
Нүүрс, зэсээ зарж голоо зогоодог бидний эдийн засаг түүхий эдийн үнээс бараг шууд хамааралтай. Тэгвэл Fitch Ratings-н гаргасан үнийн төсөөлөл тийм ч таатай дүр зураг харуулсангүй.
🌊 Түр зуурын давлагаа
Геополитикийн шок болон нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалан түүхий эдийн үнэ 2026 онд түр өсөөд, 2027 оноос дунд ба урт хугацаанд байнга буурах зураглалтай байна. Энэ нь 2026 онд Монгол Улсын экспортын орлого богино хугацаанд тэлэх хэдий ч 2027 оноос эхлэн төсвийн орлого үлэмж хэмжээгээр буурах, тасалдах бодит эрсдэлийг сануулж байна.
‼ Нүүрсний орлогын асуудал
Эрдэнэс Тавантолгой болон бусад нүүрсний компаниудын орлогын тулгуур болох коксжих нүүрсний үнэ 2026 онд $220 байгаа бол 2027 онд $190, дунд хугацаанд $180 болж 18.1% буурна. Австрали болон Хятад дахь олборлолтын доголдол арилж, зах зээл тогтворжих тусам нүүрсний экспортын болон татварын орлого буурна. ЭТТ-н орлого багасвал 1072 хувьцааны ногдол ашигт ч нөлөөлнө гэсэн үг.
🔑 Алт ба төмрийн хүдрийн огцом уналт
Монголбанкны валютын нөөцийг зузаатгадаг алтны үнэ 2026 онд $4,500 орчимд байхаар байгаа бол 2027 онд $3,800, дунд хугацаанд $2,300 болж бараг 50% унахаар байна. Мөн төмрийн хүдрийн үнэ $100-оос 25% буурах нь ээ.
Эцэст нь… 2026 оны түр зуурын өндөр үнэд дулдуйдан төсвийн зарлагыг хэт тэлбэл, 2027–2029 онуудад төсвийн орлого огцом буурч, төсвийн алдагдал гүнзгийрэх аюултай байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.