
Lead W/ булангийн шинэ дугаарт ХасБанк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.
Тэрбээр карьерынхаа эхний 7 жил Америкт ажиллаж, түүнээс хойш тасралтгүй Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанк ХК-ийн удирдах түвшинд ажиллаж буй нэгэн юм.




Гадаадад 7 жил ажиллаж, амьдраад Монголд эргэн ирэхэд тодорхой хэмжээний шилжилтийн үе, шоктой тулгарч байсан. Ялангуяа удирдлагын ажил гэдэг бол хүмүүстэй өдөр тутам ойр харилцаж, шууд зохион байгуулалт хийдэг ажил учраас ажлын динамик нь нэлээн өөр санагдсан. Эхний шок нь хэл байв. Олон жил бүх зүйлээ англи хэл дээр суралцаж, ашиглаад явсан гэх утгаараа монгол хэлээ сэргээх, сайжруулахад тодорхой хугацаа зарцуулсан. Тухайн үед монгол, англи үг хольж ярих үе ч байсан. Гэхдээ хамт олон маань бүгд монголчууд тул хэл амаа ойлголцоход асуудалгүй, төдийлөн хүндрэл гарч байгаагүй.
Би хүмүүсийнхээ саналыг сонсож, нэгдсэн ойлголцол, эв нэгдлийг чухалчилдаг.
Энэ ч утгаараа надад Монголын ажиллах орчин илүү уян хатан, хамт олны уур амьсгал илүү амьд санагддаг. Америкт бол ажлын темп маш хурдан, олон цаг ажиллах тусмаа сайн гэх хэв маяг давамгай байсан. Харин Монголд харьцангуй тайван, хүн хоорондын харилцаа илүү халуун, дулаан, ажлын өдөр тутмын сэтгэл ханамж ч илүү байдаг.
Үүний сацуу Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанкны хүний нөөцийн бодлого үнэхээр зөв байсан гэж боддог. Өөрийн жишээн дээр ярихад, 2–3 жил тутамд шинэ албан тушаал, шинэ сорилт өгч, хариуцлагын хүрээг аажмаар томруулах, өөр өөр ажилд туршлага хуримтлуулах боломж олгож байсан. ХасБанканд 2011 оноос хойш нийт 14 жил ажиллахдаа олон төрлийн ажил хийсэн учраас огт уйдаагүй. Энэ дундаас ХасБанкны Гүйцэтгэх захирлаар 6 дахь жилдээ ажиллаж буй нь 1 албандаа хамгийн удаа ажиллаж буй тохиолдол.
Манай хүний нөөцийн бодлого зөв байсан нь миний хувьд азтай тохиолдол байв. Янз бүрийн ярилцлага дээр карьерын тань амжилтын нууц юу вэ гэж асуух нь түгээмэл. Миний хувьд азтай байсан. Зөв газар, зөв цаг үед, хамгийн гол нь зөв хамт олны дунд ажилласнаараа азтай.
Ямар ч хэцүү, хүнд үед цаг алдахгүй зоригтой шийдвэр гаргаж, тэрэндээ хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Түгээмэл ажиглагддаг зүйл нь олон хүн шийдвэр гаргахаас болгоомжилж, айж эргэлзээд асуудлыг улам хүндрүүлдэг. Алдвал алдана л биз. Манайд байдаг нэг философи нь бид 100%-ийн төгс шийдвэр гаргаж чадахгүй. Тэгэхээр 80%-ийн оновчтой мэдээлэл дээр шийдвэр гаргая гэдэг. Алдаа гарах магадлалтай. Гэхдээ түүнийгээ залруулаад явъя гэдэг философитой.
Гэхдээ үүн дээр нэг чухал нөхцөл байгаа. “Үхлийн алдаа” гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл байгууллагад нөхөж баршгүй хохирол авчрах том эрсдэлтэй шийдвэрийг дутуу мэдээллээр гаргах ёсгүй. Харин мэдээлэл 80% хангалттай, эрсдэлээ удирдаж болохуйц бол зоригтой шийдвэрээ гаргаад явдаг.

