” хэмээх философийг үргэлжлүүлж, өдгөө тус компани болон толгой компанид нь мод тарьж үзээгүй нэг ч ажилтан байхгүй хэмээсэн нь байгаль орчны асуудлыг хэр чухалчилдаг нь харагдах мэт.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.