
Оросын Статистикийн Алба (Росстат)-ны мэдээллийн сан хакердуулж, Украины дайнд амь үрэгдсэн орос цэргүүдийн бодит тоо 500 мянга орчимд хүрсэн тухай мэдээлэл гарчээ. Тэгвэл яг юу болоод байгааг харцгаая.
🔎 Хэн хакердсан бэ?
Беларусын сөрөг хүчний дэмжлэгтэй Cyber Partisans болон Украины Silent Crow хакерын бүлэглэлүүд энэ оны 11-р сарын эхээр Росстатын дотоод сүлжээнд нэвтэрч, нас барсан 11.6 сая гаруй хүний мэдээллийг хулгайлжээ. Ингэхдээ эдгээр бүлэглэлүүд уг мэдээллийг Bloomberg, The Guardian, Mediazona зэрэг томоохон хэвлэлүүдэд шилжүүлсэн аж.
🪓 Том асуудал
Кремль дайны эхний саруудаас хойш цэргийн хохирлын тоог төрийн нууцад хамруулж, нас баралтын сар тутмын статистикийг нийтлэхээ больсон. Уг хакерын халдлагыг Оросын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн ч мэдээлэл алдагдсаныг үгүйсгээд байна. Оросын хувьд амь үрэгдсэн цэрэг бүрийн ар гэрт холбооны болон орон нутгийн төсвөөс ойролцоогоор $55-$130 мянгын нэг удаагийн нөхөн олговор олгодог аж. Тооцооллоор, зөвхөн уг нөхөн олговорт улсын төсвөөс нийт $30-$80 тэрбумыг зарцуулжээ..
Эцэст нь… Олон жил үргэлжилж буй уг дайнд Монгол иргэд ч болгоомжгүй байдлаасаа болж татагдан оролцох тохиолдол гараад байна. Саяхан Гадаад харилцааны яамнаас энэ тухай анхааруулсан бөгөөд сүүлийн мэдээллээр Орост цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэн байгааг мэдээлжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.