Wagner-т орсон үе маань миний хувьд хамгийн том өөрчлөлт, маш том боломжийн үүд хаалгыг нээсэн. Анх 3 сарын дадлагын оюутнаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст орж байсан. Миний хийх ажил хүмүүсийн ер нь хийх дургүй бичиг, цаасны ажил байсан юм. Тухайн үед 3 сарын хугацаанд хийх ёстой ажлыг 3 долоо хоногийн дотор хийчихсэн. Гар ажиллагаатай процессуудыг бага зэрэг автоматжуулаад, Excel дээр оруулаад л тайлангийн зөрүүг нь богино хугацаанд гаргаж ирсэн. Түүний дараа надад ажилд орох санал тавьж, дараа дараагийн боломжууд нээгдэж байв. Анхны компаниа зөв сонговол, карьер нь ч зөв цэгээс эхэлдэг.
2 дахь манлайллын түүх нь залуу байхдаа өөрийгөө л манлайлдаг, шахдаг байсан бол дараагийн шатандаа байгууллагаа манлайлна гэдэг нь өөр зүйл гэдгийг ойлгосон. Тэр дундаас хамгийн тод үлдсэн нь ХасБанкны IPO. Манайх 2023 онд IPO хийхэд ХасБанк даяараа л ажилласан. IPO-н оргил үе нь хаана танилцуулах вэ гэдэг байлаа. Тухайн үед бид байдаг л тансаг зэрэглэлийн “Event Hall” бус онцгой, бэлгэдэлтэй, дараа нь дурсамжтай газар сонгоё гээд Чингис хааны музейг сонгож байв. Одоо Чингис хааны алтан хөшөө байршиж буй хэсэгт ХасБанк IPO-нхоо танилцуулгыг хийж, нээлттэй хувьцаат компани болж байв.
Яг тэр үеийн айсан, сүрдсэн мэдрэмж одоо ч надад байдаг. МҮОНТ-ээр шууд эфирт гарахаас 30 секундийн өмнө “Болих уу, зугтах уу” гэсэн айдас ч төрсөн. Шууд нэвтрүүлэг байсан тул 10-аас доош тоолоод эхлэхэд бүх айдас байхгүй болж, танилцуулгаа амжилттай дуусгасан даа.
Хамгийн том шийдвэр нь Америк дахь боломжийн карьераа орхиод эх орондоо ирэх шийдвэр байсан. Зоригтой шийдвэр, том ч эрсдэл. Миний анзаарснаар ихэнх залуучууд тэр шийдвэрээ гаргахгүй байна. Буруутгах аргагүй. Энэ бол маш хүнд шийдвэр. Гэхдээ энэ шийдвэр, эрсдэлийг аль болох залуу байхдаа гаргавал дээр. Мэдээж Америкт ажиллахад ажлын орчин гоё, харьцангуй ажиллахад амархан буюу процессууд нь тогтчихсон байдаг нь амар. Их ажилладаг ч бүх зүйл нь тодорхой гэдгээрээ давуу. Гэтэл Монголд тодорхойгүй зүйл маш их байдаг. Хамгийн наад зах нь л гэнэт хууль, журам өөрчлөгддөг, гэнэт хурал, уулзалт товлогдчихдог. Нүүдэлчин ард түмний юм байдаг байх. (Инээв)
Гэсэн ч монгол хүн болохоороо ч тэр үү, эсвэл нэгэн жигд хэмнэлээс уйдсан уу, карьерын хувьд ч ингэж явсаар 40 хүрэхдээ магад Vice President болох байх, аз таарах юм бол 50 настайдаа Managing Director болно. Надад энэ бүхэн сонирхолтой санагдаагүй. Жоохон гэнэн бодол хийж магадгүй ч улсынхаа хөгжилд бага ч атугай хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Том өөрчлөлт авчирч чадахгүй байсан ч улсдаа татвараа төлөөд ажиллаж, амьдрах нь хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Товчхондоо их, бага нь хамаагүй гадаадад сурсан мэдлэг, чадвараа Монголдоо хэрэглэе ээ л гэж бодсон.

1️⃣ Оюутан байхдаа сургуулийн оффист ажилладаг байв. Хагас цагийн ажил байсан тул үүнийг CV-дээ ч бичдэггүй юм. Захирал маань их ааштай хүн байсан. Биднийг байнга загнана, дарамтална. Тухайн үед надад ийм дарамттай газар ажиллах хэцүү юм байна даа гэх бодол төрдөг байлаа. Гэхдээ цагийн $12-ын цалинтай, тухайн үедээ л оюутанд асар их мөнгө байсан болохоор тэвчээд л ажилладаг байсан.
