Хуучирсан мэдээ/ 7 сарын 6, 2023

МЭЗЧ-нд дэлхийн 45 томоохон санхүүгийн байгууллага оролцоно

Энэ сарын 9, 10-нд болох Монголын Эдийн Засгийн Чуулга (Mongolia Economic Forum 2023)-нд Rio Tinto (RIO)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ), Гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирнэ.

Онцлох зочид

Уг чуулга уулзалтад Rio Tinto-н ТУЗ-ийн дарга Доминик Бартоноор ахлуулсан ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын 23 эрхэм ирэх юм. Түүнчлэн,

  • Оролцогчид: Монголын ЗГ-ын төлөөлөл, олон улсын 500 гаруй зочид, дотоодын 700 гаруй бизнес болон ТББ, эрдэмтэд гээд нийт 1,500 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.
  • Томчуул: Үүн дотроо Rio Tinto-ийн урилгаар Goldman Sachs (GS), Morgan Stanley (MS), Citigroup (C) гээд дэлхийн тэргүүлэгч 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн хэвлэл мэдээллийн акул CNN, Bloomberg-н төлөөлөгчид ч энэхүү арга хэмжээг сурвалжлах төлөвтэй байна.

Түүхэн уулзалт

Эдийн засгийн чуулганы үеэр гаднын томоохон хөрөнгө оруулагч компаниуд ирж байгаа нь Монголд Oюу толгойн хөрөнгө оруулалттай адил төстэй томоохон хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг үүсгэж буй. Тодруулбал,

  • Бүхний анхаарлын төвд: Уулзалтаар дотоод, гадаадын томчууд Монгол дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хөгжил, удахгүй хэрэгжүүлэх төслүүдийн боломжит түншлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том банк, санхүү, хөрөнгө оруулалтын акулуудын анхаарал Монголын эдийн засаг, нөхцөл байдал руу чиглэх юм.
  • ГШХО нэмэгдэх боломж: Өнгөрсөн оны гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харахад л 90% орчим нь буюу $2.2 тэрбум нь Оюу толгой төсөлтэй холбоотой байдаг. Тэгэхээр уг уулзалтаар гаднын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж чадвал ГШХО нэмэгдэх боломж бий болно.
  • Rio Tinto тусгал болно: Мөн Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гаднын хөрөнгө оруулагчид Монголын хамгийн том гаднын хөрөнгө оруулагч болох Rio Tinto-н өнцгийг харж шийдвэр гаргах хандлагатай байдаг аж.

Эцэст нь… Юутай ч энэ удаагийн эдийн засгийн чуулган нь гаднын хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө таниулах маш том боломжийг олгож байна. Харин үүнийг ашиглах л чухал байна даа. Гэснээс тус чуулганд бүртгүүлэх бол ЭНД дараарай.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.