МЭЗЧ-ы албан ёсны үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр юу юу болсныг тоймлон хүргэе.
МЭЗЧ 2023-ын эргэн тойронд
Уг чуулган нь 7 сарын 9, 10-нд 4 нэгдсэн хэлэлцүүлэг, 15 салбар хэлэлцүүлэг, 4 залуучуудад зориулсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдав.
Оролцогчид: Чуулганд нийт 2,453 оролцогч оролцсон бөгөөд үүнд гадаадын 10+ хэвлэлийн төлөөлөл, олон улсын 500+ зочид багтсан юм.
Онцлох нь: Энэ жилийн МЭЗЧ-нд Рио Тинто компанийн удирдлагын баг бүрэлдэхүүнээрээ ирсэн болон тэдний урилгаар дэлхийн тэргүүлэгч 45 санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон нь уг чуулганы цар хүрээг улам тэлэв. Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Би 3-р сард гүний уурхайн нээлтэд ирэхдээ үнэхээр бахархал төрсөн. Тиймээс энэ удаад Рио Тинтогийн удирдлагын баг бүрэлдэхүүн Монголын соёлтой танилцах зорилгоор бүгд ирсэн. Ингэснээр бид Монголд зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй тус улсын нэгээхэн том бүтээн байгуулалтын нэг хэсэг болсон гэдгээ мэдэрнэ” хэмээн дурдсан юм.
Онцлох үйл явдал: Чуулганы үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран Байгаль хамгааллын итгэлцлийн санг байгуулахаа мэдэгдэв. Тодруулбал, TNC байгууллага нь Байгаль хамгааллын байнгын санхүүжилт санаачилгын хүрээнд $71 саяыг тус санд бүрдүүлэх аж.
Юу юу яригдав?
Чуулганаар салбар салбарын болон Монголын тогтвортой хөгжлийн бодлого, эдийн засгийн тогтвортой байдал, шинэ ирээдүй & боломж, хот байгуулалтын талаар нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн,
Нийтлэг яриа: Гаднын зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагчид Монголын тогтвортой хөгжлийн талаар хамгийн их дурдаж байв. Түүнчлэн тэд Монгол эдийн засгаа солонгоруулж байж тогтвортой ЭЗ-тай болно гэдэгт санал нэгдэж байлаа. Тэдний үзэж байгаагаар бидэнд нар болон салхины эрчим хүчний нөөц хангалттай байгаа бөгөөд бид үүнийг Хятад руу нийлүүлж ЭЗ-аа төрөлжүүлж болох аж.
Хүний нөөц: Цаашлаад бид гаднын нэлээд олон төлөөлөгчтэй ярилцлага хийсэн юм. Тэр дундаас Рио Тинто группийн ТУЗ-ийн гишүүн, Оксфордын их сургуулийн Глобал эдийн засгийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч Нгайре Вудс Монголчууд хамгийн ухаалаг, чадварлаг хүмүүсээ төрийн албанд татан оруулж технологийн шийдлийг ашиглаж чадвал үр дүнд хүрч чадна гэсэн
юм.
Хөрөнгө оруулалтын боломж
Үргэлжлүүлээд, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонирхолтой илтгэл танилцуулав. Тэрбээр “Монголчууд банкны салбар дээр үүд хаалгаа бүрэн нээнэ. Банкны салбарын хөгжлийг дахин нэг шат ахиулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татна” гэлээ.
Мөн, Монголын банкны салбарт хөрөнгө оруулах 5 боломжийн талаар:
1. Төлөөлөгчийн газар байгуулах
2. Банкны салбар нэгж байгуулах
3. ХО-ын төрөлжсөн банк үүсгэх
4. Хөрөнгө оруулах (хувьцаа)
5. Банкны тусгай зөвшөөрөл авах
Эдгээр нь хууль эрх зүйн хувьд бүрэн боломжтой гэсэн юм.
Эцэст нь… Энэ жилийн МЭЗЧ маш өргөн цар хүрээтэй боллоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын нийгэм, ЭЗ, хөрөнгийн ЗЗ-ийн орчин, нөхцөл, боломж бололцооны талаар мэдээлэл хүргэж чадлаа. Төгсгөлд нь хэлэхэд, MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал "800 жилийн өмнө Монголчууд орондоо орох завгүй дайтаж байсан бол одоо орондоо орох завгүйгээр бизнесийн орчныг хөгжүүлэх цаг нь болсон" гэсэн юм. Нээрээ л бид ЭЗ-ийн солонгорол, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд төр хувийн хэвшилтэйгээ хамтран, дор бүрнээ үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна даа. Гэснээс уг чуулгантай холбоотой дэлгэрэнгүй видеог манай сошиал сувгуудаас үзэх боломжтой шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.