Тэндээс би юу ойлгосон бэ гэхээр, дараа нь ажилд орохдоо хамгийн эхэнд удирдлагын ааш зан, хүмүүстэй харьцах харилцааг нь ажигладаг болсон. Яг ямар хүн удирдаж байна, хүндэтгэлтэй юу, соёлтой юу гэдгийг чухалчилж харах болсон юм. Цалин бол хоёрдугаар асуудал. Өндөр цалинтай гээд хэцүү орчинд гүрийгээд байж болохгүй. Цалингийн төлөө ажиллаж болохгүй юм аа гэдгийг ойлгож байсан.
2️⃣ Миний ажлын гараагаа эхлүүлсэн Wagner компани гэр бүлийн компани гэх утгаараа маш дулаахан уур амьсгалтай байсан. Денвер, Колорадо, Нью-Мексико, Техас, Монгол, Сибирьт үйл ажиллагаа явуулдаг байсан юм.
Wagner миний зүрхэнд ойрхон байдаг шалтгаан нь эдийн засгийн хямралын хүнд үед ч ажилтнуудаа халахгүй гэсэн хатуу байр суурьтай.
Мэдээж гэр бүлийн бизнес гэдгээрээ давуу талтай. Гэсэн ч үүний ард эздийн өөрсдийнх нь үнэт зүйл байсан болов уу гэж хардаг. Ийм ч болохоор хүмүүс нь их олон жил ажиллана. 7 хоног болгон сэтгүүл дээрээ 30 жил ажилласан, 20 жил ажилласан гээд хүмүүсээ алдаршуулдаг нь гоё санагддаг байв.
Wagner-с би эдийн засгийн хүнд үед ажилтнуудаа цомхотгох нөхцөлд компаниа оруулж болохгүй гэдэг зарчмыг олж авсан. Учир нь удирдлагууд эдийн засгийн өсөлттэй үед хэт их хүн ажилд аваад, эдийн засаг уруудмагц халчихдаг. Манай банкны хувьд 2019 онд 1,300 ажилтантай байсан одоо ч 1,300 хэвээрээ байгаа. Тэгсэн мөртөө ашиг маань хэд дахин өсчихсөн. Манай удирдлагын баг бүтээмж сайтай, хувьсах зардлуудаа сайн удирдчихвал эдийн засгийн хэцүү үед ч цомхотгол ярих шаардлагагүй бизнес модель угсрахыг хичээж яваа.
3️⃣ Restoration Hardware компанид IPO дээр ажиллаж байсан үе. Тухайн үед яаж хүмүүсийн мэддэггүй брэндийг Америк даяар танигдан брэнд болгох вэ, брэндинг яаж хийгддэг, санхүүгээ яаж удирддаг вэ гээд бүгдийг бодитоор харж, суралцах боломж тохиосон. Санхүүгийн хөрөнгө оруулалтын менежер байсан болохоор бүх мэдээллийн урсгалын голд ажилладаг байв. Тэндээс анзаарсан зүйл нь бүтээлч байж, брэндийн шинэчлэлийг яаж хийх боломжтой вэ гэдгийг сурсан.
Мэдээж сүүдэртэй тал ч байсан. Жинхэнэ зэрлэг капиталист байгууллага ямар хатуу байдгийг тэнд л ойлгосон. 2008–2009 оны хямралын үеэр ажилтнуудаа хайр найргүй цомхотгодог байлаа. Өглөө ирэхэд л ⅓ нь байхгүй болчихсон, цомхотгосон хүмүүсийн хураагдсан утаснууд хайрцагт энд тэндгүй дуугараад л. Нэг нь байхгүй болсныг шууд дуудаад л хэлнэ. Ажлыг нь 2 хүнд хариуцуулаад хий л гэдэг байсан. Эхэндээ хэцүү, олон цаг ажиллана. Гэхдээ сарын дараа ямар ч асуудалгүй хийдэг болчихно. Хэчнээн харгис ч нөгөө талдаа эдийн засгийн онолоороо автоматаар бүтээмж нэмэгддэг гэдгийг харж байлаа.

