Томоохон төсөл, компаниудад бизнес процесс менежментийн үйлчилгээ үзүүлэгч БиПиСолюшн ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ж.Ням-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр бизнес процесс менежмент, дахин загварчлал, процесс сайжруулалт, автоматжуулалтын олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай мэргэжилтэн юм. Олон улсын “Certified Business Process Management” (CBPP) батламжийг авсан Монголын анхны бөгөөд ганц мэргэжилтний хувьд тэр дотоодын бизнесийн салбарт процесс суурьтай соёлыг түгээж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Бизнес процесс менежментийн тухай ойлголтыг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж буй туршлагатай мэргэжилтний хувьд та юун түрүүнд ач холбогдол, үнэ цэнийг нь тодорхойлно уу.
-Миний хувьд Хятад улсад магистрт суралцаж байх хугацаандаа Монголд төдийлөн танигдаж амжаагүй байсан бизнес процесс менежментийн ухаан нь олон улсад хөгжлийн төлөвшлөө хэдийнэ олчихсон, бизнес, компаниуд үр ашгийг нь ойлгодог, үр дүнг нь гаргадаг болчихсон байгааг судалж мэдсэн. Учир нь явахаасаа өмнө энэ чиглэлээр ажиллаж байхдаа Монголын компаниуд, хүмүүс энэ салбарыг ойлгодоггүй гэдгийг нь маш сайн мэдэрч байсан юм. Тиймээс буцаж ирээд БиПиСолюшн компаниа үүсгэн байгуулсан.
"Үндэсний компаниудын хувьд илүү томорч, үйл ажиллагаагаа тэлэхэд процесс суурьтай менежментийг зөв хийх нь маш сайн дэмжлэг болно".
Ямар нэгэн компанид ажиллаад байвал зөвхөн тэр газрынхаа л бизнес процессыг сайжруулна. Харин өөрөө компани байгуулаад ажилласнаар илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой шүү дээ. Өдгөө бүгд л дижитал шилжилтийн тухай ярьж байна. Бизнесүүд үүнийг үр дүнтэй хийхийн тулд хамгийн түрүүнд процессоо л сайжруулсан байх ёстой. Бид үүнийг л таниулахыг зорьж байна.
-Бизнес процесс менежмент, сайжруулалт, дахин загварчлал болон роботик процесс автоматжуулалтын үйлчилгээг ямар төрлийн компани авбал илүү үр дүнд хүрэх боломжтой вэ?
-Бизнес процесс менежмент нь компанийн том жижиг, хэдэн ажилтантай байхыг үл харгалзан бүгдэд сайжрах, илүү томрох боломжийг олгодгоороо онцлог. Манай компанийн хувьд банк, даатгал, эрчим хүч, бизнесийн томоохон групп компаниудтай хамтран ажиллаж байна.
-Компаниуд бизнес процесс менежментийг хийлгэснээр ямар давуу тал үүсэх боломжтой байдаг вэ?
-Бизнес процесс менежмент гэдэг нь… Товчхондоо тухайн байгууллагын стратегийн зорилго, зорилтыг маш хурдан хугацаанд, хамгийн бага эрсдэлтэйгээр хэрэгжүүлэхийг дэмжихийг хэлж байгаа юм.
Хамгийн чухал нь компаниуд бизнес процессоо сайжруулснаар:
Гаднаас нь харахад маш сайн компани мэт боловч дотор нь ороод үзэхээр процесс нь эмх замбараагүй, ажилтнууд нь идэвхгүй болсон, хүн тогтдоггүй, харилцагчдын гомдол санал их, алдаа дутагдал их гардаг зэрэг асуудал их байдаг. Зөвхөн захирал нь эсвэл удирдах түвшний хэн нэгэн нь ирж байж л ажил явдаг болчихсон байдаг.
"Бизнес процесс менежментийн үр дүнд компани бүтэн процессоо хараад үр ашиг өгч буй гол процессуудаа ялгаж харах боломжтой нь хамгийн том давуу тал".
Өөрөөр хэлбэл, бид тэдний стратегийн зорилтоос эхлээд нэг нэгжээс гараад нөгөө рүү дамжиж, эцэст нь харилцагчид хүрдэг олон шатлал бүхий бүх процессыг нийтээр нь хараад бизнесийн бүтэн загварчлалыг хийдэг.
