За ойрд “XRP юу болоод байна” гэсэн асуултууд ирээд болдоггүй. Нээрээ юу болоод байна аа гээд харсан чинь 4-р сар гарснаас хойш үнэ нь 3 дахин өсчихсөн юм байна. Тэгээд уншигчидтайгаа хамт суралцаад л явдгаас хойш судлаад үзлээ.
XRP гэж юу бураад байгаа юм?
- Ойлгоё: Юун түрүүнд XRP буюу Ripple нь криптовалют. Тус криптовалютыг ашиглаж шимтгэлгүйгээр, шууд улс орон хоорондын гүйлгээ хийх боломжтой болдог юм. Биткойноос ялгарах гол онцлог нь олборлолт хийх шаардлагагүй бөгөөд hashtree гэх блокчэйнээс өөр технологи ашигладаг ажээ. Харин RippleNet нь төлбөрийн систем, протокол бөгөөд XRP гэдэг нь тус системд ашиглагддаг кривтовалют юм.
- Өмнөх галзуурал: 2018 онд American Express, Santander тус технологийг нь ашиглан АНУ, Англи хоорондын гүйлгээг хурдасгах туршилт хийж эхэлсэн бөгөөд Японд SBI Holding компанитай мөн хамтарч ажиллаж эхэлснээр XRP-ийн үнэ тэнгэрт хаджээ. Энэ өсөлтийн үеэр хамтран үүсгэн байгуулагч Крис Ларсэн нь Дэлхийн 5 дахь хамгийн баян хүн болоод амжсан бөгөөд жүжигчин Аштон Күтчэр “Ellen” нэвтрүүлэгт оролцохдоо мөн $4 саяын XRP бэлэглээд амжсан юм.
Одоо юу болоод байна?
- Крипто галзуурал: Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэгэнт л криптонууд өсөөд эхэлсэн бол бүгд л өсдөг жамтай. Биткойн, Ефериум түүхэн дээд хэмжээнд хүрч, зүгээр meme болгож хийсэн Dogecoin хүртэл пуужиндаж байхад XRP өсөх нь дамжиггүй биз ээ. Мөн Coinbase IPO-ийн хүлээлт крипто зах зээлд шууд эерэгээр нөлөөлж байна.
- Шүүхийн ялалт: Харин XRP нэлээн хожуу огцом өсөж эхэлж буй нь шүүхийн маргаантай холбоотой. 2020 оны 12-р сард АНУ-ын SEC-ээс Ripple-ийг зөвшөөрөлгүйгээр үнэт цаас олон нийтэд санал болгож борлуулсан бөгөөд хувьдаа $600 саяын ашиг хийсэн зэргээр шүүхэд өгсөн юм. Тэгвэл шүүх дээр Ripple ээлж дараалан том, жижиг ялсаар байгаа нь сайн мэдээ болж ханш огцом өсөх шалтгаан болж буй аж.
Товхимлын 2021 оны 4 сарын 15-ны дугаараас. Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар хандаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.