
Хотын дарга “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа. Энэ жил 102 жилийн ойгоо зодоглож буй өнөөгийн нийслэлийн Z үеийнхэн ухаан орсон цагаасаа л утаа, түгжрэл хоёртой дассан. Өнгөрсөн 10 жилд амьсгалын замын өвчлөл 2.7 дахин нэмэгдсэн гашуун тоо бидний бодит байдал болсон билээ. Харин шинэ амлалтууд энэ бүгдийг өөрчилж чадах уу?
🚘🚘 Түгжрэлийг бетоноор бус, бүтцээр
Түгжрэлийн эсрэг 158.8 км шинэ зам, 5 олон түвшний уулзвар, Метро, Трамвай, "Sky Shuttle" зэрэг амлалтууд хөвөрлөө. Мөн сургуулиудын төвлөрлийг сааруулах гэнэ. Дэлхийн банк ба АХБ-ны санхүүжилтээр 84 сургууль барьж, 1-р сургуулийн салбарыг хотын зах руу шилжүүлэх аж.
😤 Агаарын бохирдол: 50.5%-ийн амлалт
Бохирдол ихтэй гурван бүсийн 73,862 өрхийг хий болон нарны системд шилжүүлж, 273 уурын зуухыг халснаар утааг 50.5% бууруулна гэв. Олон улсын байгууллагаас $400 саяын ногоон санхүүжилт татаж, Багануурт Нүүрс пиролизийн үйлдвэр барина л гэнэ.
🙂↔️ Гоё мөрөөдөл гэхдээ…
Энэ онд нийслэлийн төсвийг 2 удаа тодотгон нэмж ₮7.8 их наядад хүргэсэн. Энэ бол дөрөвхөн жилийн өмнөхөөс 11 дахин өссөн дүн. Замбараагүй өсөлт гэж үүнийг л хэлнэ. Нэмээд алдагдал, өр, зээл нь ч талийсныг сонсголоор ч хүртэл баталсан. Засаглал нь ч хүртэл асуудалтай. Энэ нөхцөл байдал олон жил үргэлжилж, солигдсон дарга бүр нь гоё нэртэй бодлого, төсөл танилцуулдаг ч үр дүн алга.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.