Бидний эхлүүлж буй шинэхэн контент болох Travel with Lemon Press-н 2 дахь дугаарт тавтай морил. Энэ удаад бид Оюу толгойн гүний уурхай руу аялсан 5 өдөр 4 шөнийн, нийт 1,438 км-н аяллын тэмдэглэлээ хуваалцаж байна.
1,350 метрийн гүний доор
Өнгөрсөн 3-р сард Оюу толгойн гүний уурхай нээлтээ хийснээр Монголын уул уурхайн салбар нэг шат ахих боломж бүрдсэн. Тус уурхай нь Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80%-ийг ашиглах гүүр болж ирээдүйд Оюу толгойг дэлхийд 4-т эрэмбэлэгдэх том уурхай болох боломжийг бүрдүүлнэ гэхээр хэр үнэ цэнтэй төсөл вэ гэдэг нь ойлгогдох биз ээ. За одоо шууд гүний уурхай руу марш!
Хэрвээ та гүний уурхай руу орохоор болбол юун түрүүнд заавал мөрдөх олон төрлийн дүрэм болон хамгаалах хэрэгслийг хэрхэн ашиглах, байнгын болон зөөврийн хоргодох газрын байршил зэрэгтэй танилцана. За тэгээд л байршил тогтоогчтой малгай болон бусад хэрэгслээ өмсөөд хорт утаа тархсан үед зүүх 1.8 кг жинтэй төмөр багийг бүсэндээ бэхлээд 1,350 м-ийн гүн рүү бууна шүү дээ.
Гүнээс гадарга руу
Одоо Оюу толгой Blue Sky-г 12 давхарласан хэмжээний газрын гүнд олборлолт хэрхэн хийдгээс эхлээд газрын гадарга руу гаргах хүртэлх үйл явцыг тайлбарлая.
Ил уурхай
Ил уурхайн тухайд Өмнөд Оюутын бүлэг ордуудыг ил уурхайн аргаар олборлох бөгөөд хамгийн анхаарал татсан зүйл нь хүдрийн биет зөөдөг өөрөө буулгагч гэх хүнд даацын машин байв. Тус машины өөрийн жин нь 200 тн бөгөөд 1 явалтаар 300 тн хүдрийн биет зөөвөрлөх хүчин чадалтай аж. Нийлээд 500 тн гэхээр галзуу байгаа биз?
Говийн Оюу сан
Уг нь бол бидний эхний маршрут Өмнөговь аймаг дахь Оюу толгойн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах байсан ч догдлоод гүний болон ил уурхайгаас эхэлсэн шүү. Үргэлжлүүлээд, Өмнөговь дахь Говийн оюу сангаар 1 жилд дамжиж буй мөнгөн урсгал өдгөө ₮21 тэрбумд хүрээд буй. Энэ нь Өмнөговь аймгийн 2008 оны төсвийн орлогоос ₮8 тэрбумаар их дүн юм. Харин өнгөрсөн онд бол тус аймгийн төсвийн орлого ₮375 тэрбумд хүрсэн байдаг. 14 жилийн дотор 28.8 дахин нугарсан байдаг шүү. 😲 Юу нөлөөлөв?
За тэгээд, Оюу толгойн байгаль орчны баг хэрхэн ажилладаг, Ханбогд суманд ирэх 5 жилд хийгдэх $50 саяын хөрөнгө оруулалт, нөлөөллийн бүсэд байгаа малчдад өгдөг нөхөн олговор гээд бичээд л байвал бичээд л байх шинжтэй тул аяллын тэмдэглэлээ энэ хүрээд дуусгая.
Жич: "Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв" гэдэг шиг бидний Оюу толгойтой хийсэн аялал эзгүй говьд ч автобусны хурд 80 км-ээс хэтрэлгүй явсаар Ханбогд суманд очсон юм даа. Энэ мэтчилэн дүрэм журмаар дүүрэн аяллын тэмдэглэл маань сонирхолтой байсан гэж найдъя. 😄
Жичийн жич: Энэхүү аяллыг Оюу толгой Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан бөгөөд тус аяллаас сэдэвлэн бичсэн болно. Нийтлэлийн агуулга нь манай редакцын бодлогын дагуу хараат бус бичигдэв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.