Цаашлаад танай байгууллага нийтээрээ бүх процесс нь стратеги зорилготойгоо нийцэж чадаж байна уу, бие биетэйгээ уялдаж байна уу гэдгийг харуулах зорилготой. Энд тухайн байгууллагын соёл, удирдлагын баг, процессууд, үүнийг нь гүйцэтгэж байгаа ажилтнууд, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж буй систем, технологиудын холбоо хамаарлыг мөн тогтооно. Мөн байгууллагын хэмжээнд ажилчдын урамшуулал, үнэлгээ, гүйцэтгэлийн систем нь хэр төлөвшсөн байна вэ гэдгийг хүртэл нарийн тооцоолж болно.
Эцэст нь, бизнес процесс менежментийг хэрэгжүүлснээр харилцагч, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, байгууллагын үр ашиг нэмэгддэг, зардал буурдаг, чанар өсдөг.
-Таны өмнө дурдсан дижитал шилжилтийн тухайд ганц Монголд биш дэлхий даяар л идэвхтэй өрнөж байгаа зүйл. Ер нь олон улсын компаниуд дижитал шилжилтийг хийхдээ бизнес процесстоо хэрхэн анхаардаг юм бэ?
-Олон улсад яг одоо роботик процесс автоматжуулалт буюу технологид суурилсан шийдлүүд трэнд болж байна. Өөрөөр хэлбэл, тэд технологид суурилан менежментийг ухаалгаар хийгээд эхэлчихсэн. Монголын хувьд уламжлалт бизнес процесс менежментийн ухаанаар явахад хэдийнэ хоцорсон гэсэн үг. Тиймээс ч бид үүсгэн байгуулагдсан цагаасаа энэ трэнд рүү дөхөж ажиллахын тулд RPA, BPMS системийг нэвтрүүлж, тэднээс хоцрохгүй байхыг зорьж байна.
"Олон улсад дижитал шилжилтийг хийсэн компаниудын 80% нь бүтэлгүйтдэг гэсэн судалгаа байдаг".
Яг юунаас болж байна вэ гэхээр,
Тэгэхээр,
"Дижитал шилжилтийг зөвхөн техник технологио шинэчлээд л хийчихнэ гэдэг буруу ойлголт".
Тиймээс шууд систем, технологийг нэвтрүүлэхээсээ өмнө процессоо сайжруулаад дараа нь үүнтэйгээ тохирох автоматжуулалтыг нэвтрүүлбэл илүү үр дүнтэй гэж хэлмээр байна.
-Компанийн хувьд үүсгэн байгуулагдаад удаагүй ч Монголын бизнесийн салбарт тэргүүлэх групп, компаниудтай хамтран ажиллаж буй. Цаашид та бүхэн юунд зорьж байна вэ?
-Бид одоогийн байдлаар дэвшилтэт технологид суурилсан шийдлээр үндэсний компаниудын процессыг сайжруулж, автоматжуулж байна. Мөн манай компани нь Монгол дахь ABPMP chapter буюу Бизнес процесс менежментийн мэргэжилтнүүдийн холбоог хамтран үүсгэн байгуулаад байна. Цаашид тус холбоогоор дамжуулан бизнес процесс менежментээр мэргэших сонирхолтой компани, хүмүүсийг бэлдэхээр төлөвлөж байгаа.
"БиПиСолюшн урт хугацаандаа ухаалаг бизнес процесс менежментийг нэвтрүүлэгч, дотоодын зах зээлд BPM брэндийг таниулсан компани болохоор зорин ажиллаж байна".
-Одоо компаниудад тулгарч буй гол асуудал нь юу байна вэ? Бизнес процесс менежменттэй холбоотой сайжруулах, шийдвэрлэх боломж шийдлүүдийг та хэрхэн харж байна вэ?
-Олон нийтэд бизнес процесс менежментийн ойлголт дутмаг хэвээр байна. Зарим нь буруу ойлголттой. Тиймээс бидний эхний зорилго бол бизнес процесс менежментийн тухай ойлголтыг компаниудад ойлгуулах.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компани бизнес процессын дахин загварчлал эсвэл процесс сайжруулалтыг хийхдээ зөвхөн нэг удаа л сайжруулаад орхичихдог. Гэтэл бизнес процесс менежмент нь тасралтгүй үргэлжлэх ёстой дотроо маш олон арга, аргачлалыг багтаасан менежментийн арга ухаан юм. Аливаа нэг сайжруулалт, шинэчлэлтийг хийхдээ бүтэн процессоор нь харж мөн чанараар нь сайжруулж байж л бодит үр дүнд хүрэх боломжтой шүү дээ.
Цаашлаад, процессын гүйцэтгэлээ тогтмол хянан шаардлагатай үед нь сайжруулж, шинэчлээд явбал компани өрсөлдөх чадвараа хадгалж үлддэг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.