Олон улсын хамгийн нөлөө бүхий судалгаануудын нэг Дэлхийн тэгш бус байдлын судалгаа танилцуулагдсан даруйд бид хэд нь барьж аваад тоймлочихлоо. Тайлангийн онцлох үзүүлэлтүүдээс:
Баялгийн тэгш бус хуваарилалт
Дэлхийн нийт хүн амын 10%-ийг баян, 40%-ийг дундаж, 50%-ийг ядуу иргэд эзэлж байна. Дээрх 10% болох баячууд дэлхийн нийт орлогын 52%-ийг бүрдүүлдэг бол 39.5%-ийг дундаж орлоготой иргэд, харин үлдсэн 8.5%-ийг ядуу иргэд бүрдүүлдэг ажээ. Дэлхийн орлогын тэгш бус байдал 1820-1910 онд барууны ноёрхол, колоничлолын эзэнт гүрний үед улам нэмэгдэж, 1910-2020 онд өндөр түвшинд хүрчээ. Гэвч 1980 оноос хойш улсуудын дотоод тэгш бус байдал буурч эхэлснээр дэлхийн үзүүлэлттэй харилцан тэнцвэржиж эхэлжээ.
Цөөнхийн гарт төвлөрсөн эдийн засаг
Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад энэ жил 2,755 тэрбумтан багтсан бөгөөд тэдний хөрөнгө $13.1 их наяд болжээ. Тайланд дурдсанаар нийт хүн амын ердөө 0.01% нь дэлхийн нийт баялгийн 11%-ийг эзэмшиж байгаа аж. 1995 онд л 6.8% байсан гээд бод доо. Тэдгээр 0.01%-д 520 мянга гаруй насанд хүрэгчид багтаж байгаа ба дор хаяж нэг өрх $19 саяас дээш хөрөнгөтэй гэнэ. Энэ 0.01%-ийн ангилалд багтаж буй хүмүүс тэрбумтнууд дотроо хамгийн баян нөхдүүд нь л гэсэн үг. Харин энгийн тэрбумтнууд нийт баялгийн 3.5%-ийг эзэмшиж байна.
Дэлхийн хөдөлмөрийн орлогод эмэгтэйчүүдийн эзлэх хувь
Эмэгтэйчүүд 1990 онд дэлхийн нийт хөдөлмөрийн орлогын 31%-ийг бүрдүүлж байсан бол 2015-2020 онд 35%-руу дөхөж иржээ. Харин эрчүүд үлдсэн 65%-ийг бүрдүүлж байна. Бүс нутгаар нь авч үзвэл Азийн орнуудын эмэгтэйчүүд хамгийн бага буюу 21%-ийг л бүрдүүлдэг аж.
Эцэст нь, энэхүү судалгаа нь дэлхийн нийт хүмүүсийн эрх тэгш байдал, ил тод байдлыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй бөгөөд 2000 оноос хойш хийгдэж буй олон улсын 100 гаруй судлаачдыг нэгтгэсэн томоохон судалгаа аж. Манайд ч бас яг ийм судалгаа хийгдвэл ч болоод явчихлаа шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.