Хамгийн том хөрөнгө оруулалт бол цаг. Хүн болгоны сонссон улиг болсон үг байж магад. Харин миний хэлэх гэсэн санаа нь гардан хийж буй ажилдаа нэмэлт цаг зарцуулах нь чухал гэдэг өнцөг. Хамгийн ойрын жишээ нь илүү цагаар ажиллахыг 2 өнцгөөр харж болно. Нэг нь, би илүү цагаар ажиллаж байна, ядарч байна, гэсэн ч цагийн мөнгө авна гэх бодол.
2 дахь нь илүү цагаар ажиллаад энэ төслийг хурдан урагшлуулъя, би илүү цагаар ажиллаж байгаа болохоор илүү юм сурч байна, ирээдүйдээ, өөртөө хөрөнгө оруулалт хийж байна гэдэг өнцгөөс харах нь ялгаатай. Миний харах өнцөг 2 дахь нь байсан. 25% илүү ажилласан бол 25% сайжирч байна гэж боддог байв. Урт хугацаандаа 25% илүү ажилласан нь өөртөө бараг 25 дахин илүү хөрөнгө оруулалт хийсэнтэй тэнцүү байдаг. Их унших, их юм хийх тусам л ур чадвар сайжраад явдаг. Олон судалгаануудад хийж буй зүйлдээ 10 мянган цагийг зарцуулж байж мастер нь болдог гэдэг. 10 мянган цаг руугаа дөхөх тусам хурдан мастер болно. 8 цагаар ажиллаад явбал 4.8 жилийг зарцуулах гээд байна шүү дээ. Энэ хугацаагаа товчилсноор ур чадвар нь наашилж байна л гэж хардаг.

Ид ачаалалтай үедээ өдөрт 12-14 цаг ажилладаг байсан. Оргил үе гэхээр 2016 оноос саяхныг хүртэл амралтын өдрүүдэд дор хаяж 4 цаг ажиллаж ирсэн. Ер нь амралт маш бага авдаг. Гэсэн ч сүүлийн 1 жилд ажиллах арга барилаа өөр өнцгөөс харж эхэлсэн. Одоо бол 8-9 цаг л ажиллаж байгаа. Амралтын өдрүүдээр аль болох ажиллахаа больсон. Өөрчилсөн шалтгаан нь Америкийн мундаг манлайлагч захирлуудын туршлагатай харьцуулахад бид нар, монгол захирлууд дэндүү их үйл ажиллагаа руу орох гээд байдаг.
Үйл ажиллагаа, нарийн ширийн ажил руу ороод эхлэхлээр мэдээж их цагаар ажиллана. Үр дүн нь сайн. Гэхдээ супер биш.
Тэгэхээр супер үр дүн гаргахын тулд мундаг манлайлагч нар 5, 10 жилийг харсан стратегийн түвшний ажилдаа л анхаарлаа хандуулж байгаага анзаарсан юм. Цөөн, чанартай шийдвэр гаргахын тулд тэр шүү дээ. Зогсоо зайгүй гүйгээд, төмөр өргөөд байвал бие ядардагтай адил тархи ч зогсоо зайгүй ажиллаад, олон шийдвэр гаргаад ирвэл сүүл рүүгээ шийдвэрүүд чанаргүй болж эхэлдэг. Үүнийг сүүлийн 1 жил оюун санаандаа ч, бие махбодоороо ч ойлгож авсан.
Ажлын өдрийн хувьд 8 цагт эхэлдэг. Аль болох чухал уулзалт, хурлуудаа өглөө хийхийг зорьдог. Учир нь хүмүүсийн сэтгэхүй хамгийн тунгалаг байдаг үеэр шийдвэр гаргах нь илүү оновчтой. Өглөө гаргасан шийдвэрүүдийн чанар хавьгүй өндөр байдаг. Үдээс хойш нь илүү бодох, зохион байгуулах, төлөвлөх ажилдаа төвлөрдөг.
Өглөө бүр эхлээд календариа нягтална. Зөвхөн өнөөдөр гэлтгүй ойрын нэг сар, заримдаа өмнөх 7 хоногуудаа ч эргэж хараад үлдсэн, хийгдээгүй зүйл байгаа эсэхийг шалгадаг. Би тусдаа “to-do list” хөтөлдөггүй. Бүх ажлаа календарь дээрээ төвлөрүүлдэг. Ингэснээр ямар ч ажил мартагдаж, алга болдоггүй.
