Монголын акул компани Монголын Алт (МАК) ХХК-ийн үйлдвэрүүдийн ард ямар процесс өрнөдөг вэ? Тус компанийн үйлдвэрүүдээр аялсан түүхээ хүүрнэн өгүүлье. Тухлан уншина уу!
Өглөөний 8 цаг
Дүнжингаравын авто зогсоолоос барилгын материал, уул уурхай, ХАА, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарт манлайлж буй МАК-н “МАК EURO WINDOOR” цонхны үйлдвэртэй танилцахаар хөдлөв. Энэ үеэр өглөөний нарны илч 45 суудалт автобусны бүх хэсгийг ээж байлаа. Замдаа аяллын хамтрагчидтайгаа танилцан, гангар гунгар хийсээр үйлдвэрийн үүдэнд буув.
10 цаг 30 минут
Дараагийн зогсоол Налайх дүүрэг дэх “МАК EURO BLOCK” үйлдвэр байв. Тус үйлдвэр нь 100% автомат бөгөөд 2015 онд ашиглалтад орж өдгөө хоногт 3 айлын орон сууц барих блок үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Тэгэхээр сард 1,000 айлын орон сууц барих хэмжээний блок үйлдвэрлэдэг байх нь.
15 цаг 30 минут
Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байрлах “МАК EURO CEMENT” үйлдвэрт хөл тавив. Говийн нар хэлбийж, нам гүм нөмөрсөн ч үйлдвэрийн ажил буцалж байлаа. Уг үйлдвэр хамгийн нүсэр нь. 24 цагаар баярын өдрүүдэд ч тасралтгүй ажиллаж өдрийн 3,000 тн, жилийн 1 сая тн цемент үйлдвэрлэх уг үйлдвэр нийт 1,271 хүний амьдралыг залгуулна. Үүний 40% нь орон нутгийн иргэд аж. Иймдээ ч тэд Монголын цементийн хэрэглээний 50%-ийг дангаар хангаж буй. Анх $400 саяын өртгөөр боссон ажээ. Нөөцийн хувьд 100 жилийн нөөцтэй гэнэ билээ.
Заа тэгээд тус компани ажилтан болон байгальдаа ээлтэй гэж жигтэйхэн. Ажилтнууд үйлдвэртээ байрлах бөгөөд тухтай өрөө байхаас гадна чөлөөт цагаа өнгөрөөх мини кино театр, фитнес, биллиардын ширээ, бясалгал, шашны өрөө, номын сан гээд байхгүй л юм байхгүй. Гаднаа сагс, хөлбөмбөгийн талбайг ч шийдсэн харагдана билээ. Мэдээж эмнэлэг, киоск машин ч бий. Энэ бүхэнд нүд нь унасан хамтран аялагчид маань танайд яаж ажилд орох вэ гэж асууж байх жишээний. 😆
Гэснээс юу болоод байлаа?
МАК EURO CEMENT-д анх $340.6 саяын хөрөнгө оруулалт хийгдсэний 52%-ийг MAK өөрийн хөрөнгөөр, 29%-ийг гаднын банкны зээлээр, 19%-ийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн гэдэг. Уг санхүүжилт явсаар Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт $70.9 саяын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны 3 сарын 27-нд бүрэн төлж дууссан аж. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлын 70%-85%-ийг ашиглаж байгаа бөгөөд хэрэв зах зээлийн эрэлт хангалттай хэмжээнд хүрвэл үйлдвэрлэл улам тэлэх боломжтой харагдаж байна.
Аялагчийн дайх үг
Заа тэгээд МАК-н томоохон үйлдвэрүүдтэй танилцах сүрдэм л байлаа. Нүдээр харахад бид үйлдвэрлэгч улс болчих ч юм шиг оч бадрав. Удахгүй цементээ Орос, Буриад руу гаргахаар зорьж буй. Дараа нь жилд 100 мянган тн шохой үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орох юм гэсэн. Ингээд бодохоор яалт ч үгүй МАК бол Монголын Алт байж чадахаар. Гэснээс “Travel with Lemon Press” булан маань урт удаан хугацаанд цуварч үргэлжилнэ шүү. Бид нээх том газруудаас мөнгө төгрөг аваад магтаж, сайлж бичээд байсан юм байхгүй шүү. Уншигчдадаа л янз янзын юм танилцуулах гээд үзээд байна. Бас нүдээр үзэхээр үнэхээр магтмаар болох юм аа. Нуух юун.
Жич: Энэхүү аяллыг МАК Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан бөгөөд компанийн үйлдвэртэй танилцсан аяллаас сэдэвлэн бичсэн болно. Нийтлэлийн агуулга нь манай редакцын бодлогын дагуу хараат бус бичигдэв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.