МАК аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг хэлэлцэх MAKBM арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жил сэргээгдэх эрчим хүч, ногоон үйлдвэрлэлийн хөгжлийг түргэсгэхэд тулгарч буй сорилт, боломжуудыг онцлон хэлэлцэх аж. Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх “Барилгын материалын үйлдвэр технологийн парк”, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны “MAK Евро Хаус” төслөө олон нийтэд танилцуулах юм.
Монголд аж үйлдвэрийн салбараа хурдацтай хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Учир нь, нэгдүгээрт Монголын эдийн засгийн нөхцөл байдал уул уурхайн салбараас шууд хамааралтай. Хоёрдугаарт, үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй тул импортын хараат байдал их. Тиймээс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж буй МАК Төв аймгийн Сэргэлэн суманд “Барилгын материалын үйлдвэр технологийн парк” байгуулахаар ажиллаж байна. Тус компани нь одоогийн байдлаар эх орондоо дэлхийд тэргүүлэх Европ стандартын 7 үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж буй. Энэхүү аж үйлдвэрийн паркийн төслийн хүрээнд файбер цементэн хавтан, уут шуудай, цемент тээрэм, хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.
Үүгээр ч зогсохгүй, аж үйлдвэрийн салбарын хөгжилд эрчим хүчний хомсдол ихээхэн нөлөөлдөг тул өөрийн харьяа үйлдвэр, уурхайн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээр Хятадын Huawei Technologies компанитай хамтын ажиллагаа эхлүүлжээ. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах МАК Цемент үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний 40% хүртэлхийг хангах 48 МВт.цаг/19.2 МВт-ын батарей хуримтлуур бүхий 19.7 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулаад байгаа аж.
Мөн МАК эх орондоо Европ стандартын дагуу үйлдвэрлэж буй барилгын материалуудаар барьсан дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй “МАК Евро Хаус” амины орон сууцны төслөө танилцууллаа. Тус компанийн үйлдвэрлэж буй блок, асгамал дулаалга, цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүн нь барилгын дулаан алдагдлыг бууруулах дэвшилтэт технологиор хийгдсэн тул манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой юм.
Барилгын нийт зардлын 70%-80%-ийг барилгын
материал эзэлдэг. Иймд МАК өөрийн үйлдвэрлэдэг 10 төрлийн барилгын
материал болон хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлттэй үнээр
нийлүүлэх юм. Нийт 4 төрлийн
орон сууцны төсөл танилцуулсан бөгөөд эдгээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон
сууцаас захиалах иргэдэд ХААН Банк (KHAN), ХасБанк (XAC), Голомт банк (GLMT), Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны
хөнгөлөлттэй, ногоон зээлд хамрагдах боломж олгож буй.
Эх сурвалж: МАК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.