Хүмүүс микро менежменттэй захирлуудад дургүй байдаг шүү дээ. Миний хувьд макро, микро аль алиныг нь хийж чадна. Нөхцөл байдлаасаа л хамаардаг. Яг өнөөдөр бол би макро менежер хийж байгаа. Өөрөөр бол манай багийнхан сайн ажиллаж байна гэсэн үг. Микро зохицуулалт хийгээд эхэлбэл улаан гэрэл асаж байна л гэсэн үг. Хэдий макро зохицуулалт хийж байгаа ч 1 чухал зарчим нь итгэ гэхдээ нягтал гэдэг зарчим.

Үүнд би уламжлалт бус зөвлөгөө өгмөөр байна. Ер нь карьераа төлөвлөөд хэрэггүй. Яагаад гэвэл яг төлөвлөсний дагуу байх нь цөөхөн. Миний хүрээлэлд байгаа найз нөхөд, дагаж сонсдог дэлхийн мундаг лидерүүд гээд бүгд өнөөдөр байгаа түвшиндээ яг төлөвлөөд очсон хүмүүс биш.
Ерөнхий төлөвлөгөө нь өөрийгөө дайчлах, хөдөлмөрч байх, шинийг санаачлах гэдэг жанжин шугамаа тогтоох хэрэгтэй. Ерөнхий жанжин шугамаа тогтоочихоор карьерын дунд болон эцсийн цэг дээрээ амьдралын нэгээхэн аялал мэтээр очдог. Эсрэгээрээ “Би тэдэн онд тийм албан тушаалд, тийм компанид орно” гээд зураад эхлэхээр анхаарал нь өөрийн ур чадварт бус өөр зүйлд төвлөрөөд эхэлдэг. Тийм албан тушаалд, тэдэн онд очно гэдэг чинь таны удирдлага доор байхгүй зүйл шүү дээ. Таны удирдаж болох, удирдлага дор байгаа зүйл бол та өөрөө гэдгээ ойлгож, өөрийгөө дайчлах хэрэгтэй.
Надад ч одоогийн бүх албан тушаал, боломжууд маань бүгд санамсаргүй байдлаар ирсэн. Гэхдээ мэдээж хөдөлмөрлөсөн. Хувьдаа боддог зүйл нь боломж гарах үед л бэлэн байх, түүнийгээ ашиглахад бэлэн байх ёстой. Тэгээд л болоо.
Үүний нэг алтан жишээ нь сагсчин Жерими Лин. Замменд суудаг, гэрээ өгдөггүй, 10 хоногийн богино гэрээгээр тоглодог тамирчин байсан ч гэнэт алдартай болсон шалтгаан нь боломжоо хүлээгээд, өөрийгөө дайчлаад л явж байсан нь. Аз болоод нэг өдөр гол тоглогч нь тоглох боломжгүй болоход тэр богинохон 20 минутын тоглолтыг чулуу болгож дэлхий даяар алдартай тоглогч болсон. Тэгэхээр ихэнх тохиолдолд гол нь боломж гарах үед өөрөө бэлэн байх нь чухал.
Мэдээж боломж гарахад бэлэн байхын тулд хэд хэдэн зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт, аль болох туршлагаасаа суралцаарай. Ихэнх хүмүүст ажиглагддаг зүйл нь их ном уншина, подкаст сонсоно, тэгсэн мөртлөө ямар ч үйлдэл байхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь мартчихсан байдаг. Аяллын жишээгээр яривал аль нэг улс руу аялъя гэж бодоод л байвал ид шидээр тэр улс руугаа оччихдоггүйтэй адил цүнхээ бэлдээд, паспортоо аваад, гарах хэрэгтэй. Карьер ч адилхан. Хийж үзэх л хэрэгтэй. Алдахаас айх хэрэггүй. Алдвал алдлаа, сурч аваад л цааш явна. Болдог юм болдгоороо болно гэсэн хандлага хамгийн чухал.
Хоёрдугаарт, хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ суралцаарай. Ном, судалгаанд ихэвчлэн “Өөрөөсөө дээш хүнээс суралц” гэж бичдэг. Гэхдээ туршлагаасаа хэлэхэд, зөвхөн дээд албан тушаалтнаасаа суралцахаас гадна, хажуудаа хамтран ажиллаж байгаа, удирдлага дор ажиллаж буй хүмүүсээсээ ч маш их зүйл сурч ирсэн. Суралцах хүрээ тань зөвхөн дээшээ харсан нэг чиглэлтэй байж болохгүй. Хамт ажиллаж байгаа мэргэжилтнүүд тань маш том сургалт.
Миний хувьд бодит амьдрал дээр ажил, амьдралын тэнцвэр яг 50:50 байх боломжтой гэдэгт итгэдэггүй. Логикоор бодсон ч ач холбогдлоор нь эрэмбэл гэвэл нэг нь дээрээ байна шүү дээ. Хэрэв байдаг гэж үзээд тооцвол, бид нар ажил дээрээ 8 цаг, ажилдаа ирж, очих болон цайны цагаа нэмээд 10 цаг гэж бодъё. Тэнцвэрийг хадгалахын тулд өөртөө болон гэр бүлдээ яг адил 10 цагийг зарцуулахаар 4 цаг унтаж таарах нь ээ. Арифметикаар нэмж, хассан ч балансаа барих боломжгүй гэдгийг харж болохоор. Магад зөв өнцөг нь зорилгоо тодорхойлж, түүндээ тааруулаад хэр жин хуваарилахаа шийдэх хэрэгтэй. Энэ бол сонголтын л асуудал. Зөв, буруу гэсэн юм байхгүй. Онцгой байхыг хүсвэл илүү ажилла. Дундаж байхыг хүсвэл дундаж л ажилла. Харин үр дүнд гомдоллох хэрэггүй.


Сүүлийн үед миний хамгийн их сонсож буй хүн Милтон Фридман хэмээх эдийн засагч. 1976 онд Эдийн засгийн нобелийн шагналыг хүртэж байсан нэгэн. Тэрбээр нэлээн либерал эдийн засагч. Түүний хэлж байсан зүйл яг өнөөдөр Монголд гэлтгүй дэлхий даяараа болж байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн болон компаниудын туулж байгаа зам ерөөсөө өөрчлөгдөөгүй. Технологи нь сайжирсан гэхдээ мөн чанар нь яг хэвээрээ. Түүнээс суралцах зүйл маш их байгаа.
Сүүлийн үед амжилттай гэхээс илүү сонирхолтой үзэл бодолтой хүмүүсийг сонсож, хандлагыг нь ойлгохыг хичээдэг болсон. Жишээ нь, Илон Маскийг сонсохоор яах ч аргагүй тархины эсүүд ажиллаж эхэлдэг. Марк Цукербергийг сонсохоор яг үнэндээ мэдээ сонсож байгаа юм шиг ямар ч мэдрэмж өгдөггүй. Жо Роган байна. Түүний подкастыг сонсохоор тархины эд, эсүүд идэвхжиж байгаа нь мэдрэгддэг. Сонин, сонин санаанууд бодогддог. Түүнийгээ банкны ажил дээр, амьдралд дээр хэрхэн буулгаж болох вэ гэхчлэн янз бүрийн бодлууд орж ирдэг. Бас JPMorgan-н Жэйми Даймонд гээд алдартай банкир байна.
Ер нь л манлайлагч, СEO нарыг сонсох дуртай. Мөн банк, төлбөр тооцоо, уул уурхайн гэхчлэн тухайн салбартаа манлайлж буй компаниудын жилийн тайлан уншдаг. ТУЗ-ын дарга болон Гүйцэтгэх захирлын мэндчилгээнүүд байдаг шүү дээ. Тэндээс чиг хандлагууд нь анзаарагддаг. Юун дээр анхаарч, юун дээр алдав гэдгээ бичсэн байдаг болохоор унших дуртай байдаг юм.
Шууд удирдлаганд 12 захирал байгаа. Яг ХасБанк гэвэл 1,300 хүн байна.

Гаднаас
Дотоодоос
Миний санал болгох номнууд бага зэрэг “sarcastic”, ёожилсон номнууд байгаа. Мэдээж академик номнууд ч уншдаг. Хажуугаар нь амьдралтай ойр, бодит кейстэй уяалдсан ном унших дуртай болоод байгаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.